Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч асан Найдангын Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг товложээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан улмаар хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-ний өдөр хийхээр товложээ.
Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдах бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгаач Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцох юм.
Н.Түвшинбаяр одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.