БНСУ энгийн амьдралдаа эргэн орж байна. Солонгосын сургуулиуд 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар уламжлалт сургалтын хэлбэрт шилжиж орох талаар тус улсын Боловсролын сайд Ёу Юн Хэ мэдэгдэл хийсэн байна.
Эхний ээлжид төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж эхлэх бол долоо хоногийн дараа буюу Тавдугаар сарын 20-ны өдрөөс 11, 9, 2, 1 дүгээр ангийн болон цэцэрлэгийн танхимын сургалт эхэлнэ. Харин тавдугаар сарын 27-ны өдрөөс 10, 8, 3 болон 4 дүгээр ангийн хичээл эхлэх бол 5, 6, 7 дугаар ангийнхан хичээлдээ зургадугаар сарын 1-ний өдрөөс орно.
Дашрамд сануулахад, Өмнөд Солонгост хичээлийн шинэ жил гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, дараа жилийн хоёрдугаар сарын дундуур дуусдаг ба хичээлийн жил нь хавар, намрын улирал гэж хуваагддаг бөгөөд зуны 7,8 дугаар саруудад амардаг байна. Энэ жил цар тахал гарсантай холбогдуулан хичээлийн жилийн нээлтийг хэд хэдэн удаа хойшлуулж байгаад зайны сургалтыг эхлүүлсэн байсан юм.