x

Үндсэн хуулийг ингэж өөрчилнө

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр 2017 оноос хойш хоёр жил гаруй ажилласан ажлын хэсгийн гишүүд өчигдөр УИХ-д төслөө өргөн барилаа. Өмнө танилцуулсан төсөлд Үндсэн хуулийн таван бүлэгт өөрчлөлт оруулахаар боловсруулсан байсан бол энэ удаа Үндсэн хуулийн дөрвөн бүлэг, 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг эзэлж байна.

Хамгийн түрүүнд хуулийн 19 дүгээр зүйлд

“Улс төрийн нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл Улс төрийн намын хуульд оруулахаар зэхэж байсан намын санхүүжилтийг ил тод болгох асуудал Үндсэн хуульд суусан гэсэн үг.

Мөн хуулийн 28 дугаар зүйлд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй” хэмээн заасан байна. Өмнөх УИХ-ын үед УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Х.Тэмүүжин нарын гишүүдээс санаачлан боловсруулсан парламентын Мөрдөн шалгах түр хорооны чиг үүрэг энд орж ирж байгаа юм байна. Ингэхдээ “Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” хэмээн зохицуулсан байна.

УИХ-ын хууль батлах үйл ажиллагааг чадавхжуулах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мөн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуулийг УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар батална” гэсэн байна.

Одоогийнх шиг 39 гишүүний ирцээр чуулган хуралдаж, 20 хүний саналаар хууль баталж болохгүй болох нь. Хууль баталж, алх тогшихын тулд хамгийн багадаа 39 хүн дэмжсэн санал өгөх ёстой болно гэсэн үг. Тэгэхээр чуулганы ирц түүнээс олон байх шаардлагатай болох нь.

Мөн УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрыг огцруулахаар санал гаргасан тохиолдолд (дөрөвний нэгээс илүү нь) дараачийн Ерөнхий сайдын нэрийг хамтад нь оруулж хэлэлцүүлж байх зохицуулалтыг хийсэн байна. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж чадна гэж ажлын хэсэг үзсэн юм байна. Ерөнхий сайдыг (Засгийн газрыг) ямар ч хамаагүй шалтаг хэлэн унагачихаад дараа нь Ерөнхий сайдаа хайгаад давхичихдаг өмнөх практик давтагдахаа болих нь.

Ер нь бол сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газраас илүү Засгийн газар, Ерөнхий сайд томилогдож байсан түүх ч бараг байхгүй л дээ. “Манай намын Ерөнхий сайд энэ хүн байх юм аа, ийм ийм ажил хийх юмаа” гээд бодлого, хөтөлбөрөө танилцуулаад гараад ирсэн хүнээ огцруулчихаад түүнээс илүү ажиллах Ерөнхий сайд, Засгийн газар гарч ирэх нь онолын хувьд ч боломжгүй.

Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухайд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн шинэ заалт оруулжээ. Өмнөх төслүүдэд “Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй” гэдэг томьёоллоор явж байсныг тодорхой тоонд бариулж өгсөн юм байна. Гуравны нэгээс илүүгүй нь гэчихээр яамдаа 20, 30 болгоод нэмэгдүүлчих хуулийн боломж гаргаад байна гэдэг болгоомжлолыг тухайн үед тухайн үед гишүүд ярьж байсан билээ.

Өмнөх парламентын үед ч яригдаж байсан, өмнөх төсөлд ч танилцуулагдаж байсан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндсэн хуульд заасан хэмжээнд хумих, Үндсэн хуульд заагаагүй эрх мэдлийг бусад хуулиар олгодог байдлыг халах асуудал ч мөн нэмэлт өөрчлөлтийн төсөлд багтсан байна. Бүр тодорхой хэлбэл, "Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэжээ.

Мөн Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор өөрчлөлт оруулжээ. Ерөнхийлөгчид сонгогдох насыг арван насаар ахиулж, сонгуульт хугацааг нь УИХ-ын бүрэн эрхийг хугацаанаас уртасгасан байна.

Мөн шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр нэлээд өөрчлөлтийг оруулж байгаа юм байна. Тухайлбал, "Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Шүүгчид нэр дэвшигч нь Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ.

Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэх мэтээр заасан байна.

Шүүхийн хараат бус байдлыг хангах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийг өөрийг нь хараат бус байлгахын тулд бас тодорхой зохицуулалтыг хийж өгсөн байна. Тодруулбал, ШЕЗ-ийн таван гишүүнийг ес болгож, үүнээс тавыг нь УИХ-ын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилно” гэсэн байна. УИХ нэр дэвшүүлэх нь хэр оновчтой эсэхийг мэдэхгүй ч томилгооны сонсгол хийнэ, гишүүдийн гуравны хоёроор томилно гэсэн нь шалгуурыг нэлээд өндөрсгөсөн харагдуулж байна.

Дашрамд дурьдахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ төслийг өмнөх төслүүдтэй харьцуулахад харьцангуй өө сэв багатай, дэмжиж болохоор төсөл болсон гэлцэж байна. Ажлын хэсгийнхэн ч бас удаан хугацаанд судалгаа хийж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, давхардсан тоогоор 5.4 сая санал иргэдээс хүлээж авсан, эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийж, Үндсэн хууль судлаач, эрдэмтэд, Үндсэн хууль тогтоогчдын санал, дүгнэлтийг авсан хэмээн тайлагнаад байгаа.

Ялангуяа шүүхийн хараат бус байдлыг хангах, ШЕЗ гэдэг байгууллагын тухайд нэлээд нарийвчилсан зохицуулалт хийсэн байна. Энэ нь чухам Үндсэн хуульд зайлшгүй тусгах ёстой зүйл байсан уу, эсвэл бусад хуулиар зохицуулж болохоор зүйл байсан уу гэдэг дээр хууль тогтоогчид үгээ хэлэх биз.

Ямартай ч ажлын хэсэг ажлаа хийчихлээ. Одоо харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ парламентын үед баталж чадах уу, баталлаа гэхэд ажлын хэсгийн оруулж ирсэн зарчим, үзэл санаа хадгалагдаж чадах уу? гэдэг парламентын бүрэн эрхийн асуудал болж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • monhyy (93.212.134.96)
    Huuliin medleg dadlsg mergejlee hyndetgeerei...ard tymen gej hiirhehee bolioroi...yah gej mergejjil olgosiin....
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 14 цаг 39 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 14 цаг 41 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 14 цаг 45 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 14 цаг 45 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 14 цаг 48 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 14 цаг 48 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 14 цаг 51 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 14 цаг 58 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 15 цаг 47 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 17 цаг 10 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 17 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 40 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 17 цаг 42 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 17 цаг 43 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 17 цаг 44 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 18 цаг 11 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 18 цаг 20 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 19 цаг 18 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 21 цаг 26 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 21 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top