Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр явагдлаа. Тус хуралдаанд Хотын дарга Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.
Мөн тэрээр хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах талаар онцлон мэдээлэв.
Тэрээр "Улаанбаатарчууд хогоо ангилан ялгаж хаях соёлд суралцаагүй. Тэгэхээр хотжих соёлд бүрэн суралцаагүй байна гэсэн үг. Гудамжиндаа шүлс нусаа хаядаг, хүнд, хөнгөн бие засдаг, тамхины ишээ цонхоороо гаргаж шиддэг үзэгдэл байж болохгүй. Хотын иргэд бол дүрэм стандартад хашигдаж, хуулиа дагаж мөрддөг байх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 1, 2 үе бус, 3-5 үе явж байж хотожсон иргэн төлөвшдөг" гэлээ.