x

Жагсаалаас баривчлагдсан залуу: Цагдаа нар гэнэт араас угзчиж, дагз руу хүчтэй цохиод чирээд явсан

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн томоохон жагсаал өнгөрсөн хэдэн өдөр төв талбайд үргэлжилсэн. Жагсаалд залуус голдуу оролцож, Засгийн газар, Ерөнхий сайдад олон шаардлагыг тавьж байсан юм. Жагсаалын эхний өдрийн орой цагдаа нар жагсагч залуусыг баривчилж байгаа үйл явц олны бухимдлыг төрүүлсэн. Цагдаа нар залуусыг угзчиж татан, цементэн дээгүүр чирж, дээрээс нь дэвсэлж байгаад авч явж буй дүрс бичлэг цацагдсан билээ.

Жагсаалын хоёр дахь өдрийн өглөө цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс жагсаалыг өөр бүтэцтэй болгож, өдөөн турхирч байсан. 20 гаруй хүнийг сааатуулснаас 18 нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон гэж байв. Харин бодит байдал дээр 70 гаруй хүн баривчлагдсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм. Баривчлагдсан залуусын нэгтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Өөрийнхөө тухай товчхон танилцуулж болох уу?

-Би 19 настай.

-Жагсаалд яагаад очсон тухайгаа?

-Өглөө фэйсбүүк дээрээс жагсаалын бичлэгийг үзээд л найзтайгаа яваад очсон. Жагсаал дуустал талбай дээр байлаа. Анх явж очоод нэлээд гайхаж зогссон шүү.

-Яагаад?

-Бүгд бидний үеийн залуус, маш олуулаа байсан. Жагсана гэхээр өмнө нь нэг их санаанд буудаггүй байсан. Томчууд, эмээ, өвөө нар л жагсдаг тухай ойлгодог. Гэтэл тэр өглөө эмээ өвөө нар биш, бидний үеийнхэн самбар барьчихсан зогсож байгааг хараад нэг хэсэг гайхаж зогссон. Манай үеийнхэн ийм болчихсон юм уу гэж өөрөөсөө асуусан. Тэгээд л дунд нь яваад орсон.

-Чи лоозон барьсан уу?

-Үгүй. Заавал барих шаардлагагүй биз дээ. Гол нь үзэл бодлоороо нэгдэж байгаа нь чухал.

-Тийм л дээ. Ямар зүйлийг шаардаж байсан бэ?

-Барааны үнийг бууруулахыг л хүссэн. Дэлгүүрээс нэг талх, таван өндөг, нэг кг боорцог авахад 10 мянга гарчихаж байгаа. Энэ бол байж болохгүй зүйл.

-Залуусын үзэл бодлоо илэрхийлсэн лоозонгууд их содон байсан. Чамд таалагдсан уриа юу байв?

-“Улсаа биш доодохоо саа дарга нар аа” гэсэн нь таалагдсан (инээв). Бас маргааш өдрийнх нь жагсаал дээр “Ах нар нь ирлээ” гэсэн самбартай ах нар байсан даа. Тэр бас их содон байсан.

-Жагсаалын уур амьсгал ямар байв. Ус ундаа, хоол гээд?

-Зарим ах эгч нар ус, ундаа үнэгүй тарааж байснаас авч уусан. Бас “Шар доктор”-ын халуун чацарганаар биднийг дайлж байсан.

-Цагдаа нар хамгаалалтад гараад л. Орой нь ширүүсэх шиг болсон?

-Өдөр нь бол цөөхөн цагдаа л байсан. Үдээс хойш, оройдоо цагдаа нар автобус, автобусаар нэмэгдээд, П үсэг хэлбэртэй биднийг бүсэлсэн. Хүн гаргахгүй, оруулахгүй. Би бараг цагдаагийн машинд шүргүүлэхээ дөхсөн.

-Хэзээ нь?

-Төрийн ордноос согтуу хүн гарч ирэх үеэр. Цагдаа нар тэр хүнийг хамгаалалтад аваад машиндаа суулгаад маш ширүүн явсан шүү дээ. Тэр үед машинд нь шүргүүлэх дөхсөн шүү.

Тэгээд л дараа нь цагдаа нар талбай дээр нэмэгдсээр байсан. Биднийг бүсэлчихээд нэг хоёроороо явж байгаа залуусыг араас нь татаж унагаад өшиглөж зодоод эхэлсэн.

-Чи тэр үеэр баривчлагдсан уу?

-Үгүй. 03:00 цагийн үед цагдаа нар залуусыг тарцгаа гэж шаардсан. Залуус эхнээсээ явж эхэлсэн. Би ч явъя гэж бодоод найзтайгаа талбайн урд талын автобусны буудал руу явж байсан. Гэтэл замын гарцан дээр энгийн хувцастай хүн цамцны малгайнаас татаад, хажуунаас дүрэмт хувцастай цагдаа ирээд хамжаад боосон. Тэгээд шууд алгадаж, дагздаад л машин руугаа чирсэн.

-Эсэргүүцэж чадав уу?

-Яаж байна аа, ах аа. Би зүгээр л жагсаалд оролцсон ш дээ гэхэд өөдөөс “Цагдаа нарыг юу юу гэдэг гэнэ ээ” гээд л нүүр рүү алгадаж, дагз руу хэд хэд хүчтэй цохисон. Манараад л явчихсан. Дагз руу цохисноос болсон уу, толгой өвдөөд байгаа.

-Найзыг чинь бас аваад явсан уу?

-Тэгсэн. Найз маань “Өмгөөлөгч авч болох уу” гэж хэлсэн болохоор нэг их ширүүн хандаагүй юм билээ. Нэг л удаа толгой руу нь цохисон гэсэн. Би харин өмгөөлөгчийн талаар мэдэхгүй учраас олон цохиулсан байх. Биднийг 300 орчим метр газар авч яваад энгийн хар машинд суулгасан. Тэндээсээ талбайн зүүн талаас “Старикс” машинд суулгаад Дэнжийн мянгын тийшээ саатуулах байр руу авч явсан. Гавлуулаад явах эвгүй муухай юм билээ. Кино ч юм шиг.

-Хэдүүлээ явсан бэ. Ямар насны хүмүүс байв?

-Машинд бол долуулаа байсан. Тэр дунд 13 настай хүүхэд хүртэл баривчлагдсан байсан.

-13 настай гэдгийг яаж мэдэв?

-Цагдаа нар тэр хүүхдээс “Хэдэн настай вэ” гэж асуухад “Би 13 настай, ах аа” гэж байсан. Бид саатуулах байран дээр очиход тэр хүүхдийг дотогшоо аваад орсон. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй. Бусад нь бол бидний үеийн залуус байсан.

-Хүүхдийг гавлаагүй биз дээ?

-Гавлаагүй.

-Цагдаа нар мэдэгдэхдээ ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн. Архи уусан залуус байсан уу?

-Тэнд баригдсан хүмүүсийг үлээлгэсэн. Ганц, хоёр хүн л халамцуу гарсан. Тэднийг эрүүлжүүлэх байр руу аваад явж байна лээ.

-Их л олон хүн саатуулагдсан гэх юм билээ?

-Биднийг 04:00 өнгөрч байхад саатуулах байранд хүргэсэн. Тэр үед 62 хүн баривчлагдаж ирсэн гэж дуулсан. 05:00 цаг өнгөрөөд дахиад хүмүүс нэмэгдсэн. Нийлээд 70, 80 хүрсэн гарсан байх.

-Саатуулах байран дээр та нарт яаж хандах юм бэ?

-Ер нь их ширүүн, муухай ааштай хүмүүс байдаг юм билээ. Өрөөнд 10-уулаа орсон. Бидний зарим нь орон дээр хэвтсэн чинь “Гуталтайгаа орон дээр хэвтдэг хэн бэ, чи. Буу, Битгий орон дээр хэвт, сууцгаа” гэж байсан.

Миний хувьд ам цангаад, шээс хүрээд байсан учраас ус өгөөч, ариун цэврийн өрөө орж болох уу гэхэд их дургүйцэж байна лээ. Тэгээд хүйтэн ус өгөөд л суулгасан.

-Баривчлагдсан хүмүүст эрхийг нь танилцуулах ёстой. Тийм процесс өрнөх юм уу?

-Үгүй. Би маргааш нь гарч ирээд л өмгөөлүүлэх эрхтэй гэдгээ мэдсэн. Мэдүүлэг авахдаа ч хэлээгүй. Харин шууд л “Жагсаал дээр хэдүүлээ байсан, яах гэж очсон бэ” гэсэн зүйлийг л асууж байсан.

-Гэрийнхэн чинь санаа зовсон байх. Дуулгаж амжаагүй биз ээ?

-Би эмээтэйгээ тэр өдөр байсан. Өглөө нь гарахдаа эмээдээ хэлээд явсан л даа. Мэдээж орой нь хэлж чадаагүй. Маргааш 13:00 цагийн үед гарч ирээд утсаа асаагаад эмээ рүүгээ залгаад хэлсэн. Мэдээж санаа нь зовж хоносон байсан. Саатуулагдаад гарч байна гэхэд маш их гайхсан.

Мэдүүлэг авах үеэр биднийг зөрчил, танхай гэсэн хоёр зүйл ангиар буруутгасан байсан. Би гайхаад “Би ямар нэгэн зөрчил гаргаагүй. Танхайн үйлдэл ч хийгээгүй” гэхэд цагдаа юу ч дуугараагүй. Ямартаа ч үзэл бодлоо илэрхийлэхээр очсоныхоо төлөө баривчлагдаж, саатуулагдсан явдалдаа эрхээ хамгаалуулахаар явж байгаа. Өмгөөлөгчид нэгдээд бидний эрхийг хамгаалахаар ирсэнд баярласан. Гарч ирэхэд өмгөөлөгчид бидний эрхийн талаар тайлбарлаж, тайвшруулж байсан. Тэд “Саатуулагдсан хүмүүсийг сулла гээд хүмүүс жагсаж байгаа” гэж хэлэхийг сонсоод маш их баярласан.

Ер нь цагдаа нар энгийн иргэдийн эрхийг маш их зөрчдөг юм байна гэж харсан. Өөрөөсөө доор албан тушаалтай хүмүүсийг дээрэлхдэг юм байна гэж бодогдсон.

-Айсан уу. Дахиад ийм жагсаалд оролцоход эрсдэлтэй юм байна гэж бодов уу?

-Үгүй. Маргааш нь гарч ирээд гэртээ очиж хувцсаа солиод шууд талбай дээр очиж эсэргүүцлээ үргэлжлүүлсэн. Залуус нэгдэж байсан нь надад маш том итгэлийг бий болгосон. Шинэ үе энэ улсыг авч явах юм байна, өөрчлөлт хийж чадах юм байна гэж харсан. Ардчилсан улсад байгаа залуус үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө яагаад айх ёстой гэж. Дахиад ачаад явбал яваг гэж бодсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 25 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 8 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 18 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 31 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 41 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 52 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 55 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top