Энэ оны дөрөвдүгээр сараас зогсоогоод байсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг дахин эхлүүлэхээр болсон тухай Сангийн сайд мэдээлсэн билээ. Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсээс "2022 оны есдүгээр сард худалдан авалт хийж бүртгүүлсэн баримтуудаар аравдугаар сард НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг явуулна" хэмээн мэдээлэв. Тиймээс иргэд энэ сард худалдан авалт хийсэн баримтуудаа и-баримт системд бүртгүүлэх шаардлагатай юм байна.
Ингэхдээ урамшууллын сугалааны тохирлын шинэчилсэн хувилбараар явуулах тул иргэд олон баримт бүртгүүлэх тусам хонжворийн хэмжээ өсөх аж. Мөн хонжворын тохирол явагдаж байгааг гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлэх гэнэ. Өмнөх хугацаанд явуулсан сугалааны тохирлоор 1.6 сая хүн нийт 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байжээ.