x

Монголын “топ” яруу найрагчид

Олхонуд Д.Баярхүү хэ­мээгч эрхэм “Цаг төр” сэт­гүүлд бичсэн нийтлэлдээ “Урлаг, утга зохиол нь хөгжиж байгаа орон сөнөдөг” хэмээн айлджээ. Тэр эрхмийнхээр бол, манай урлаг, утга зохиол маш сайн түвшинд хүрчи­хээд, чухам түүнээс болоод л төр засгийн эрхэнд байгаа нөхөд маань мангуурч, хамаг хөрс шороогоо сэндийчиж гол мөрдөө ширгээж, авлига шу­налд автаж, ард түмнээ туйл­дуулаад байгаа бололтой юм аа.

“Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж нэг айхтар голч үг бий. Урлаг, утга зохиолыг мэргэжлийн түвшинд нь хар­даг хүнд бол манай соёл урлаг улсаа сөнөөхөд хүрт­лээ айхтар хөгжсөн юм даанч байхгүй. Долоо хоног бүр нийтийн дууны шинэ хит гараад, орой бүр хошин шоу тоглогдоод, энд тэнд тайзны шүлэгчид концерт тоглоод байхаар Д.Баярхүү гуай урла­гийн хөгжил оргилдоо хүрч байна гэж ойлгосон бололтой. Харамсалтай нь, доод масст зориулагдсан, мөнгөний шоу л олшроод байгаагаас биш, жинхэнэ урлаг маань ёстой л сөнөчихөөд байна. Тэгээд ч хэрэв зээ дээд урлаг маань хөгжиж байсан сан бол, юун улсынхаа нүүр царайг гутаах, харин ч сэндийлж хаясан газар шорооноос илүү Монго­лын нэрийг дэлхийд мандуу­лах байлаа. 

Нийт урлагийнхаа хам­таар утга зохиол маань ч “нийтийн дуу”-ны түвшин рүү доошилсоор, сүүлдээ хэн хаана явааг ялгаж салгадаг ч хүнгүй болжээ. Үүнийг далим­дуу­лаад зарим нэг нь (энэ удаад нэрийг нь дурдаад төвөг үү дээ):

-Би бол Нацагдорж, Явуу­хулан хоёрын дараа Монгол­доо гуравдугаарт ордог яруу найрагч! хэмээн гадаадын судлаачдад өөрийгөө танил­цуулж сурталчлахад хүрсэн байна. Бид уран зохиол огт хэрэггүй зүйл гэх маягийн юм номлож мэдэмхийрцгээсээр байгаад сүүлдээ ямар нэгэн сайн дурын шүлэгчид өөрий­гөө ингэж цоллож болдог хэм­жээнд хүртлээ манай утга зохиол дампуурчээ. Уг нь бид боломжийн яруу найрагтай, бас ч муугүй утга зохиолтой улс. Гэтэл хэн хэн гээч шил­дэг яруу найрагчидтайгаа ярьж сурталчилдаггүйгээс, нэг мэдэхнээ, ганц ч олигтой шүлэг бичээгүй хүн Инжан­нашитай эн зэрэгцчихсэн “тууж” явах янзтай.

Тамирчдыг дүгнэдэг шиг яруу найрагчдын чансаа гар­гах нь ч юу юм бэ, гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, Монголын “топ” хэ­мээн зарлаж болох, эх хэл­нийхээ хөгжилд онцгой нө­лөөлсөн яруу найрагчид ма­найд бий, бүтээлүүд нь ч нэгэнт олны хүртээл болоод удаж шүү дээ. Тиймээс энэ удаагийн Дэлхийн яруу найр­гийн өдрөөр Монголынхоо тэргүүн зэргийн найрагчдыг нэрлэмээр байна. Гэхдээ ямар үндэслэлээр ийм санал дэвшүүлэхэд хүрснээ бага сага тайлбарлах бодолтой буй тул, сонины нийтлэлийн зай багтаамжид хичнээн хүний нэр зохирч таарахыг басхүү харгалзъя.
      
      1.Дашдоржийн Нацагдорж
Одоогоор мэдэгдээд буй хамгийн эртний дууны үг Нийтийн тооллын өмнөх II зуун хавьд хамрагддаг гээд бодохоор монгол аман яруу найргийн түүхэн замнал до­тор Нацагдорж харьцангуй шинэ үеийн хүн. Гэхдээ англи бичгийн яруу найраг хагас мянгаад, орос бичгийн яруу найраг 200 гаруй жилийн түүхтэй гээд бодоход, манайд бүрэн гүйцэд төлөвшөөд 100-аад л жил болж буй бичгийн уран зохиолд бол Нацагдорж анхдагчуудын нэг байлгүй яахав. Гэхдээ анхдагч бич­гийн яруу найрагч гэдэг утгаар нь Монголын №1 гэж үзсэн хэрэг огт биш ээ.

“Миний нутаг” шүлгийг бид цөм мэднэ. Аман уламж­ла­лын халил болсон, бичгийн яруу найраг. 
Холхи газраас гялалз­сан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хө­дөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хүний сэтгэл тэний­сэн уудам амьсгалт та­лууд…

Монгол хүний язгуур сэт­гэлгээнд л буух, тэр утгаараа манай үндэсний соёлын дарх­лаа болсон мөрүүд. “Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдам” гэдэг шад дээр ан­хаарлаа хандуул даа. Тэнгэр цэлмэх үзэгдлийг Нацагдорж тэнүүн тал нутагт хамаа­туулжээ. Ийм дүрслэлийн дараа цайдам хээрийн орон зай хязгааргүй тэлж, “сэтгэл тэнийхээс” ч өөрцгүй уудам болж мэдрэгдэж байна. 

Нацагдорж бол сэтгэлээ тэмтчин уудалж чаддаг най­рагч. Түүний “Нууц янаг” шүлэгт:
Эгшин зуур боловч,
Түмэнтээ бодогдох бө­гөөд
Хэзээ ба хаана гэж

Өчүүхэн хоёр зүрх нь өвдөнө гэсэн бадаг бий. Нэгэн эгшний дотор л түмэн удаа хайртаа бодох. Хэзээ учрах бол, тааралдах ерөөл бий болов уу хэмээн зүрх нь шимширч өвдөх. Ийм мэд­рэмжийг амсаад, түүнээ “бус­дад халдварлатал” илэрхий­лэх урлагийг л яруу найраг гэж нэрлэдэг билээ. Өөр нэг шүлэгт нь:
…Өрөвдөлтэй сэтгэл нэгэн ямхын хооронд тул

хоосон агаар л нэвт үнсэлцэнэ… хэмээсэнд уч­рал ба хагацал гэж юу боло­хын зааг тусчээ. Ердөө “хоо­сон агаар л үнсэхээс” өөр хувь тохиолгүй “өрөвдөлтэй сэт­гэл”-ээс хүн төрөлхтний ихэнх сор яруу найраг мэн­дэлсэн нь нэгэнт батлагдсан үнэн.

Нацагдоржийн жинхэнэ суут туурвил бол “Дөрвөн цаг” хэмээх мөчлөг шүлгүүд юм. Энэ шүлэгт ирж буй цагийг:
…Хөхөрсөн мод цэцэг­лэж хүүхэд багачууд наа­да­хад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.
…Эелдэг урьхан амьс­гал ариухнаар үнэртээд

Эрт эдүгээг бодог­дуу­лан нуугдсан сэтгэлийг сэр­гээнэ… гэж зуржээ. Үгийн амьд найрслаас гадна утгын гүнзгийрэл нь хосгүй. “Хөгшин хүн эргээд залуу болчих мэт” сэтгэгдэл бол хавар цаг,сэт­гэ­лийн буланд мартагдаж нуугдсан бодол өөрийн эрхгүй сэргэж бодог­дох үе бол хавар цаг гэж ийм энгийн бөгөөд уран монгол хэлээр гагц На­цагдорж л хэлнэ. Намрын тухай шүлэг нь бүр ч гайхал­тай:

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүү­сийн сэтгэл бөн бөн бөм­бөрнө.
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

Энэ бол манай яруу найр­гийн оргил, дээд ололт. Мөр бүрийг уншаад гүйцэхэд сэт­гэ­лийн дотор намрын салхи сэвэлзэж, гунихын хамтаар амьдрал гэж ямар сайхан зүйл болохыг гэнэт олж харах шиг болдог. Яруу найраг хэ­рэг­гүй гэж боддог хүмүүс нэгэн цагт тэсвэрлэшгүй зовлонд унавал түүнээ яаж давах юм бол доо? Сайхан шүлгийн ганц бадаг цээ­жилс­нийхээ хүчээр хүмүүс шорон, цөллөг, дарлал доромжлолыг давж гарсан өчнөөн олон жишээ байдаг. Тиймдээ ч яруу найргийн үнэ цэн хосгүй билээ. 

Энэ шүлгээ Нацагдорж амьдралыг гүн ухаанчаар харсан, бас нэгэн гайхамшигт бадгаар төгсгөсөн нь бий. Ийм үгсийн гүнд л жинхэнэ тайвш­рал, жинхэнэ ухаарал, жин­хэ­нэ хөгжил дэвшлийн үндэс байдаг буй за:

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө.
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүү­хэн ч чөлөө завгүй.
Ийм учраас л би На­цаг­дор­жийг Монголын тэргүүн зэргийн яруу найрагч гэж үздэг. Олон хүн санал нийлэх байх аа.

      2.Ванчинбалын Инжаннаш
Инжаннашгүйгээр монгол бичгийн яруу найргийн тухай саналтгүй, Нацагдоржид ч Инжаннашийн нөлөө маш их анзаарагддаг. Яруу найргийн мөн чанарт нэвтэрснийхээ хувьд тэрээр XIX зууны үеийн бусад нэрд гарсан шүлэгч­дээс (тухайлбал, Равжаа болоод “хуульч” Сандагаас) илэрхий дээгүүр түвшинд хүрсэн байв.

Гэхдээ энд Инжаннаш гэдэг нэгэн нэрийн дор тэдний гэр бүлийн яруу найргийн сургуулийг онцгойлууштай. Өвөрлөгч тайж Ванчинбалын дөрвөн хүү 

Орчлонгийн хүмүүнд уярал, баярлал, хамтдах, хагацах буй болсноор
Огторгуйн саранд гэ­гээн тунгалаг, дүгрэг хэл­тэр­хийн учир бүрдвэй… хэмээн бичиж асан ууган Гүлрансаас эхлээд цөм XIX зууны гоц шүлэгчид байсны төгс дүр нь отгон Инжаннаш юм. Эдгээр ахан дүүсийн яруу найргийн гол онцлог нь сайтар цэгцэрсэн бичгийн хэл, нарийн мэдрэмж болно.

Өглөө хийсэх хатсан навчийн чимээ
Өнчрөн суух даяаны хү­мүүнээ тодорхой гэсэн Ин­жаннашийн шад шүлгээс бя­сал­галын чанд мөн чанар танигдана. Хорвоог сэрж, түүний өнгө авиа бүрийг мэд­рээд, тэр л мэдрэмжээ үгээр илэрхийлэхдээ дотоод сэтгэ­лийнхээ баяр гунигийг дайн явуулж чадваас тэр сая шүлэг болдог. Энэ талдаа Инжаннаш гоц байв.

Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
Хөх үүлэн салхинаа хөр­­вөх мэт… хэмээхдээ тэрээр өөрийн мэдрэмжийн уран, гүнийг гайхуулсан агаад сал­хинд хөрвөх үүлсийн гоёыг бахдан биширснээ яруу найр­гийн мөн чанартай хол­бо­сон хэрэг. Монголын яруу найр­гийг Нацагдорж хэмээх хан сувдан шигтгээ бүхий нэгэн бөгжтэй зүйрлэвээс Инжан­наш, түүний ах нарын шүл­гүүд тэр л сувдын дөрвөн этгээдэд суулгасан бяцхан очир алмаазууд гэлтэй. Тий­мээс Гүлранс, Гүннацаг, Сүн­вэйданзан, Инжаннаш энэ дөрвөн найрагчийг залуучууд заавал мэддэг байх нь чухал.

      3.1956-60 оны Явуухулан
Бэгзийн Явуухулан хоёр төрлийн уламжлалын занги­лаа болсон юм. Эхний уламж­лал нь Инжаннашаас эхтэй, Нацагдоржийн дэг сургууль. “Хүйтэн шөнө морины туурай хөнгөн” гэсэн Инжаннашийн мөрийг нэгэн шүлэгтээ шууд авч оруулсан байдаг нь то­хиолд­лын хэрэг огт биш. Явуухулан нэг ёсондоо Ин­жан­нашийг залгамжлагч байв. Хоёр дахь нь, Оросын яруу найргийн нөлөө. Жишээ нь, 
Харваас ялдам хонгор бүсгүй ээ,

Хайрын тухай битгий дуулаач… шүлгийн эхлэл Пушкины “Не пой, красавица, при мне…”-г санагдуулдаг бол, цаашлахаараа Есениний “Шаганэ, ты моя Шаганэ”-гийн сүлжээстэй төстэй. Гэхдээ аль алиныг нь тун чадвар­лагаар манай орчин үеийн яруу найрагт сүлэлдүүлжээ. 

Явуухулангийн бүтээсэн анхны сонгодог туурвил бол “Нүүдэлчний намар”:
Нарс найгаа л,
Навчис хийсээ л,
Уулын оройд будан суу­гаа л,
Шувуу буцаа л,
Хяруу унаа л,
Өвсөн толгойд цан буугаа л,
Тал шарлаа л,
Мал холхио л…
Үнэхээр гайхамшиг. Мон­гол ахуй, орчин үеийн яруу найргийн сэтгэлгээ нэг дор, тийм сайхан зохицлоо олчих­сон:
Айлууд нүүгээ л,
Амрагууд холдоо л…

Энэ эмзэг уйтгар түүний өөр нэг сонгодог бүтээл “Хар-Ус нуурын шагшуурга”-д бүр ч гүнзгийрсэн байдаг:
Хээлэн үлээх салхи
Нимгэн мандлыг нь би­дэрлэнэ.
Зөөлөн исгэрэх шаг­шуур­га
Хөнгөн уйтгар тө­рүүл­­нэ...

Нуурын мандлыг бидэр­түүлэн үлээх намрын сал­хинд эргийн шагшуурга ис­гэрч, сэтгэлд гуниг төрөх энэ агшин үзэл сурталжиж гүйц­сэн Монголын яруу найргийг жам ёсны гольдрол руу нь буцаан дуудсан билээ. Энэ мэт сонгодог туурвилын тоонд “Туулын шугуй”-г нэр­лүүштэй:
Гүнзгий амьсгаа ав­маар
Тал шиг бүсгүй чи юм.
Гүнд нь хангинах дуу­ны
Эгшиг нь миний сэт­гэл юм.

Мөнөөх Оросын яруу найр­­гийн нөлөө ахиад ил гарч байна. Харин 1950-иад оны сүүлчээр символизмын иймэр­­хүү дам хэлбэрийн зүйрлэл манайд бол цоо шинэ зүйл байлаа. Энэ утгаараа Явуухуланд уламжлагчийн ч, шинэчлэгчийн ч чанар хо­солдог. Уянгын яруу найрагт хийсэн түүний шинэчлэлийн үнэ цэнийг бүрэн ойлгоё гэ­вэл 1950-80 оны яруу найрагт маань соцреализмын хэнээр­хэл ямар хүчтэй шингэсэн байсныг эргэж харах хэрэг­тэй. Бараг цөмөөрөө Ленин, Сүхбаатар, МАХН, ком­му­низм гэж хашгирч байхад Явуухулан л “шөнийн нам гүмд дуулдах мөнгөн хазаа­рын бүдэг чимээг” - хайр дурлалыг шинэ Монголын яруу найрагт бүхнээс дээгүүр өргөмжилсөн билээ.

      4.1980-аад оны Урианхай 
Инжаннаш дээр Нацаг­дорж нь багахан шиг, Явуу­хулан нь арай илүү европжуу аяс нэмсэн хэдий ч, тэр гурав үндсэндээ нэг л уламжлалын салаа мөчир байв. Тэгвэл 1977 онд моддын тухай доор­хи маягийн шүлэг бичиж байсан Дамдинсүрэнгийн Урианхай эрс өөр өө. 
Навчсын чинь шуугиан чиний үг үү, салхины үг үү? Намрын, сэтгэл гэ­гэл­зүүлсэн аниргүй чинь чи­ний нам гүм үү, бараа та­сарсан шувуудын орхисон зай юу?
Намрын, торомны ноос шиг өнгө чинь чиний өнгө үү, зэвэргэн борооны өнгө үү?
Чи зовлон таньсан ухаант хүн шиг л дуугүй байх юм…

Монголын орчин цагийн яруу найрагт гүн бясалгал, эргэцүүллийн аяс орж ирсэн нь энэ. Тэгэхдээ зүгээр нэг эргэцүүлсэн биш, харин гойд авьяастай, уран, цоо шинэ хэлээр бичигдсэн бясалгал. Хэрэв Монгол хаалттай орон байгаагүй сэн бол, Урианхайн энэ бясалгалд ХХ зууны пост­модерн яруу найргийн түв­шинд хүртлээ гүнзгийрэх хөрс нэгэнт бий болчихоод байлаа. Харамсалтай нь, олон авьяас­лаг уран бүтээл­чийг золигт гаргаж, олон хуу­рамч шүлэг­чийг мандуулсан цаг үе, ний­гэм, үзэл сур­талжсан зохиолч­дын байгуул­лагын “хүчин зүт­­гэ­лээр” бид постмодерн бүү хэл, мо­дернизм ч үгүй өнөө хүрсэн нь нууц биш. Урианхайн эт­гээд эрэлхийл­лүүдийг амьд авч гарсан нэг зүйл бол хэнд ч хар буруу санадаггүй ни­гүүлсэл, гай­хал­тай эмзэглэл нь.

…хоёр дуугай шувуу
Өөд өөдөөсөө дуугай ни­сэх нь
Учрах ч юм шиг, зөрөх ч юм шиг харагдан,
Харахаас нүд хальт­раад…

Эмзэглэл бол яруу найр­гийн мөнхийн дагуул юм. Уриан­хай бол сэтгэгч гэхээ­сээ илүү эмзэглэгч хүн. Тийм сэтгэлийг бусдаас өөрөөр хорвоог хардаг, хүн бүхэнд ойлгогдох гэж чармайдаггүй, өөрийнхөөрөө гаж сэтгэлгээ чимэхээр онцгой туурвил төрөлгүй яах вэ.

Навч унахын тоогоор хагацалд элэх моддоос
Эцсийн нь навч сал­хинд харвахуй
Нар тэмтрэн бүлээцэх голын ус
Эгшин зуур урсахаа зог­сохыг сэрээд
Чамайгаа би дуудлаа, хайрт минь!

Ийм мөрүүдийн зохиогч бидний дунд амьдарч яваа­гаар бахархах залуусыг бий болгож чадсан цагтаа л, мон­голчууд оюунлаг, эх орон маань хөгжингүй болох вий гэж би мунхагладаг юм.

      5.Данзангийн Нямсүрэн
Хөдөө сумын бага сургуу­лийн багш эр Монголын яруу найргийн хамгийн онцгой туур­вилуудын нэгийг 1979 онд бичжээ. Мөн л Нацаг­дор­жийнх­той адилхан “Дөрвөн цаг” нэртэй тэр шүлэг маш энгийн бүтэцтэй, ер бусын тансаг сайхан дүрслэлтэй, хамгийн чухал нь гэгээн сай­хан сэтгэлээр бичигдсэн:

Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ган­га­­нах сайхан…
Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан
Царай зүс бүдэг бадаг гэрэлтэх нь сайхан…
Гадаа уул толгод гял­балзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвэгнэх сайхан…
Сар орой болж хүйт­рэх нь сайхан
Салхинд одод зүлгэг­дэх нь сайхан…

Тэр ганганаж байгаа шу­вууд, галын гэрэлд царай зүс нь бүдэг бадаг үзэгдэх бүс­гүйчүүд, салхинд зүлгэгдээд улам гялтганаж буй оддоос бид амьдралд өшрөхгүй, цөх­рөхгүй, сөхрөхгүй, үзэн ядах­гүй байх хүчийг авдаг. Тийм хүчийг яруу найраг өгдөг юм аа гэдгийг ийм энгийнээр хэлчихдэг, Нямсүрэн үнэхээр сайхан яруу найрагч байжээ. 

Нямсүрэнгийн шүлгэнд байсхийгээд л нэг шувуу зурс­хийн нисээд өнгөрдөг. Тэдгээр нь зохиож зурсан биш, най­рагчийг шүлгээ бо­дож явахад нь өөрсдөө ха­жуугаар нь ниссэн шувууд байдаг. Тийм­дээ ч мөнөөх шувууд шүлгийг нь амьд, хөдөлгөөнтэй болго­дог. Хар л даа:

Үүлэн чөлөөнөөс нар га­рах нь сайхан
Үүдээр болжморууд ни­сэн өнгөрөх сайхан…
Тэрэгний дугуй чахран чухран эргэх сайхан
Тэргэн дороос шувуу ни­сэх сайхан…
Айлын гэрээс хүмүүс гарц­гаах сайхан
Арилсан тэнгэрт шу­вуу нисэх сайхан…
Шувуу ирээд буух сай­хан
Чулуун дээр суугаад ни­сэх сайхан…
Шувуу бол яруу найраг­чийн бодол, хайр, хүлээлтийн дүр. Тэдгээр шувууд соцреа­лизмын хамгийн оргил үед Монголын яруу найргийг төгс­гөлгүй мэт уналтаас нь авар­сан юм. Нямсүрэнг Уриан­хай­тай адил шинэчлэгч гэж үзэх аргагүй л дээ. Харин уламж­лалын авууштай атлаа гээг­дэж орхигдсон хэсэг рүү нь эргэн очигч гэвэл үнэнд илүү­тэй дөхөх байх. 

Бараан морьтой хүн шө­нийн борооноор гарам гатлан ирээд
Бадаг харанхуйд чүдэнз зурахуйяа алтан ээмэг улал­зана…
Хэн нь танигдахгүй шө­нийн тэр гийчин бүсгүй хүн байж! Сэтгэлийн дотуур чү­дэнз зурахын зуурт гялс­хий­сэн ээмэг мэт баяслын гэгээ харвуулсан энэ мэт уран дүрслэл бол түүний гаршсан бичлэг. Нямсүрэнд бас тансаг сайхнаар бичигдсэн, хэллэ­гийн­хээ дэндүү тансгаас бо­лоод дотор нь жаахан төөр­чих­сөн “Амитаба” хэмээх бясалгал шүлэг бий.

Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чи­мээг сонсох вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулга­тайг мэдэх вэ?
Ийм мөрүүд бичсэн тэ­рээр хэрэв Урианхайн хэм­жээ­ний боловсролтой байсан бол, өнөөдөр Монголыг дэл­хий дээр зэс, алт, ноолуураар биш, яруу найргаар бага сага таньж эхлэх ч байсан юм санж уу, хэн мэдлээ…Сонины зайг хүндэт­гэ­хийн үүднээс, эдгээр таван найраг­чаар энэ удаа­гийнхаа нийтлэ­лийг өндөрлөе. Дараа­гийн удаад ядахнаа 10 хүртэл нэрлэх бололцоо олдох болов уу гэж найдахын ял­дамд, уншигч та бүхэнд өнөө­дөр тохиож буй Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг дэв­шүүлж байна.

Г.Аюурзана. Өдрийн сонин 2008 он

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 11 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 11 цаг 36 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 12 цаг 1 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 12 цаг 10 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 12 цаг 15 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 12 цаг 49 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 13 цаг 21 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 16 цаг 44 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 16 цаг 57 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 17 цаг 5 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 17 цаг 21 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 17 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 цаг 11 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Уржигдар 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Уржигдар 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Уржигдар 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Уржигдар 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top