Коронавируст цар тахлын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарлажээ. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авах аж.
Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн танхимаар хичээллэх боломжтой гэсэн байна.
Цар тахал гарсантай холбогдуулан Кембриджийн их сургууль энэ семестрт кампусаа хааж, их сургуулийн багш нар гуравдугаар сараас хойш цахимаар хичээлээ зааж, шалгалтаа авч байгаа юм.
Манчестерийн их сургууль ч ирэх семестрийн хичээлийг цахимаар орох болсноо мөн мэдэгдсэн байна.
Их сургуулиуд хичээлээ цахимаар орсон ч сургалтын төлбөрөө бүтнээр авах магадлалтай тул оюутнуудын эрх ашгийг хамгаалагчид энэ долоо хоногийн эхэнд Английн их сургуулиуд намар хичээл орохоос өмнө хичээлээ ямар хэлбэрээр орох талаар оюутнуудад “тодорхой” хариу өгөх ёстой гэсэн шаардлага тавьжээ.
Эх сурвалж: BBC.COM