x

Сая гарсан Цэцийн шийдвэр Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр нарт шууд хамаатай

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнгөрөгч баасан гаригт /2021.06.11/ болж, 2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ-аар баталсан "Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон билээ. Энэ асуудлаар хуульч, өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-Үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдаж, "Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийг бүхэлд нь хүчингүй болголоо. Цэц ямар шалтгаанаар энэ хууулийг хүчингүй болгосон хийгээд үүнтэй холбоотой таны байр суурийг сонсмоор байна?

-Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхийг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь "хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хэлмэгдүүлж болохгүй гэсэн зарчмаас үүдэлтэй. Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хууль хүчин төгөлдөр болсон цагаасаа мөрдөгдөж эхлэх зарчимтай. Урьд нь болоод өнгөрсөн өөр хуулийн үйлчлэл бүхий цаг хугацаа руу хөөж, нөхөн үйлчлэх үндэслэл байдаггүй. Ер нь иргэнийхээ эрх зүйн байдлыг хүндрүүлэх замаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх жишиг дэлхий нийтэд байдаггүй. Коммунист СССР-ийн үед ч маш цөөн тохиолдолд хэрэглэж байсан. Н.Хрушевийн даалгавраар валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг дамын наймаа эрхэлсэн гэж цаазалсан түүх бий.

Тухайн үеийн хуулиар дамын наймаа эрхэлбэл дээд тал нь найман жил хорих ялтай байсан. Гэтэл Зөвлөлтийн эрх баригчид Эрүүгийн хуулийг хоёр ч удаа буцаан хэрэглэж, шоронд байхад нь хуулиа өөрчилж 15 жил болгож нэмээд хэсэг хугацааны дараа цаазаар авах ялтай болгож буудан хороох хууль баталж байсан. Энэ кейс одоо ч дэлхий нийтэд гашуун сургамж болж яригддаг. Харамсалтай нь ардчилсан Монгол Улс Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хуулийг 2020 онд баталсан нь сая Үндсэн хуулийн цэцийн их суудлын шийдвэрээр хүчингүй боллоо.

-Цэцээр хүчингүй болсон хуулийн гол агуулгыг тодотгож болох уу?

-УИХ "албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх" нэрийдлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг архиваас гаргаж сэргээн шалгах, нэхэн ял шийтгэхийг даалгасан хууль баталсан. Зөвхөн албан тушаалын хэрэгт төдийгүй бусад бүх төрлийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч заавал шүүхээр оруулан ял шийтгэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон. Энэ бол иргэнийхээ эсрэг Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна гэж үзэхээс өөр аргагүй үйлдэл. Зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй НҮБ-ын гишүүн орны хувиар олон улсын хэд хэдэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Энэ хуулийн тухайд эрүүгийн эрх зүйн хамгийн муу жишээ болж сурах бичгийн судлагдахуун болох байх гэж бодож байна.

-Хуулийг баталсан улстөрчдийн тайлбараас үзэхэд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусчихаад хэрэгсэхгүй болоод байна гэдэг. Үүнд үнэний хувь, үндэслэл бий юу?

-Цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн хувьд албан тушаалын болон бусад гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв гэдэгтэй огт маргадаггүй юм. Ер нь сайхан гэмт хэрэг гэж юу байхав, гэмт хэрэгтэй тэмцэхийг хэн ч буруутгах боломжгүй. Гэхдээ хуулийн дагуу тэмцэх ёстой. УИХ албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүсэл зоригтой бол эрүүгийн ял шийтгэлийг чангатгах замаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, мөн төрийн өндөр албан тушаалтан халдашгүй бүрэн эрхтэй байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг түр тасалдуулах зэрэг олон улсад өргөн хэрэглэгддэг үр нөлөөтэй аргуудыг хэрэглэх нь зүйтэй.

Гэтэл үүнээс хамгийн муу хувилбар болох Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх замаар тэмцэнэ гэдэг нь Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг шууд зөрчсөн хууль бус үйлдэл юм. Нэг үгээр бол хууль зөрчих замаар тэр дундаа Үндсэн хууль зөрчиж гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй. Тухайн гэмт хэрэг шалгагдах үеийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол шүүх, прокурорын байгууллага хуулиа дээдлэн хэрэгсэхгүй болгох нь зүйн хэрэг. Гэтэл УИХ нь нэгэнт хуулийн дагуу шийдэгдсэн хэргийг дахиад сэргээн шалгаад нэхэн ял шийтгэхийг шүүх, прокурорт шинээр даалгах нь шүүх эрх мэдэлд хууль тогтоох эрх байгууллагаас нөлөөлж байгаагаас өөрцгүй хэрэг юм.

Хууль тогтоогч өөрийнх нь баталсан хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүхийг буруутгах нь утгагүй. Үндсэн хуульд “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлнэ”, “шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зохицуулалт байгаа. Шүүх нэг хэргийг хоёр удаа хоёрөөр хуулиар шийдвэрлэж болохгүй.

-Эрүүгийн хуулийн суурь зарчим нь шалгагдаж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүйгээс гадна хэрэг шийдвэрлэхэд эргэлзээ төрвөл сэжигтэняллагдагчид ашигтай шийдвэрлэх зарчимтай байтал яагаад үүний эсрэг хууль гаргасан юм бол?

-Зөвхөн Эрүүгийн хууль төдийгүй аль ч хууль, тэр бүү хэл гэрээний харилцаанд ч оролцогч талын эрх, үүрэг дордуулахаар бол хуулийг буцаан хэрэглэдэггүй. Энэ бол хуулийн суурь зарчим. Эрүүгийн хуульд заасан үндсэн зарчмыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай буюу хуулийн бэлтгэл ажил хангах хуулиар шууд үгүйсгэж зөрчиж болохгүй.

-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр олон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдогЭрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа байх нь гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болж байна уу?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хуулиар олгосон боломж юм. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж тодорхой хугацаанд үгүйсгэгдэж байдагтай холбогдуулан гэмт хэргийн ангиллаас шалтгаалан харилцан адилгүй хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Тухайлбал, хөнгөн гэмт хэрэгт бага хугацаа тоолдог бол хэрэг хүндрээд ирэхээд хугацааг уртасгадаг зохицуулалттай. Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах тохиолдолд тодорхой хуулийн хугацаа заавал байдаг. Тэгэхгүй бол хэдэн сар жилээр улсын хилээр гаргахгүйн зэрэгцээ цагдаа, хүчний байгууллагад цаг наргүй шалгуулж,өдөр бүр цагаа бүртгүүлж, нэг ёсондоо хэрэгт шалгагдахаас илүүтэй хэт сунжирсан урт хугацааны залхаан цээрлүүлэлт болох аюултай. Шүүхээр гэмт буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Чухам хуулийн байгууллагыг хугацаагүйгээр хэрэг шалгаж иргэний эрхийг зөрчүүлэхгүй байх үүднээс хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Нөгөө талаар хуулийн байгууллагыг хэргээ хурдан шалгах үүрэг хүлээлгэн хариуцлагажуулж байна гэсэн үг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн чухал ач холбогдолтой хуульд заавал байдаг зохицуулалт юм.

-Тэгвэл Цэцийн энэ шийдвэрийн дараа гарах үр дагаврын талаар ярилцъяПагаж мөрдөх журмын тухай хуулиар сэргээн шалгаж байгаа эрүүгийн хэргүүд хэрэгсэхгүй болох уу?

-Хэрэг бүртгэлтийн шатанд байгаа хэрэг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татагдсан эрүүгийн хэрэг, шүүхийн шатанд шүүгдэгчээр шийдвэрлүүлж байгаа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол эрүүгийн хэрэг шууд хэрэгсэхгүй болох үндэслэл болно. Одоогийн хуулиар яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож байгаа. Харин Цэцийн шийдвэр гарсанаар гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн буюу өмнөх хуулийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолуулах эрхээ эдэлнэ гэсэн үг.

-Шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг яах вэ?

-Бүх шатны шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тухайд ял оногдуулах үндэслэл болсон хуулийн нөхцөл өөрчлөгдөх тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах хуулийн үндэслэл болно. Үндсэн хууль, бусад хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаардаг. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд ч Үндсэн хууль зөрчсөн хуулийн үр дагаврын талаар зохицуулахдаа “Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэсэн нь энэ тохиолдолд шууд хамаарах юм.

Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдвэрлэгдээгүй хэргийн хувьд хуулийн боломжоо эдэлж хожоотой үлдэх, харин шүүхээр шийдвэрлэгдсэн нь хохирч ял эдлэх замаар иргэдээ үндэслэлгүйгээр ялгаварлах хуулийн үндэслэлгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг шүүхээр орсон эсэхээс үл шалтгаалан хэрэгсэхгүй болох нь Үндсэн хуулийн хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлын зарчимд бүрэн нийцнэ. Шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг алагчилж, ялгаварлаж эдлүүлэх нь зохисгүй. Ер нь Үндсэн хууль зөрчсөн хуулиар иргэн хүнд ял өгөх үндэслэл байхгүй.Эцэст нь хэлэхэд, иргэдийн дунд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завшиж байна гэсэн буруу ойлголт байдаг. Энэ бол ял завших биш хуульд заасан боломжоо эдэлж байгаа явдал юм. Мөн эрүүгийн хэрэг цагаатгагдахаас өөр үр дагавартай.

Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэм буруутай гэсэн хуулийн үр дагавар үлдэх тул цаашлаад нийтийн албан хаших болон бусад эрхийг хязгаарлана, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бусаар олсон орлогыг хураах зэрэг хуулийн үр дагаврууд үлддэг. Иймд зарим иргэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдээ сэргээлгэж шүүхээр гэм буруугүй болохоо тогтоолгож цагаатгахыг илүүд үздэг, энэ нь зөвддөг тохиолдол олон бий.

-Бүр тодорхой хэлбэл одоо шоронд ял эдэлж байгаа С.БаярМ.Энхсайхан нарын улстөрчдийг суллах үндэслэл болно гэсэн үг үү?

-Шуудхан хэлэхэд тийм. С.Баярын тухайд Оюу толгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, М.Энхсайханы хувьд 2015 оны Таван толгойн батлагдаагүй гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар буруутгагдсан. Аль алиных нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шууд хязгаарласан хуулиар ял оногдуулсан. Иймд Үндсэн хуулийн Цэцийн саяны гаргасан шийдвэр одоо хоригдож байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарт шууд хамаарна. Үүнээс илүү чухал зүйл гэвэл зөвхөн албан тушаалын гэхгүй бусад бүх төрлийн эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаагүйгээр шалгагдаж заавал шүүхээр ял шийтгүүлэхээс аргагүй болоод байгаа хэдэн зуун иргэдийн хуульд заасан боломж, шударгаа шүүхээр шүүлгэх эрх сэргээгдэж байгаагаараа ач холбогдолтой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Мөнх (59.153.114.178)
    Хэрэг хийсэн бол хэзээ ч ялаа эдлэх нь шудрага зарчимд нийцнэ. Юун хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр вэ? Харин хуулиар ямар ял оноох нь шал өөр асуудал.
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Irgen (70.181.121.107)
    Huuli nereer uls ornoo hudaldsan alban tushaaliin gemt hergee nuun daragduuj boldog yumuu.alban tushaaltnuudad huuli yilchlehgyi bol huuli yarih hereg baina uu
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 3 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 7 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 11 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 14 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 17 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 19 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 7 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 59 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 2 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 7 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 25 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 32 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 34 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 34 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 36 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 42 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 51 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 3 цаг 3 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top