Коронавирусийн халдварын 1,402 тохиолдол өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдэсний 950 нь орон нутгийн халдвар байна.
Аймгуудаас халдвар хамгийн өндөр байгаа нь Баян-Өлгий, Дархан-Уул аймаг хэвээр байна. Баян-Өлгийд 222 тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан нийт тохиолдол 4999 болжээ. Иймд тус Аймгийн онцгой комиссийн шийдвэрээр маргаашнаас буюу наймдугаар сарын 15-наас орох, гарах хөдөлгөөнийг хаана. Мөн Дархан-Уул аймагт 159 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 6222 боллоо.
Орон нутагт халдварын тоо нэмэгдсэн нь аймгуудын удирдлагуудтай холбоотой, ялангуяа, бүсийн наадам зохион байгуулж байгаа аймгуудад халдвар эрчимжиж, хүүхдүүд эрсдэлд орж байгааг ЭМЯ-наас анхааруулж байна.
Тухайлбал, бүсийн наадам зохион байгуулсан Ховд аймагт өнгөрсөн 24 цагт 111 хүн шинээр өвчилж, нийт батлагдсан тохиолдол нь 3071 болсон байна.