Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Гурил, махны үнийг тогтворжуулахаар ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн зээл олгоно. Засгийн газар 12.7 мянган тонн мах бэлдсэн. 30 хувь нь үхэр, 70 хувь нь хонины мах байгаа. Зах зээлд нөөцийн хонины мах 8300, үхрийн мах 8900, ямааны мах 7100 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Засгийн газар өнөөдөр хонины махны 250 төгрөгийн хөнгөлөлтийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөөс гаргаж, мах бэлдсэн ААН-үүдэд өгөхөөр шийдвэрлэлээ. Мөн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр хэмнэж, хонины мах нийтдээ 350 төгрөгөөр хөнгөлөгдөж, ард иргэдийн гарт очих болж байна.
Ингэснээр хонины мах 7950 төгрөг болж хямдарна. Гулуузуур нь зарахдаа 7750 төгрөгөөр худалдаална. Мөн нөөцийн мах зарж буй цэгүүдийг 20-оор нэмэгдүүлнэ" гэлээ.