НӨАТ-ын энэ оны I улирлын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголтыг:
-
I улирлынхыг Дөрөвдүгээр сард,
-
II улирлын буцаан олголтыг Долдугаар сард,
-
III улирлынхыг Аравдугаар сард,
-
IV улирлын буцаан олголтыг дараа оны Нэгдүгээр сард тус тус олгодог.
Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож байгаа ба иргэдийн хувьд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоос дунджаар 200 мянга хүртэл төгрөг авдаг гэх судалгаа гарчээ.
Татварын ерөнхий газрын мэдээллээр энэ оны I улирлын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авдаг байна. Иймд өндөр орлоготой өрхүүдийг бас судлах хэрэгтэй гэсэн саналыг гаргаад байгаа аж.
Харин иргэдийн зүгээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг хүсч байгаа ч өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын сугалгааг энэ сараас зогсоож байна. Сугалаа тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Буцаан олголтыг ойрын жилүүдэд 2 хувьд тогтвортой барих бодлоготой байгаа. НӨАТ олон нийтийн анхаарлыг татдаг. НӨАТ-ын тогтолцоог хөндмөөргүй байна. Эдийн засгийн шинэ тогтолцоонд орсон сүүлийн 32 жилд бидний бий болгосон маш зөв татварын тогтолцооны нэг систем" гэсэн юм.