x

М.Тулгат: Ардчилал үхжих тусам төр барьж буй хэсэгт ашигтай

Ардчилсан намын дарга М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй холбоотой үүссэн асуудлууд иргэдийн анхаарлын төвд байна. Ардчилсан нам дотроо хоёр хуваагдаад байсан бол одоо УИХ дахь бүлэг нь хоёр хуваагдчихаж байгаа хэрэг үү. Яг ямар асуудал үүссэн талаар мэдээлэл өгөөч?

-Ардчилсан нам ирэх сарын 5-нд эвлэрлийн Их хурлаа хийхээр хоёр талаасаа ойлголцоод, тодорхой хүчин чармайлтууд гаргаад ажиллаж байсан. Гэвч аравдугаар сарын 11-нд болсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Ганибал бүлгийн даргыг өөрчлөх санал гаргасан. Үүний хариуд АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат Ц.Туваан гишүүнийг бүлэгт харьяалагдах боломжгүй тухай мэдэгдсэн. Наймдугаар сарын сүүлээр намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ц.Тувааныг намын гишүүний бүртгэлээс хасах шийдвэр гаргасан байсныг танилцуулж, тэр шийдвэрт үндэслэсэн гэж байсан. Түүнчлэн энэ асуудал Ж.Батсуурь, Н.Ганибал нарын гишүүд дээр ч яригдаад цааш хөвөрчихлөө. Ардчилсан нам хоёр бүлэгтэй болчихсон юм шиг асуудал үүсч байна. Үнэндээ Ардчилсан намынхан эвлэлдэн нэгдэх, шинэчлэлт өөрчлөлтийн өмнөх ийм чухал үед ингэж асуудлыг хурцатгаж, Ардчилсан намын нөхцөл байдлыг хүнд байдалд оруулсан үйл явдал болоод байна.

-Ардчилсан намын гишүүд ийнхүү дотроос хагаралдаж байгаагийн шалтгаан нь юу юм бол. Эрх мэдэл, албан тушаалын ашиг сонирхол хэн нэгэнд нь байна уу?

-Би хэлж мэдэхгүй байна. Янз бүрийн таамаг, хардлага дэвшүүлж болно, гэхдээ нүдээр үзэж чихээр сонсоогүй зүйлийг нуршиж яриад яахав. Ер нь бол эвлэрнэ, нэгдэнэ гэдэг бол амаргүй процесс. Ийм үед буцаагаад нөхцөл байдлыг хүндрүүлэх асуудал үүсгэж байгаа хүмүүст харамсаж байна.

-Сая болж өнгөрсөн УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад явагдсан нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Энэ удаагийн нөхөн сонгуулиар аль аль тойрогт ирц 50 хувьдаа хүрсэнгүй. Одоо тэгээд ирцгүй сонгуулиар хамгийн олон санал авсан нөхөд тангараг өргөнө гээд сууж байна. Энэ бол ардчиллын зарчмаас ухрах том ухралт, буруу жишиг. Нийт сонгогчдын талаас илүү нь саналаа өгөөгүй, оролцоогүй сонгуулиар гарч ирсэн нөхөд бидний дээр гараад хууль тогтоогч болох нь байна. Урьд өмнө ирц нь хүрээгүй сонгуулиар УИХ-ын гишүүн болж байсан түүх байхгүй. Хэрэв цаашид ирц хамаагүй болох юм бол эрх баригчид үйлдэл болон эс үйлдлээрээ ирцийг хамгийн бага байлгаж, зөвхөн өөрсдийн бэлдсэн, багцалсан хатуу сүлжээг дайчлан санал өгүүлэх замаар “бор халзан хонь” ч байсан төрд гардаг болгоно. Сонгогчид боловсролгүй, улс төрийн идэвхгүй байх тусам, санал өгөхөөр очиход саадтай, түвэгтэй байх тусмаа эрх баригчдад ашигтай байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, ардчилал үхжих тусам төр барьж буй хэсэгт ашигтай. Олон намын тогтолцоо нэртэй хэзээ ч ялдаггүй тоглоомын хэдэн намтай, сонгууль нэртэй жүжиг шоу хийдэг улс болно гэсэн үг. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал бол ганц хоёр хүн УИХ-ын гишүүн болох эсэх асуудал бус, цааш цаашдаа Монголын ардчилалд буруу жишиг тогтох уу, үгүй юү гэдэг асуудалтай холбогдчихож байгаа юм.

-Өчигдөр СЕХ-ны гадаа танай намаас цуглаан зохион байгуулж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Сонгууль эрхэлсэн төв байгууллагын зүгээс бид хуулийн дагуу л ажилласан гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Ардчилсан нам өчигдөр нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Бид Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүн гэж хүлээн зөвшөөрөхгүй. Тэд бол ирцгүй сонгуулиар хамгийн олон санал авсан хүмүүс. Монгол төрийн өндөр босгыг зарчмын хувьд давж чадаагүй хүмүүс гэсэн үг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.2-т ирц 50 хувьд хүрсэн байх зарчмыг тусгасан хэрнээ 78.5-д нэмэлт санал хураалтаар шууд шийдэхээр заасан нь зарчмын хувьд зөрчилтэй хоёр заалт болчихож байгаа юм. Ер нь бол эрх баригчид хуулийн энэ хэсгийг батлахдаа ирцээс үл хамаарч сонгогддог болохыг санаархжээ. Ирц муу байгаа нь иргэдийн улс төрийн идэвх, намуудад болон улстөрчдөд итгэх итгэл суларсны илрэл. Тийм байхад улс төрчид, намууд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг тоглоом тоглож болохгүй. Олонх нь оролцож, олонхоороо шийдвэр гаргадаг ардчиллын үндсэн зарчим алдагдаж болохгүй. Энд зөвхөн ирцийн асуудлаас гадна сонгуулийн луйвартай холбоотой мэдээлэл, гомдлууд ирсээр байгаа бөгөөд, үүн дээр эрх баригчид төрийн албан хаагчид, төсвийн хөрөнгө мөнгийг дайчлан ашиглаж, хавтгайруулан бэлдсэн халамжийн сүлжээгээр дамжуулан саналыг багцалж байгаа нь цаашид шударга сонгууль явагдах боломжийг хааж байна гэж үзсэн учир бид мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм.

-Танай намын нэр дэвшигчид сонгогчдын хүлээж байснаас маш бага санал авлаа. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг үү?

-Сонгуулийн ялагдал бол өөрсдийн муугийнх гэж үзэж, нэн түрүүнд өөрсдийн алдаа дутагдалд дүгнэлт хийх ёстой. Тиймээс ялагдлыг бол хүлээн зөвшөөрнө. АН өнөөдөр угаасаа дотроо ч асуудалтай, хүнд цаг үеэ туулаад явж байна. Харин энэ удаагийн сонгуулийн бас нэг хэлээд байгаа зүйл бол зөвхөн АН-д биш, өнөөдрийн Засгийн газарт иргэд чимээгүй дүн тавьж байгаа явдал юм. МАН ялсан мэт боловч ялагдлаа. Жишээ нь, Хэнтийн тойргийг аваад үзье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг төрд гаргасан тойрог, хүн амаар ойролцоо бусад аймгуудаас 8-10 дахин их төсөв батлуулж, улсын хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулалт оруулж байгаа энэ аймагт сонгуулийн ирц арайчүү 46 хувьд хүрлээ. Одоо Засаг даргаар ажиллаж байгаа, ид хүч бяраа мэдэрсэн хүн нь нэр дэвшээд байхад шүү дээ. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр, хэнтийчүүд Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа, төрд итгэлгүй байгаагаа харууллаа. Сонгинохайрхан дүүргийн 48.9 хувийн тухайд ч ялгаагүй. Хотын даргын, Хууль зүйн сайдын гарч ирсэн тойрог. УИХ, нийслэл, дүүрэг гээд бүх шатны сонгуульд 100 хувь МАН ялсан, нийслэлд “хамгийн улаан”, МАН-ы түшиц бааз гэж хэлж болохуйц тойрог. Гэтэл мөн л ирц хүрсэнгүй. Сонгинохайрханчууд төрд итгэлгүй байна. Энэ бол эрх баригчдад тавьж байгаа дүн.

-Дэлхий нийтээр сонгуулийн идэвх буурч байгаа гэгддэг. Үүнийг монголчууд бас тойрсонгүй гэж үзэж болох уу?

-Хоёр их гүрний дунд, тэр дундаа авторитар дэглэмтэй улсуудын дунд хавчуулагдсан орны хувьд парламентын ардчилал бол манай тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа. Ардчиллаар баталгааждаг улс төрийн системийн дархлаа унах л юм бол гадны гүрнүүдийн тоглоом болно. Тиймээс бид энэ дархлаагаа, баталгаагаа хангахын тулд санаа зовж байх ёстой. Ирцгүй сонгууль бол олон улсад “apathy” гэгддэг үзэгдэл, монголоор орчуулбал “цөхрөл” бий болж байгааг харуулж байна. Ард түмэн улс төрд сонирхолгүй болж, улстөрчдөд итгэл алдаж, цөхөрч эхэллээ. Энэ бол аюултай үзэгдэл. Аль нэг нам бусадтайгаа харьцуулахад ийм амжилт гаргалаа, тийм амжилт гаргалаа гэж хөөрцөглөх зүйл огт биш. Монгол төрийн нэр хүнд бүхэлдээ унаж байна гэсэн үг. Энэ асуудал бүх намд хамаатай. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан энэхүү нөхцөл байдлын талаар харин зөв дүгнэж, ирц 50 хувьд хүрээгүйд санаа зовж, дүгнэлт хийж байна гээд энэ үзэгдэл ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлнө гэсэн байсан. Бид нэг эх оронтой, үндэстний хувьд нэг эрх ашигтай. Намууд энэ асуудлаас гарахын тулд хамтран ажиллаж, Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хууль зэрэгт нягт нямбай өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна.

-Ардчилсан нам цаашид хэрхэн ажиллах вэ?

-Нөхөн сонгуулийн үр дүнг задаргаагаар нь авч үзвэл МАН-ын нэр дэвшигчид АН-ын нэр дэвшигчдээс 4-5 дахин олон санал авсан байна лээ. Бүх нам, эсвэл, бие даагчид нийлээд ч МАН-ын нэр дэвшигчийн авсан саналд хүрэхгүй байна. Гэтэл социологийн судалгаагаар учиргүй тасраад алга болсон юм байхгүй. Эрх баригчдын рейтинг унасаар байгаа. Нэг нам төрийн аппарат, албан хаагчдыг дайчилж, төсвийн хөрөнгийг ашиглаж, халамжийн сүлжээгээр баглаж, санал худалдан авах, улсын бүртгэл дээр ажиллах зэрэг төрөл бүрийн арга хэрэглэн мөнхийн ялалт байгуулж байх жишээ ардчилал бэхжээгүй улс орнуудад байдаг. Манайд санал худалдан авах ажиллагаа явж байгааг Транспэрэнси Интернэшнл зэрэг олон улсын байгууллагуудын судалгаа ч харуулсан. Эцэст нь энэ бүхэн “dominant party system” буюу “нэг нам ноёрхсон тогтолцоо” Монголд нэгэнт бий болсны илрэл бөгөөд, үүнийг сүүлийн гурван удаагийн шат шатны сонгууль нотолж байна.

Энэ нь АН-д сөрөг хүчний хувьд шинэ нөхцөл байдал үүссэнийг бодитоор дүгнэж, шинэ бодлого, шинэ улс төр хийхийг шаардаж байна. Ардчилсан нам цаашид дотроо бэхжих, дотоод ардчиллаа хангах, бодлого, үйл ажиллагаагаа сайжруулах, иргэдэд түүнийгээ сайтар хүргэх зэргээр ажиллах шаардлагатай. Мөн энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх Улс төрийн намуудын тухай хуульд саналаа оруулах, цааш цаашид сонгуулийн зарчимд өөрчлөлт оруулах, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөнгөний сонгууль явагддаг тогтолцоог халахын тулд идэвх зүтгэл гарган ажиллах шаардлагатай болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 2 цаг 13 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 2 цаг 14 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 2 цаг 15 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 2 цаг 27 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 2 цаг 31 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 41 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 4 цаг 17 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 4 цаг 21 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 6 цаг 24 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 6 цаг 29 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 6 цаг 31 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 6 цаг 34 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 6 цаг 41 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 6 цаг 45 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 8 цаг 8 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 8 цаг 15 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 8 цаг 40 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 8 цаг 42 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 8 цаг 43 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 9 цаг 4 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top