x

Улсын начин Э.Энхбат агсны аав Я.Эрдэнэбилэг: Н.Түвшинбаярыг уучлал гуйгаад ирэх байх гэж их хүлээсэн, гэвч тэгээгүй

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны өдөр товлогджээ. Түүний гарт амиа алдсан Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат агсны аав Я.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

-Та хүүгээ ч, Н.Түвшинбаярыг ч адилхан хайрлаж “Хоёулаа миний хүү” гэж байгаа бүхнээ зориулж ирсэн байх. Талийгаач тэр хоёрын үерхэл хэзээнээс эхэлсэн юм бол, танайд хамт очиж амардаг байсан гэсэн үү?

-Хүү минь наймдугаар ангиа төгсөөд Н.Түвшинбаяртай хамт Булган аймгийн төвийн арван жилийн сургуульд сурсан. Тэр үеэс хоёул бөх болохоор шийдсэн юм билээ. Улмаар Улаанбаатарт очиж Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан Аварга дээд сургуульд суралцахад нь “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр хоёр хүүхдийг дэмжин тэтгэж хөлийг нь дөрөөнд хүргэхэд тусалсан.

Бөхөөр эхэлсэн хоёр хүүхдийн нөхөрлөл спортын замд үргэлжилж гадаад, дотоодын тэмцээн уралдаанд дандаа хамт явдаг байлаа. Оюутны дотуур байранд ч, түрээсийн байранд ч хамт, гэрээсээ очсон хоол хүнсийг хувааж идээд бэлтгэл сургуулилтаа хийж явсан. Хүүхэд байхдаа амралт болгоноор хоёулаа ихэр юм шиг л хамт хүрээд ирнэ, зуны гурван сар манайд хонь хариулж, малын бэлчээрт барилдаж тоглож байгаад намар сургуульдаа буцна. Н.Түвшинбаяр эхнэр хүүхэдтэй болсон хойноо ч гэсэн гэр бүлээ аваад, ээж ааваа дагуулаад ирдэг байсан даа, манайд. Ингэж л нөхөрлөж ирсэн.

-Э.Энхбат агсан Н.Түвшинбаярыг Олимпын наадамд явахад хүртэл бэлтгэл хангагчаар нь дагаад явж байсныг монголчууд мэднэ. Бас улсын заан цолонд хүрэхэд барилдалгүй тахимаа өгч байлаа?

-2008 оны Бээжингийн Олимпын наадамд дагаж очиж бэлтгэлийг нь хангаж өгсөн. Найзыгаа алтан медаль авлаа гээд өөрөө авсан мэт хөл газар хүрэхгүй баяртай ирж байсан даа. Улсын заан цол хүртсэн тэр жилийн наадмаар миний хүү барилдалгүй элэг бүсээ тайлаад өгч байсан шүү дээ. Хар нялхаас эрийн цээнд хүртэл 20 гаруй жил нөхөрлөсний эцэст ийм муухайгаар аминд нь хүрч, гэрийнх нь хоймрыг эзгүйрүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлж, эцэг, эх бидний голыг самрах юм гэж хэн санах билээ.

-Хүүгээ найздаа зодуулж, хүнд  бэрт­сэн тухай анх сонсоод юу бодогдож байв?

-Хоорондоо маргаж, гар зөрүүлсэн юм болов уу л гэж бодсон. Амийг нь авах үхлийн бэртэл авсан гэж огт төсөөлөлгүй явсаар хотод ирсэн. Гэтэл хүүг минь хүн танихын аргагүй болгочихсон байсан. Хөгшин минь харчихаад “Ерөөсөө л суудал дээр нь алчихсан юм биш үү” гээд уйлсан. Тэгэхэд эмч нар “Спортын хүн болохоор зүрхний ажиллагаа сайн байна, тархи бол найдлагагүй шүү” гэсэн. Зүрх нь ажиллаад байсан учир эм тариагаар тэжээгдээд байсан болохоос газар дээрээ л өнгөрсөн юм билээ. Зодоон болсон гэх өрөөний бичлэгийг зүрх шимшрээд харж чадаагүй. Бичлэгээс харахад цус нь олгойдоод таазыг нь бялдчихсан байсан гэнэ лээ. Тэгж зодуулсан хүн яаж ч амь гарах билээ. Гэхдээ л бид эцсийн мөч хүртэл хүүгээ босоод ирнэ, босоод ирээсэй гэж их харсан. Арга барагдахад олон л юм  бодогддог юм байна лээ, муу хүүгээ ядаж тэргэнцэр дээр ч болов суугаад үр хүүхэд, ээж, аавдаа харагдаж явбал элэг гол минь дэвтэх юмсан даа гэж хүртэл бодсон доо. Үерхэж, үнэн сэтгэлээ харамгүй зориулж явсан байхад балмад хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөчих юм гэж бодох байтугай төсөөлж ч байсангүй. 

-Н.Түвшинбаяр ирж уулзаагүй, уучлал гуйгаагүй гэдэг үнэн үү?

-Уулзах байтугай утсаар ч яриагүй. Тэгэхээр уучлал гуйсан байх уу. Хүүг минь дагаад хэлхээтэй юм шиг хамтдаа ирдэг байсан хүн шүү дээ. Уучлаарай гээд ирэх байх гэж хараагүй биш их ч харсан, хүлээсэн. Гэвч тэгээгүй. Тэгсэн атал энд тэнд сул чөлөөтэй явж байгаа нь дуулдаад л байсан. Тэглээ гээд нас сүүдэр 90 дөхсөн хоёр хөгшинд нь бид хатуу үг хэлээгүй. Ер нь юу ч яриагүй. Хэрэв “уучлаарай” гэж ганц удаа ч болов хэлсэн бол ядаж хүүгээ алдсан ижийнх нь сэтгэлд арай л өөр байхсан гэж бодох юм. Өөрөө гэм хийчихсэн юм шиг хүнээс нуугдаад булан тохойд очиж нүдээ хавдтал уйлж яваа хөөрхий хөгшнөө хараад өр өвдөх юм. Энэ хүн бид хоёр насаараа шаналсаар элгээ эмтэлж буцах амьдын тамд уналаа. Их  хэцүү байна.

-Тэр тухай таны хэвлэлд ярсныг уншсан...

-Сонин, хэвлэлээс сэтгүүлчид утасдах л юм. Шүүх хурал нь ойртлоо, танд юу бодогдож байна гэж асуух л юм. Эхэндээ юугаа ярих вэ дээ гэж боддог байлаа. Эрдэнэ болсон хүүгээ зэрлэг балмад хүний гарт алдсан болохоос бид ямар хэрэг хийсэн биш дээ. Одоо бол хөлөө хүрэх газар хүртэл явж, хэлээ хүрэх газар хүртэл хэлж ярина л гэж бодож байгаа.

-Маргааш болох шүүх хуралд та хоёр оролцоно биз дээ?

-Шүүх хурал хойшилчихгүй л бол маргааш болох хуралд оролцоно.

-Ер нь шүүх хэргийг шударга шийдвэрлэж чадах болов уу, танд юу бодогдож байна?

-Яагаад шүүх энэ хэргийг шударга шийдвэрлэж чадахгүй байх билээ. Хуулиа хэрэгжүүлэх ёстой биз дээ.

-Шүүх хурал олон дахин хойшилсон учраас олон нийтэд эргэлзээ төрж  байна л даа?

-Монголын шүүх энэ хэргийг шударгаар шийднэ гэдэгт бид хоёр бол итгэж байгаа. Гэхдээ өмнөх шүүх хуралд хөгшин бид хоёрыг оруулаагүй. Зөвхөн бэрийг маань оруулсан. Төрүүлсэн аав ээж нь байтал яагаад биднийг оруулахгүй байгааг ойлгоогүй. Ер нь бол хүүг минь санаатай алсан юм байна даа л гэж бодож байгаа. Монголын хууль, шүүхийн байгууллага шударгаар шүүж гэмээ нь тэр хүнд ялын дээд хэмжээг л оноох байх. Хүүг минь санаатайгаар, хэний ч санаанд оромгүй зэрлэг балмадаар алсан байхад яалаа ч гэж бид тэр хүнийг өрөвдөж өршөөх билээ. Ямар сайндаа хөгшин маань “Хамт яваад осолдсон бол, хэн нэгнээ гэмтээчихсэн байсан бол гомдолгүй ээ гэж хэлээд л хараад сууна. Даанч алах гэж өчнөөн цаг зодож цохиж, гаднаас хэнийг ч ойртуулахгүйгээр амийг нь егүүтгэсэн хүнд өршөөл байх ёстой юм уу, байхгүй байх” гэж саяхан манайд ирж сурвалжилга авсан сэтгүүлчид хэлж байх вэ дээ.

-Тэр сурвалжилгаас “Наадам дөхөхөөр хүү минь найзуудтайгаа ирж айраг тавын хулаар ууна шүү” гэдэг байлаа гэсэн таны яриаг сонсоод их өрөвдсөн...

-Наадам дөхөх тусам улам л хэцүү болох байх даа, бид хоёрт. Манайх гүүгээ бариагүй, хүү минь байхгүй, хэн ч ирж айраг уух билээ. Хүү минь байхгүй болсон ч гэлээ хааяа урд хөтлөөр машин даваад ирж байгааг хараад гарч харуулдмаар, хүү минь инээгээд орж ирэх юм шиг бодогдоод, их хэцүү байх юм. Унтахаар унтсан болохгүй, гараад хаачихаа мэдэхгүй. Гэртээ суувч сэтгэл тогтохгүй. Ийм л хэцүү хагацал, зовлонд уналаа даа, ийм хэцүү зүйл Монголын минь бусад ээж аавд бүү тохиолдоосой.

-Хар багаасаа үерхэж нөхөрлөсөн найз нөхөртөө алуулна гэдэг харам­сал­тай байхаас ч яах билээ. Тэгээд ч санамсаргүй тохиолдол биш болохоор...

-Тэр үнэн. Хүүгийн минь тархийг нь бяцартал зодсон байгаа юм. БНСУ-ын эмнэлэгт дөнгөж амьсгаатай л очсон. Тэнд сэргэвэл сэргэхээр эмчилгээ хийсэн дээ. Даан ч ямар ч арга байхгүй болсныг эмч нар сүүлд нь хэлсэн. Найман сар эмчлүүлэхэд огт ухаан ороогүй гээд бод доо. Хамаг бие нь ямар ч мэдээгүй, хөл гар нь сул, хүн танихгүй, харахад унтаж байгаа юм шиг л байгаад байсан. Эцэст нь амьсгаатай байгаа дээр нь эх нутгаа, элгэн садангаа бараадъя гэж хүүгээ аваад наашаа зүтгэсэн. Энэ ташрамд хэлэхэд хүүг минь таних мэдэх хүмүүс, найз нөхөд, Монголынхоо ард түмэнд, эмч, эмнэлгийн ажилтнуудад бүгдэд нь тусалж дэмжиж байсанд нь талархаж байгааг минь энэ ярилцлагаар дамжуулаад өгөөрэй.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 21 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 4 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 14 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 27 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 37 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 48 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 51 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top