УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гаражнаас татвар авдаг асуудлыг олон хүн эсэргүүцэж шүүмжилсэн. Иргэдэд яг ямар хүндрэл учирдаг байсан талаар та хууль санаачлагчийн хувьд судалсан байх. Энэ талаар товчхон тайлбар өгөхгүй юу?
-Татварын ерөнхий газрын 2026 оны зургадугаар сарын 30-ны өдрийн мэдээллээр Монгол Улсад авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дийлэнх нь иргэдийн өмчлөлд бүртгэлтэй байна. Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулсан татвар 2024 онд 2.5 тэрбум, 2025 онд 5.2 тэрбум, 2026 онд 18.3 тэрбум төгрөг болсон бол төсөвт бодитоор төлсөн татвар 2024 онд 1.8 тэрбум, 2025 онд 2.0 тэрбум, 2026 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 4.5 тэрбум төгрөг байна. Энэ нь нэг талаас татварын ногдол нэмэгдэж байгааг, нөгөө талаас ногдуулсан болон бодитоор төлөгдсөн татварын хооронд зөрүү байгааг харуулж байна. Энэ нь өөрөө энэхүү хэмжээний татварын дарамтыг иргэдээс чөлөөлж өгч байгаа гэсэн үг.
-Таны санаачилсан гаражийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл батлагдсанаар ямар ач холбогдол, үр дүн бий болох боломжтой вэ?
-Автозогсоол нь хотын орон зайн зохион байгуулалттай шууд холбоотой хөрөнгө. Иргэд автомашинаа зориулалтын зогсоолд байрлуулах нь нийтийн эзэмшлийн зам, явган хүний зам, талбайг зогсоол болгон ашиглах дарамтыг бууруулах, хөдөлгөөний зохион байгуулалт, явган зорчигчийн аюулгүй байдлыг сайжруулахад ач холбогдолтой. Олон улсын татварын тогтолцоонд ч үндсэн оршин суух болон өөрийн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь орон сууц, түрээсийн болон хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах зарчим түгээмэл хэрэгжиж байна. Тухайлбал, Сингапурт өмчлөгч өөрөө амьдардаг орон сууцанд хөрөнгө оруулалтын зориулалттай орон сууцнаас доогуур татварын шатлал хэрэглэж, энэхүү давуу нөхцөлийг үндсэн нэг орон сууцтай холбон хэрэгжүүлдэг.
-УИХ-аар 2027 оны улсын төсвийг баталлаа. 2027 оны төсөв дээр ямар санал, шүүмжлэлтэй байгаа вэ?
-2027 оны улсын төсөв 41.5 их наядаар зарлага нь батлагдаж, 39.2 их наядаар орлогоо тооцсон. Дунд нь 2.3 их наядын алдагдалтай улсын төсөв батлагдсан. Миний төсөөлж байгаагаар энэ улсын төсөв явсаар хавар төсвийн тодотгол руу орох байх. Яагаад гэвэл зарлагаа орлого нь нөхөж чадахгүй байх гэж бодож байна. Оюу толгойн ногдол ашгийг ард түмэнд тараана, тараахгүй гээд хэлэлцүүлэг маягийн зүйл болсон. Гэхдээ хамгийн түрүүнд хуулиа харах хэрэгтэй. Баялгийн сангийн тухай хуульд ногдол ашгийг баялгийн сандаа төвлөрүүлнэ. Яагаад гэвэл хуримтлалын сандаа хийх ёстой. Энэ хуримтлалын сангаас боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулалт руу хуваарилна гэсэн хуультай. УИХ-ын гишүүн, эсвэл Засгийн газар Баялгийн сангийн зарцуулалтыг өөрөөр ашиглах тухай хууль санаачилж болно. Тухайлбал, Баялгийн санд төвлөрсөн уул уурхайн ногдол ашгийг иргэний данс руу шилжүүлж өгөх ёстой гэсэн хуулийн төсөл орж ирээд, УИХ баталбал энэ нь хуулийн талаасаа зөв гарц нь нээгдэж байгаа гэсэн үг. Ингэж байж иргэн ногдол ашгийг гартаа авна. Одоо шууд иргэдэд тараана гэж хэлэлцүүлэг хийгээд байгаа нь хуулиа тойрсон, хуулиас гадуур зүйл ярьж байгаа хэрэг.
Дараагийн асуудал төсөв тэлж, том төсөв баталж байна гэж ярьж байгаа. 2016 оноос хойш сүүлийн арваад жил манай төсөв тэлсэн. Миний мэдэхийн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үед арав гаруй их наядын төсөв баталж байсан. Одоо 40 их наяд руу орж байна. Дөрөв дахин тэлсэн. Төсөв тэлж болно. Уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн орлого гээд улс олж болох бүх орлогоороо төсвөө тэлж болно. Төсөв тэлнэ гэдэг сайн. Хамгийн гол нь зарлагыг оновчтой болгох ёстой. Зарлага үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна. Мега төсөл нэрийн дор бүтээн байгуулалт, цемент, бетон болоод байна. Энэ төслүүд тендерт орохдоо дарга нарын "цавчаа" орохоор төсөв автоматаар томорчихоод байна. Хувийн хэвшлийнхэн нэг тэрбумд хийх байсан төслийг цаашаа улсын төсөв, орон нутгийн төсөв дээр очоод тендер зарлагдахаараа таван тэрбум болчихоод байна. Гол асуудал үүнд байна. Улмаар "данхар төр" эндээс үүсээд байна.
Мөн бидний дараагийн ойлгох ёстой зүйл бол "Төсвийн тогтвортой байдлын зөвлөл" гэж бий. Тэнд байгаа хүмүүс төсвийн орлого, зарлага нь ийм хэмжээтэй байвал зөв гэсэн мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа. Гэтэл нэг ч удаа энэ зөвлөмжийг дагасан төсөв батлагдахгүй байна. Ингээд төсвийн буюу санхүүгийн сахилга бат алдагдаад байна. Ингээд гарын салаагаар урсаад иргэддээ очихгүй байна. Төсөв тэлсний хэмжээгээр таны болон миний халаасанд цалин, орлого болж очих ёстой. Эсвэл татварын бодлого буурч, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого адилхан дөрөв дахин нэмэгдэх ёстой. Гэтэл ингэхгүй байгаа нь харамсалтай. Ийм үед төсөв тэлэх нь буруу. Төсвөөс авлига, хээл хахуульд холбогдож байгаа улс төрд ажиллаж байгаа албан тушаалтан, төрд ажиллаж байгаа хүмүүс л хожиж байна. Ард түмэн ашиг орлогыг нь хүртэхгүй байгаа нь хамгийн эмгэнэлтэй байна.
-Манай улс түүхэнд байхгүй ам.долларын нөөцтэй болсон. Валютын нөөц нэмэгдэх тусам валютын ханш буурах ёстой атлаа яагаад тогтворжихгүй бага багаар нэмэгдээд байна вэ?
-Төгрөг өөрөө цаас болж, бараа бүтээгдэхүүн хуучин авдаг байсан үнээсээ 3-4 дахин үнэтэй болчихож байна. Ингээд хувь хүний орлого амьдралд хүрэлцэхээ больжээ. Монголбанк цаас хэвлээд инфляцийг дарах гээд оролдоно. Тэгэх тусмаа ам.доллартай харьцаж байгаа харьцаа улам өсөөд, цаас болчихоод байна. Үүнийг инфляци гэж хэлээд байгаа. Хамгийн энгийнээр хэлбэл, өргөн хэрэглээний бараагаа урьд өмнөх шигээ үнээр авч чадахгүй байна. Үнийн өсөлт, мөнгөний бодлогыг барих гол байгууллага нь Монголбанк. Монголбанк мөнгөний бодлогоо хэр барьж байна гэдгийг харах ёстой. Өнөөдөр (өчигдөр) Ардчилсан нам мөнгөний бодлогын тухай авч хэлэлцэж байна. Хамгийн харамсалтай нь нэгэнт төсвөө баталчихсаны дараа мөнгөний бодлого ярихаар "Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө" гэдэг болчихоод байна.
Баялгийн санд төвлөрүүлж буй манай улсын валютын нөөцийн тодорхой хэсгийг Англи, Люксембург зэрэг улсын банкуудад байршуулсан байдаг. Валютын нөөцөө олон улсын санхүүгийн найдвартай байгууллагуудад тодорхой хэмжээгээр байршуулах нь санхүүгийн эрсдэлийг удирдах нэг арга юм. Үүнтэй холбоотойгоор олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг үнэлдэг. Одоогоор манай улсын зээлжих зэрэглэл B түвшинд байгаа нь тодорхой нөхцөл, шалгуурын хүрээнд гадаад зах зээлээс зээл авах боломжтойг илэрхийлж байна. Иймд зээлжих зэрэглэлээ хадгалах, гадаад санхүүжилт татах боломжоо хамгаалах зорилгоор валютын нөөцөө зохих хэмжээнд байлгаж, хүүгийн орлогоор өгөөж хүртэх нь санхүүгийн бодлогын нэг хэсэг юм. Тиймээс энэ бодлогыг дан ганц мөнгө гадаадад байршуулж байна гэж харахаас илүүтэйгээр улсын санхүүгийн тогтвортой байдал, зээлжих зэрэглэлийг хадгалах зорилготой арга хэмжээ гэж ойлгож байна. Үүнийг буруу бодлого гэж үзэхгүй байгаа.
-Намын дотоод асуудлаар танаас хэд хэдэн зүйл асуумаар байна. Танай намын дотоод эв нэгдэл ямар байна вэ. Саяхан бүлгийн дарга, удирдлагуудаа шинээр сонголоо шүү дээ?
-Манайх фракцын соёл дээр суурилж ирсэн нам. Анх ардчилал байгуулагдаж байхад олон ургальч үзэлтэй, олон намууд гарч ирсэн. Тухайлбал, 2000 онд ардчиллын төлөөх намууд нэгдсэн. Энэ хэрээрээ фракцууд явдаг. Сүүлийн үед төрөлжөөд янз, янзын фракцууд болж байгаа. Фракцынхаа эрх ашгийг намынхаа бодлогод тусгаад, намын бодлого нь дээшээ засгийн бодлого руу орох бүтцээр явж байгаа. Үүнийг задрал гэж хэлэхээсээ илүү фракцын соёлтой нам гэж хэлэх хэрэгтэй. Харамсалтай нь фракцын толгой болсон том улстөрчид маань өөрсдийн үзэл бодол, улс төрийн шийдвэр, томоор яривал эх орноо хөгжүүлэх чиглэл зэрэг том асуудлаар зөрсөн учраас доошоо фракцууд дээрээ ирээд мөргөлдөөд байдаг. 2016 оноос хойш сөрөг хүчин хийж байна. Нам талаасаа харвал намын эв нэгдлээс болж дандаа ялагдаж байна. Үүнд бид дүгнэлт хийх хэрэгтэй. Миний хувьд эв нэгдлийг урдаа барьж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлж явдаг. Өнөөгийн нөхцөлд 42 гишүүнтэй бүлгийн даргаа, дэд даргаа томилоод явсан. Анх гэрээ хийгээгүй боловч аман яриагаар жил бүр бүлгийн дарга, дэд дарга нараа сольж, 42 гишүүнийхээ чадал чансааг нь сорьж байвал яасан юм бэ гэдэг зүйл ярьж байсан. Харамсалтай нь хоёр жил гаруй хугацаанд анхны бүлгийн бүрэлдэхүүн тэр чигтээ явсан. Үүнээс болоод 42 гишүүндээ ижил тэгш хандах, мөн нүүр болж байгаа бүлэг, бүлгийн дэд дарга нарын маань улс төрийн байр суурь сүүлийн үед мохоо болж, гацаанд орсон. Тийм учраас дараагийн хүмүүстээ боломж олгоод, сая бүлгийн шинэ бүрэлдэхүүн гарсан. Одоо энэ бүрэлдэхүүн Ардчилсан намын 2027, 2028 оны сонгууль руу чиглэсэн улс төр, эдийн засгийн бодлогоо хийгээд явах ёстой. Учиргүй намд хагарал, бутрал гарсан гэж бодохгүй байна. Гэхдээ эрх баригчдын дунд гарч байгаа 30\38 бүлэглэлийн нөлөө манай намд байхыг үгүйсгэхгүй. Бид энэ "нялхсын өвчин"-өөсөө салах ёстой. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намаас ардчилсан Ерөнхийлөгч гаргахын төлөө бүгд нийлээд зөв голдиролд орох байх гэж бодож байна.
-АН-ын ХЕХ (Хяналтын ерөнхий хороо)-ноос намын генсекийг огцруулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ намын даргадаа өгч байх шиг байсан. Намын ЕНБД-ыг огцруулах эсэх асуудлыг танай намын дүрэмд юу гэж заасан байдаг вэ. Энэ намын дотоод улс төрийн асуудлыг та хувьдаа хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-ХЕХ-ноос гаргасан шийдвэр дээр ямар, ямар заалтаа барьж шийдвэрээ намын даргад өгсөн гэдгийг уншаагүй. Энгийн дүрмийн ойлголтоор ХЕХ-ны шийдвэр үндсэндээ эцсийнх байх. Гэхдээ ҮБХ-ноос генсекийг томилдог. Томилсон газар нь чөлөөлөх ёстой. Гэхдээ дүрмийн хүрээний хувьд манайх дахиад дүрмээ сайжруулах ёстой юм билээ. ХЕХ дахиад дүгнэлт хийгээд, намын даргадаа өгчихөж байна. Яг тэр байгууллага чөлөөлнө гэдэг дүрмийн заалт нь байхгүй юм билээ.
-АН-ыг Засгийн газартай хамтрах асуудал мөн олны анхаарлыг татсан. Таны хувьд хамтрах асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-2024 онд ялалтынхаа үр дүнгээр МАН-аас санал тавиад, хамтарсан. Жил орчмын дараа МАН бага хурлаасаа биднийг чөлөөлсөн. Тэгэхээр ёс суртахууны хувьд хамтрах сонирхол байхгүй.
Яг намын шийдвэр гараагүй учраас мэдэхгүй байна. Хувь улстөрчийнхөө хувьд одоо бид 2027, 2028 оноо чигээр нь хараад, Ардчилсан нам бүрэн засаглах хэмжээнд явах нь зүйтэй учраас хамтралыг дэмжихгүй.
Өдрийн сонин



