Нийслэлийн Багануур дүүргийн харьяат хоёр иргэн "Зүүн бүрх" живж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн "Зүүн бүрх" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 199 км-т, сумын төвөөс зүүн зүгт таван км-т/ самар түүхээр Мөнгөнморьт сумын чиглэлд зорчиж явсан нийслэлийн Багануур дүүргийн харьяат 3 иргэн автомашинтайгаа "Зүүн бүрх" гол руу унасан тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага Есдүгээр сарын 28-ны өдрийн 20:13 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид таван км замыг туулан 20:23 цагт очиход "Газ 2410" загварын суудлын автомашин "Зүүн бүрх"-ийн гол руу унаж, жолооч З /37 настай, эрэгтэй, согтуу/ автомашинаасаа голын эрэг дээр эсэн мэнд өөрөө гарсан байна.
Харин зорчигч иргэн Э /52 настай, эрэгтэй, согтуу/, иргэн Б /44 настай, эрэгтэй, согтуу/ нарын цогцсыг 21:13 цагт гаргаж, Мөнгөнморьт сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Иймд:
-
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-
Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-
Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-
Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.