Монголчууд уламжлалт баяр ёслолын өдрүүдэд үндэсний хувцсаараа гоёж, үүнийг үндэсний өв соёл, хувцас хэрэглэлтэйгээ танилцах, бахархах зэрэг олон давуу талтай гэж үздэг.
Харин ЕБС, цэцэрлэгийн удирдлагын зүгээс энэхүү баярын өдрүүдэд хүүхдүүд дунд гоё торгон дээл өмссөнийг нь шагнаж, урамшуулдаг байдал газар авсан билээ.
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ үзэгдлийг буруушааж, өөрийн цахим хуудсаар дамжуулан хүүхдийн гадуурхалыг зогсоохыг уриаллаа.
Тэрээр "Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё, одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш" хэмээн бичжээ.