Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болжээ.
Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийг төрөөс иргэнд өгсөн. Гэвч бүх төрлийн ТҮЦ машин, киоск, И-Монголиа системээр таниад эдгээр баримт бичгийн хуулбарыг авч байхад нотариат үүнийг дахин баталгаажуулаад байгаа нь зохимжтой биш гэдгийг иргэд хэлж байна.
Үүнийг таслан зогсоох зорилгоор Нотариатчидын танхимтай зөвшилцсөний дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу e-Mongolia-гаар дамжуулан авдаг лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй боллоо" гэж олон нийтэд мэдээллээ.
Дашрамд, төрийн байгууллага, албан хаагчид эдгээр лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар батлуулах шаардлага тавивал 11-11 төвд мэдэгдэхийг зөвлөв.