Э.Бат-Үүл баатрын хэвлэн нийтлэх эрхийг хаажээ.
Энэ эрхээ шаардаж Хууль зүйн туслалцаа үзүүлэх саналыг тавилаа.
Өмгөөлөгч А.Пүрэвдулам "Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг 409 дүгээр хорих ангийн удирдлагууд хаажээ. Энэ зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш.
Дамжин өнгөрүүлэх 409-р хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Түүний нэг нь Э.Бат-Үүл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэвлэн нийтлэх эрхийг хориглож хязгаарласан заалт байхгүй.
Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Э.Бат-Үүлийн хорих ангиас бичсэн нийтлэлүүдэд хорих ангитай холбоотой эсхүл хорих үйл ажиллагаатай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл хорих ангийн удирдлагууд Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна.
Нийгмийн зүтгэлтэн хүн бол хаана ч, ямар газар байгаагаас үл хамааран нийгмийн зүтгэлтэн хэвээр байдаг ба дарга сайд болохоороо л нийгмийн зүтгэлтэн байдаггүй.
Хүний хэвлэн нийтлэх эрхэд халдаж, үзэл санааны хоригдол болгож буй энэ үйлдлийн эсрэг тэмцэх болно. Учир нь энэ бол дан ганц Бат-Үүлийн асуудал бус хүний жам ёсны онцгой эрх юм" гэжээ.