Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярын өнгөрсөн Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр өөрийн багийн найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр энэ сарын 23-ны 14.00 цагт хийхээр товлосон байгаа.
Хохирогч Э.Энхбатын хувьд бие сайжраагүй учраас БНСУ-ын эмч нар эмчилгээг нь зогсоосон бөгөөд түүнийг гурван хоногийн өмнө эх оронд нь авчирсан. Одоо Сонгдо эмнэлэгт хэвтэн үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа. Мөн биеийн байдал нь хүнд хэвээр байна.
Энэхүү аймшигт хэрэгт Монголын ард түмэн сэтгэлээ чилээж Э.Энхбат начинг босоод ирээсэй хэмээн хүсч, гэм буруутанг үнэн зөвөөр шүүх ёстой хэмээн ажиглаж буй.
Хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрээр “Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юм аа” гэжээ.