x

Хууль тогтоогчид л хийж чадах хулгай буюу "хөөн хэлэлцэх хугацаа"

Мордохын хазгай

Хууль тогтоогчид л хийж чадах хулгай гэж байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2017 оныг хүртэл УДШ-ийн шийдвэр гарах хүртэл тоолж, харин 2017 оноос анхан шатны шүүхийн шийдвэр гартал, 2020 оноос яллагдагчаар татагдах хүртэл тоолдог болов. Гэмт хэрэгтэй тэмцэх талаасаа бол УИХ-д баяр хүргэж алга ташмаар үзүүлэлт. Гэвч бодит байдал дээр аль эрт 2015 оноос яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор хуульчилсаныг Эрүүгийн хуулийн эцсийн редакци оруулах нэрийдлээр өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл арай ахиухан тоолохоор хуульчилсан байна. Ингээд 2017-2020 он хүртэл 3 жилийн хугацаанд яллагдагчаар татагдсан боловч шүүхийн шийдвэр гараагүй хэрэгт шалгагдсан иргэдийн хэрэг хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Энэ нь хэрэгт шалгагдсан иргэд болон шалгасан хуулийн байгууллагын хэний ч буруу биш, учир нь хууль ямар байна, шийдвэр тэгж гарна. Ингээд хууль хулгайлсан хэсэг улс төрчид нэгнийгээ буруутган муудалцсаны харгайгаар дараагийн удаа бүр аймшигтай хуулийн хулгай төрөв.

Ичсэн хүн хүн ална

Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг багасгасан хэрэгт Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нарын хуульч гишүүд биесээ буруутгасны эцэст нь хуулийн суурь зарчмаас ухарсан шийдвэрийг парламент гаргав. Нэг бүдэрч болно, долоо бүдэрч болохгүй. 

Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенци, хүний эрх, эрх зүйн суурь зарчмаас ухралт хийн нэгэнт өнгөрсөн алдаагаа залруулах үүднээс хүчин төгөлдөр хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг архиваас авчран сэргээн шалгаж, “нэхэн ял шийтгэх” тухай хууль батлуулав. Би буруугүй тул одоо тэднийг алж үзүүлье гэдэгтэй агаар нэг юмуу даа. Ийм муу хууль Монголын эрх зүйн түүхэнд байгаагүй төдийгүй коммунист СССР-ийн үед Зөвлөлтийн хууль тогтоогч нар дарангуйлагч Н.Хрушевийн заавраар Эрүүгийн хуулиа 2 ч удаа буцаан хэрэглэх замаар валютын ченж, үнэт эдлэлийн бизнес эрхэлсэн залуусыг дамын наймаа хийсэн хэргээр цаазаар авсантай төстэй түүх давтагдав.

Хууль сайхан муухайгаас үл шалтгаалан хэрэгждэг тул хүчин төгөлдөр хуулийн хүрээнд шийдвэр гаргасан шүүх, прокурорын байгууллагыг буруутгах шалтгаан байхгүй. Олон улсын гэрээ, эрх зүйн зарчим, хүний эрхийг дээдлэх үзлийн үүднээс орчин үед Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэдэг жишиг дэлхий нийтэд байхгүй. Эрүүгийн хуульд заасан зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн энэрэнгүй ёсны үндсэн зарчмыг хуулийн хулгайчдын үйлдлийг залруулахын тулд зөрчиж болохгүй. 

Эрүүгийн хуульд албан тушаалын хэргээс илүү хүнд хор уршиг, хохирол учруулдаг “хүний амь нас хохироох, эх орноосоо урвах, хорлон сүйтгэх, терроризм, төрлөөр аймаглан устгах /геноцид/, үй олноор хөнөөх” гэх мэт хэргүүдээс илүү ялгаварлаж албан тушаалын гэмт хэргийг сэргээн шалгах нь Үндсэн хуулийн тэгш байдлын зарчимд нийцэхгүй.

Шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг хууль тогтоогч хууль батлах замаар дахин сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэхийг шүүхэд тулгаж байгаа нь Үндсэн хуулийн “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэн”, “шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зохицуулалттай зөрчилдөнө. 

Товчхондоо Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах буюу шинээр гэмт хэрэгт тооцох, ял шийтгэлийг нэмэгдүүлэх, хүндрүүлэх зэрэг замаар эргэж хэрэглэх хилс хэрэгт ял шийтгэх, хэлмэгдүүлэлт үүсэх эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Өнөөдрийн хувьд гэмт хэрэгт тооцогддоггүй байсан үйлдлийг маргаашийн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож хууль буцаан хэрэглэх байдлаар хилсээр хэнийг ч нэхэн ял шийтгэж болохгүй. 

Иймд иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль, олон улсын гэрээ, дэлхий нийтийн жишиг, хүний эрхийн суурь зарчимд тулгуурласны үндсэн дээр УИХ-ын Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргалаа. УИХ ухсан нүхэндээ өөр унаж будилахдаа Үндсэн хуулиа зөрчжээ. Үндсэн хуулийн цэц хөөн хэлэлцэх хугацаа, албан тушаалын хэрэг гэх мэт хамрын үзүүр төдийхнөөс цааш харж эрх зүйн зарчмын шинжтэй үндэслэлтэй шийдвэр гаргав. Цэцийн шийдвэр эрх зүйн судалгаа, шинжилгээ, харьцуулсан судалгаа, шинжээчийн дүгнэлт, хүний эрхийн байгууллагуудын санал дүгнэлтийг харгалзсан нь лавтай. Эрүүгийн хууль буцаан хэрэглэж хэлмэгдүүлэлт эхлүүлэх санаархал нь мөсөн уулын орой төдий гэдгийг цэц олж харлаа. Цаашид энэ жишиг тогтвол буцааж 1937 оныг хууль ёсоор буцаан авчирна гэсэн үг. Өмч хувьчлал, газар, лиценз олголт зэргийг өнөөдөр хууль бус хэмээн зарлаж шинэ дүрмээр нэхэн ял шийтгэж болохгүй, ер нь өнгөрсөнийг шинэ дүрмээр нэхэн шүүж эхэлвэл хэнийг ч гэмт хэрэгт ял шийтгэж болох хэлмэгдүүлэлтийн үүд нээгдэх эрсдэлтэй. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн манаачийн хувьд энэ их хэлмэгдүүлэлтийн хаалгыг хаасан зарчмын шийдвэр гаргалаа. 

Цаашид хэрхэх вэ?

Гарын таван хуруунд багтах албан тушаалын гэмт хэргийн хөлд хохирлоо төлж, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдсэн хэдэн зуун хэргүүд чирэгдэж хуулийн хулгайн төлөөсөнд ял шийтгэгдэх нь Үндсэн хуулийн шударга, тэгш байх зарчимд нийцэхгүй. Улс төрчдийн попрох дуртай сэдэв болсон албан тушаалын гэмт хэргийг шүүхээс гэм буруутайд тооцох тохиолдолд хууль бусаар олсон орлогыг хураах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргах бөгөөд зөвхөн ял шийтгэл биечлэн эдлэхээс чөлөөлж, бусад эрх зүйн үр дагавар үлдэнэ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах нь улс төрийн талаас хасах оноо авахаас айсан улс төрийн хүчнүүд үнэн хэрэгтээ хууль ёс, хүний эрхийг нулимж эхэллээ. Ингэснээр шүүхийн хараат бус байдалд илэрхий халдсан зарим улс төрчдийн хүслийг ил, далд гүйцээх шийдвэр гаргаж байна. 

УИХ-ын гишүүд цэцийн шийдвэрийг хэлэлцэхийн өмнө хүний эрх, эрх чөлөөг хамгийн хатуу хязгаарладаг Эрүүгийн хууль төдийгүй бусад бүх хуулиар эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэдэггүй болохыг анхаарч үзэх нь зүйтэй. 

Мөн шүүхийн шийдвэрт нөлөөлж, өрсөлдөгч нараа улс төрийн хилс хэрэгт ял шийтгэх сонирхолтой даргын хүслийн гүйцэлдүүлэх нь ирээдүйд өөрийгөө болон үр хойчоо эрсдэлд оруулах аюул байна. 

Маргааш хилс хэрэгт ял шийтгүүлэх хэний ч ээлж ирж болохыг мөн хууль хулгайлагсад гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр хэний заавраар хөдөлж байгаад дүгнэлт хийхийг хүсье. Эцэст нь УИХ гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор хуулийн суурь зарчмаас ухралт хийж иргэдээ хилс хэргээр ял шийтгэж хэлмэгдүүлэлт эхлүүлэх үндсийг тавилцахгүй гэж найдах л үлдлээ! 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 5 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 19 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 1 цаг 55 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 2 цаг 7 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 2 цаг 7 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 2 цаг 8 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 2 цаг 13 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 2 цаг 17 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 3 цаг 20 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 3 цаг 42 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 4 цаг 13 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 4 цаг 17 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 4 цаг 19 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 4 цаг 20 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 4 цаг 25 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 4 цаг 25 мин Голомт банкийг “Усны Элч” банкаар дахин өргөжиллөө 5 цаг 23 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top