Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх өнөөдөр өглөө хуралдаж, Цагдан хорих 461-р ангид хоригдож буй Д.Монголхүүг яаралтай суллахыг прокурорт даалгасан байна.
Д.Монголхүүг хоёр хоногийн өмнө /2021.10.05-ны орой/ гэрээс баривчлан авч явсан ба ингэснийхээ дараа "Цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр эрүүгийн хэрэг. Хохирогч нар шүүх эмнэлгээр явж гэмтлийн зэргээ тогтоолгож байгаа" хэмээн мэдээлсэн билээ.
Гэвч түүнийг хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлан саатуулсан явдал нь цагдан хорих таслан шийдвэрлэх арга хэмжээний үндэслэл, шаардлагыг хангаагүй буюу "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан" нь тогтоогдоогүй гэж шүүх үзсэн тул прокрорын хүсэлтийг хангахаас татгалзжээ.