УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж дууссан бөгөөд хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.
Энэ дагуу УИХ-ын холбогдох байнгын хороод бямба, ням гаригт хуралдахаар боллоо.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа, "Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын төсвийг тодотголыг УИХ-д өргөн барьж байна. Төсвийн тодотголын хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийн мөнгийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулан зарим багц арга хэмжээг тусгасан" гэсэн юм.