x

А.ИРМҮҮН: Олимпиадаас медаль хүртэж, хүссэн сургуульдаа элсэх боломжийг өөртөө нээлээ

Японы Хигашиосака хотноо болсон Олон улсын химийн олимпиадаас Монголын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ.

Олон улсын хэмжээнд зохиогддог нийт зургаан олимпиад байдгаас энэ жил манай улсын баг тамирчид математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик гэх таван төрөлд оролцож 19 шагнал хүртсэн юм. Үүнд хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль, дөрвөн тусгай байрын шагнал тус тус багтжээ. Олон улсын химийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн “hobby” сургуулийн сурагч А.Ирмүүнтэй ярилцлаа.


-Олон улсын олимпиадад амжилттай оролцсон танд баяр хүргэе. Тэмцээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Баярлалаа. Олон улсын 53 дугаар олимпиад Японы Хигашиосака хотод зохион байгуулагдлаа. Нийт 79 орны 309 хүүхэд ур чадвараа сорьсон. Дэлхийн бүх л шилдэг сурагчид чуулдаг том олимпиад л даа. Манай улсаас дөрвөн хүүхэд оролцлоо. Миний тухайд анх удаагаа оролцож хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээнд улс орнуудаас шилдэг дөрвөн хүүхдийг л шигшиж оролцуулдаг. Би эхлээд сургуулиасаа шалгарсан. Улмаар дүүрэг, нийслэл, улсын олимпиадуудад амжилттай оролцсон. Эндээс эхний 10 хүүхэд шалгаруулж сорил аваад хамгийн өндөр оноотой дөрвөн хүүхдийг шалгаруулж олон улсын олимпиадын эрх олгосон.

-Химийн шинжлэх ухаанд анх хэрхэн татагдаж байв. Хэдэн жил судалж байна вэ?

-Анх тавдугаар ангид ороход бодис холиод л өнгө нь өөрчлөгддөг талаар судалдаг хичээл их сонирхолтой санагдаж байлаа. Өмнө нь кинон дээрээс л бодис холиход өнгө нь өөрчлөгддөг талаар харж байсан л даа. Судлаад үзэхэд их сонирхолтой санагдсан шүү. Ингээд л химийн элемент, томьёо цээжлээд л гэр бүлийнхэндээ шалгуулдаг болсон. Намайг долдугаар ангид ороход Сосорбарам гэж багш манайд шинээр шилжиж ирсэн юм. Намайг их дэмжинэ. Янз бүрийн сурах бичиг нэмэлтээр өгнө. Жаахан гүнзгий судлаад үзэхэд үнэхээр сонирхолтой. Намайг химийн шинжлэх ухаанд хөтөлж, суурийг маань зөв тавьж өгсөн хүн бол Сосорбарам багш маань гэж талархаж явдаг. Ингээд Энхбаяр багштайгаа нийлж илүү лавшруулж судалж тэмцээн уралдаанд ордог болсон. Наймдугаар ангидаа есдүгээр ангийн хүүхдүүдтэй өрсөлдөж улсын олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан маань санаанаас гардаггүй юм. Улсын олимпиадад оролцож хүрэл медаль хүртэж байлаа. Энэхүү шинжлэх ухааныг илүү цааш нь судлах сэдэл тухайн үед төрж байсан шүү.

-Олон улсын олимпиадад анх удаагаа оролцоод л хүрэл медаль зүүжээ. Тэмцээндээ хэрхэн бэлтгэв?

-Сорил авахад дөрвөн хүүхэд л шалгарч үлдсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гэрийн нөхцөлд л бэлтгэл хийсэн. Өдөрт дөрвөн цагийг зарцуулсны үр дүн гарч медаль хүртлээ.

-Цар тахал биднээс амьдралын шинэ хэв маяг шаардаж байна шүү дээ. Танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Компьютерийн ард удаан хугацаанд суух амар биш юм. Нөгөө талдаа гэрээс сургалтад хамрагдахад хувиараа бэлтгэл хийх цаг их гарсан. Жаахан эргэлзээтэй зүйлсээ бататгах хугацаа гарч байсан гэж ойлгож болно. Менделеевийн нэрэмжит олон улсын олимпиадад оролцсон маань сая том туршлага болсон шүү.

-Д.И.Менделеевийн олимпиадад ямар амжилттай оролцов. Өргөн цар хүрээтэй том тэмцээн шүү дээ.

-Д.И.Менделеевийн олон улсын олимпиадын тэмцээнд туршлага маягаар орсон л доо. Саяны тэмцээнээс ч илүү өргөн цар хүрээтэй тэмцээн Унгарт зохион байгуулагдсан юм. Энэ тэмцээнд онлайнаар өрсөлдөж хүрэл медаль хүртсэн. Монгол сурагчдаас медаль хүртсэн анхны тохиолдол нь энэ юм билээ. Миний аав боксын олон улсын хэмжээний мастер цолтой хүн. Хоёр ч олимпийн наадамд орж өрсөлдөж байсан хүн л дээ. Аав маань анх Унгарт анхны олон улсын тэмцээндээ тулалдаж байсан юм билээ. Би ч Унгарт болсон Д.И.Менделеевийн тэмцээнээс хүрэл медаль хүртээд их бэлгэшээсэн. Их ч баярласан.

-Таны тухайд химийн шинжлэх ухааныг дагнаад судлаад явж байна гэж ойлголоо. Судлахын ач холбогдол нь юу юм бэ?

-Анх өнгөлөг гоё зүйлс гаргаж авдаг юм байна. Эм зүйтэй холбоотой юм байна гэж боддог байлаа. Судлаад үзэхэд бүх л зүйл хими юм байна гэдийг ойлгож авсан. Хүмүүс бид өөрсдөө бүгд л химичид. Жишээ нь, агаар дахь хүчилтөрөгчийн хийг аваад буцаагаад нүүрсхүчлийн хийг гаргаж байгаа. Энэ дунд олон үйл явц өрнөнө. Энгийнээр тайлбарлавал хүмүүс химийн үйлдвэр л гэсэн үг. Хими бол эргэн тойрон дахь бүх зүйл. Судлаад үзэхэд үйл явц хэрхэн үргэлжилж байгаа нь үнэхээр сонирхолтой.

Миний сонирхлыг татсан гол зүйл нь хими харилцан үйлчлэлээр яагаад өөрчлөгдөж байна, үйл явц нь хэрхэн үргэлжилж байгаа явдал нь гэж хэлж болно. Жишээ нь, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг азон хэрхэн үүсч, хэрхэн уусч алга болдгийг химийн урвалаар тайлбарлаж өгдөг. Тухайн үйл явц хэрхэн үргэлжилдэг нь илүү сонирхолтой. Тусгай бэлтгэгдсэн схемчлэлээр ийм бодистой ийм бодис хольж халааж урвалд оруулбал бүтээгдэхүүн нь иймэрхүү байх боломжтой гэх мэтчилэн судалгаа байдаг л даа.

Түүнчлэн H1N1 вирус хүний биед орж хэрхэн хуваагддагийг судалж байсан л даа. Хуваагдал нь хүний эмзимтэй холбоотой юм байна. Түүнийг нь блокловол тухайн вирус олон хуваагдахгүй, хүний эмзимийг блоклодог бодисыг гаргаж авч байсан. Ингэснээр тухайн вирус нэг их аюулгүй болж ирж байгаа юм. Сүүлийн үеийн судалгаагаар металл шинжлэх ухаан маш хөгжиж байна.

-Та дэлхийн хэмжээний олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцож хүрэл медаль хүртлээ. Өмнө тань ямар боломж нээгдэж байна вэ?

-Оролцож байгаа нь өөрөө том амжилт. Оролцохын тулд бэлтгэнэ, олон бодлого бодно. Илүү туршлагажиж, илүү өөрийгөө нээнэ, илүү хөгжинө л гэсэн үг. Би олон улсын олимпиадаас медаль хүртсэнээр дэлхийн хаана ч, ямар ч сургуульд орох үүд хаалга нээгдлээ гэж хэлж болно.

-Цаашид өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ. Ямар мэргэжил эзэмшихээр төлөвлөөд байна?

-Онолын химич болно. Онолын химич илүү физик хими талдаа ажилладаг мэргэжил. Физик химийг кинетик тал руу нь судлах илүү сонирхолтой. Кинетик хими нь урвал хэрхэн явагддаг талаар судалдаг л даа. Кинетик хими цаашлаад механизм тал руугаа ордог. Тухайн кинетик урвалын хурдыг хэмжсэний үр дүнд молекулууд нь ингэж харилцан үйлчилж байна гэдгийг судалдаг.

-Одоогоор сонгож буй мэргэжлийн чинь ач холбогдол юу вэ. Улс орны хөгжил дэвшилд ямар хэрэгтэй вэ?

-Би танд сая суурь ойлголт л хэлсэн л дээ. Энэ мэргэжил үйлдвэрлэлд маш хэрэгтэй. Эрчим хүчтэй ч холбоотой. Нарийвчлаад хэлбэл, эрчим хүчийг илүү ашигтайгаар хэрхэн ашиглаж болох вэ, кинетикийг ахисан түвшинд судалснаар технологи илүү хөгжинө гэж ойлгож болно. Үүнээс гадна эмзүй дээр ч чухал нөлөөтэй. Жишээ татаад ярихад, ДОХ гэж аймшигтай өвчин бий. Хүний биед яагаад хортой вэ гэхээр ДОХ-ын молекулууд өөрчлөгдөөд яваад байдаг. Тийм судалгааг кинетик судалдаг хүмүүс л хийдэг. Хурдыг хэмжсэнээр тухайн өвчнийг хэрхэн удаашруулах вэ, ийм үед нь ямар бодисоор дайрсан нь дээр вэ гэх мэтчилэн судалдаг. Энэ талаас нь харвал үйлдвэрээс гадна эрүүл мэндийн салбарт чухал үр нөлөөтэй.

-Өнөөгийн нийгэмд шинжлэх ухаанд тархиа гашилгах хүүхэд цөөрч. Заал тойрч гүйж байгаад л олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүж амьдралын баталгаагаа бий болгочих сонирхолтой хүмүүсээр нийгэм дүүрсэн байна. Цаашдын хөгжил дэвшилд мэдээж инженерүүд хэрэгтэй. Химийн шинжлэх ухааны салбар луу залуусыг хэрхэн татах вэ?

-Хими бол биологи, физик хоёрыг холбож өгдөг. Хими сурснаар хүрээлэн буй орчны нууцыг тайлна. Жаахан хүүхэд эцэг эхээсээ асуудаг шүү дээ. Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй юм бэ, ус яагаад буцалдаг юм бэ? Юм яагаад унадаг юм бэ? гэх мэтчилэн асуултыг тогтмол асуудаг. Энэ үед нь асран хамгаалагч тайлбарлаж байх нь чухал. Манайхан дараашаагаад, үзэл бодлыг нь няцаагаад хаячихдаг. Тухайн үед нь тайлбарлаад өгвөл сонирхолдоо хөтлөгдөөд хүүхдийг нээж өгдөг ач холбогдолтой. Сониуч занг нь дэмжээд өгмөөр санагддаг. Шинжлэх ухаанаар явах хүн сониуч, эрмэлзэлтэй байх нь хэрэгтэй. Эрмэлзлийг нь өдөөж өгөх нь чухал гэж хэлээд байна л даа. Өнөө үед бол google-ээс хайгаад л тайлбарлаад өгөх боломжтой.

-Олон улсын олимпиадад монгол сурагчид өндөр амжилт үзүүлж байна. Цааш нь хөгжүүлээд чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд ямар дэмжлэг шаардлагатай вэ?

-Манай сурагчид олон улсад өндрөөр үнэлэгддэг. Энэ нь сая тод харагдлаа. Цааш нь хөгжүүлэхэд бааз хэрэгтэй. Үүнийг ойлгож дэмждэг хүмүүс нь ховор байна л даа. Шинжлэх ухааны салбараа дэмжээд өгвөл соёл урлаг, спортоос илүү үр дүн гарна. Улс орны хөгжлийн түвшинг шинжлэх ухаан л тодорхойлно шүү дээ.

-Та ямар хоббитой вэ?

-Би марк цуглуулдаг. Миний төрсөн өдрөөр өвөө, эмээ минь надад бэлэглэж байсан юм. Олон улсын үзэсгэлэнд тогтмол явуулдаг. Алгасалгүй шагнал авдаг. Цуглуулгаа үргэлжлүүлээд явж байна.

-Бидний ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн Ирмүүнийг бүтээхэд олон хүн тусалж дэмжсэн байх.

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Хамгийн түрүүнд намайг бүх зүйлд дэмждэг хайртай гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. Би сайн багш нартай учирсан азтай хүн. “Хобби” сургуулийн хамт олон, удирдлагууддаа их баярладаг. Намайг олон улсын олимпиадад бэлтгэсэн МУИС-ийн багш нарт талархал илэрхийлье. Дэлхийн хэмжээний сурагч нарыг МУИС-ийн багш нар л бэлтгэж байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 9 цаг 15 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 9 цаг 17 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 9 цаг 18 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 9 цаг 29 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 9 цаг 34 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 10 цаг 43 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 11 цаг 19 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 11 цаг 23 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 13 цаг 27 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 13 цаг 31 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 13 цаг 33 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 13 цаг 37 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 13 цаг 44 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 13 цаг 48 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 15 цаг 11 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 15 цаг 17 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 15 цаг 43 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 15 цаг 44 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 15 цаг 46 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 16 цаг 7 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top