Согтуудаа жолооны ард сууж 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтсон иргэнийг орон нутгийн Онцгой байдлын албаныхан буулган авчээ.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Уранмандал” гэдэг газар Хясааны дээр 3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 12:35 цагт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уранмандал” уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг аюулгүй болгож, амь насыг нь хамгаалсан байна.
Тухайн жолоочийг аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгчээ.