x

Б.Чинзориг: Энэ Азийн наадмаас олимпын эрх авахыг би маш их хүссэн

Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Б.Чинзоригтой уулзаж ярилцлаа.

-Та Токио-2020 олимпын рингэн дээр ялагдаад буусныхаа дараа ард түмнээсээ уучлалт гуйж байсан боксчин. “Үнэхээр хэлэх үг алга. Маш харамсалтай байна. Надад итгэж, хүлээж байсан хүн бүрээс, Монголын ард түмнээсээ уучлалт гуйя” гэж хэлж чадсан хүн. Бас дараа дараачийн тэмцээндээ хэн болохоо харуулах болно гэдгээ ч хэлсэн. Түүндээ ч хүрч сая Азийн наадмын алтан медаль хүртлээ. Уучлал гуйгаад зогсож байсан тэр үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Мэдээж, надад маш хэцүү байсан. Өмнө нь би Азийн аварга болчихоод, дараа нь ковид тусаад Токиогийн олимпод 10-аад хоногийн бэлтгэлтэй явсан юм. Азийн аваргаар ялж байсан тамирчиндаа Токиогийн олимпод 3:2-оор ялагдаж байлаа. Ер нь би бэлтгэлээ хийхдээ байнга боддог л доо. Би явж байгаа. Миний жинд явж чадаагүй тамирчид байгаа. Дээрээс нь би бокст хүсэл мөрөөдлөө биелүүлэх гээд явж байна. Би Монголыг төлөөлж тийшээ очиж байгаа. Монголын татвар төлөгчдийн мөнгөөр би тийшээ очиж байгаа болохоор би ялах ёстой, хүчтэй байх ёстой, бэлтгэлээ маш сайн хийх ёстой гэсэн бодол надад байдаг. Тийм болохоор тэр үүрэг хариуцлагаа үүрч чадаагүйдээ тухайн үед уучлалт гуйж байсан.

-Азийн наадмын өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард ДАШТ болж, мөнгөн медаль хүртсэн. Аваргын алтан медалийн төлөө Узбекистаны боксчинтой таарч өрсөлдөөд шүүгчдийн саналаар ялагдсан. Харин саяны Азийн наадам дээр хоёрдугаар тойрогт тэр тамирчинтайгаа буюу дэлхийн аварга Руслан Абдуллаевтай таарч 5:0-оор ялсан. Энэ нь нэг талаар ДАШТ-ий шүүлтэд хариулт өгөх шиг болсон. Үүнтэй санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Шалтаг тоочоод байвал зөндөө зүйл бий. Ялагдал бүхний ард нэг шалтаг байж л байдаг. ДАШТ-ий хувьд яалт ч үгүй би дутуу тоглосон. Хүн үргэлж сайжирч, хөгжиж байж урагшилдаг болохоор өөрөө яаж сайжрах вэ, дутагдлаа яаж засах вэ гэж бодож бэлтгэл хийж байсан.

Бүхий л зүйлээ сайжруулахын төлөө хичээсэн.  Мэдээж хэрэг, хожигдсон хор шар байсан л даа. Хүний нутагт тоглож байгаа болохоор би ялна гэдэгтээ итгэж рингэнд гарсан. Итгэлтэй биш, итгэж, зорьж гарсан. Одоо бас олимпоор бид хоёр өрсөлдөнө. Ялагдсан хүн маш хор шартай гарч ирдэг. Тийм болохоор түүнийг нь давсан бэлтгэл сургуулилт, тактик боловсруулах үүрэг хариуцлага надад ирж байгаа. Ер нь ялагдсан тамирчин илүү хор шартай байж, ялсан нь илүү амар амгалан ирдэг юм шүү дээ.

-ДАШТ-ий мөнгөн медаль гэдэг яах аргагүй том амжилт. Яагаад гэхээр дэлхийн шилдгүүд өрсөлдсөн тулаанаас хүртэж байгаа медаль төдийгүй, өөрөө бөмбөрцөгт хэдэд эрэмбэлэгдэж байгаагаа тодорхойлох үзүүлэлт. Та бол ДАШТ-ий мөнгөн медалиа одоогоор миний хамгийн том амжилт гэсэн байна билээ. Тэгвэл Азийн наадмын аваргын алтан медаль хаана эрэмбэлэгдэж байгаа бол?

-2014 онд Д.Отгондалай ахыг Азийн наадмын аварга болоход би тэр наадамд анх оролцож үзэж байсан. 2018 онд Э.Цэндбаатар дүүг мөнгөн медаль авахыг харж байлаа. Азийн наадмын алтан медаль гэдэг манай бокст маш ховор болохоор 3 дахь алтан медалийг нь хүртсэндээ баяртай байна. Дээрээс нь Азийн наадам гэдэг өөрөө маш хүчтэй, чанга өрсөлдөөнтэй болдог.

Тэгээд энэ удаа Азийн наадмаас Олимпын эрх өгсөн болохоор миний хувьд энэ медаль маань маш үнэ цэнтэй байгаа. Үнэндээ ААШТ-ээс илүү Азийн наадам нь маш хүнд хэцүү, чанга өрсөлдөөнтэй байдаг. Ази тивдээ болж байгаа хамгийн том тэмцээн, дөрвөн жилд нэг удаа зохиогддог гэдгээр нь, хоёр жил дараалж финалдсан гэдэг утгаараа би энэ тэмцээнд их ач холбогдол өгч, маш сайн форумтай очсон. Тэмцээн бүрт сайн форумтай очих ёстой. Гэхдээ тамирчин хүн жилдээ нэг юм уу хоёр удаа л торгон ирэндээ очдог гэсэн судалгаа байдаг юм билээ.

-Энэ удаагийн Азийн наадамд өөрөө би энэ тамирчинг хожно гэж урьдчилж хэлээд л рингэн дээр гараад ялаад байсан. Гурван ч удаа энэ үйлдэл давтагдсан. Үнэхээр өөртөө тийм их итгэлтэй байсан хэрэг үү?

-Энэ Азийн наадмаас олимпын эрх авахыг би маш их хүссэн.  Өдөр бүр сэтгэл зүйгээ түүнд л зориулж бэлтгэл хийж байлаа. Бие хаагаа зориулж бэлтгэл хийж байлаа. Олон зүйлийг золиослоод гэрээсээ гараад маш удаан явсан. Энэ тэмцээнээс эрх авах маш олон шалтгаан надад байсан. Эрүүл мэндийн хувьд ч тэр, амьдралын хувьд ч тэр.

Тэнд очоод би хамгийн түрүүнд “Мэдээж, би энэ тэмцээнд түрүүлнэ” гэж хэлсэн. Надад авч чадахгүй бол яана гэсэн сөрөг мэдрэмжүүд орж ирж байсан. Гэхдээ би тэр айдсыг давж өөдрөг зүйлээр бодол санаагаа солихыг хүсч байсан. Маш ихээр хүссэн шигээ хичээсэн. Тэнд би түрүүлэх гэж очсон. Энэ нь надад дарамт биш, сэдэл болж өгсөн. Ингээд хэлчихсэн юм чинь хичээнэ гэдэг зорилго болсон. Зорилгодоо ч хүрсэн.

-Аваргын төлөө Тайванийн боксчинтой рингэнд хүч үзэж 5:0-оор ялсан. Эзэн орны тамирчинтай эх нутгийнх нь дэвжээнд өрсөлдөнө гэдэг амаргүй. Тэр үед ч ялна, аварга болно гэж хэлж байсан. Үнэхээр ч хэлсэндээ хүрч алтан медаль зүүсэн?

-Заал даяараа өрсөлдөгчийг маань дэмжиж байсан. Гэхдээ миний боддог, амьдралдаа мөрддөг нэг дүрэм байдаг юм. Тэр нь “Өөрийн хийж чадахгүй, нөлөөлж чадахгүй зүйлдээ битгий санаа зов” гэдэг үзэл. Тэр тамирчны яаж тоглохыг би удирдаж чадахгүй, шүүгчдийн хэрхэн шүүхэд би нөлөөлж чадахгүй, тийм болохоор миний хувьд хамгийн сайн тоглолтоо л гаргах нь чухал. Тийм болохоор тухайн үед би энэ эзэн орны тамирчин ч гэж бодоогүй, шүүгчид түүнийг дэмжих вий ч гэж бодоогүй.

Харин хамгийн сайн тоглолтоо яаж гаргах вэ, бэлтгэл дээр байнга хийдэг зүйлсээрээ өрсөлдөгчөөсөө хэрхэн илүү гарах вэ л гэж бодсон.  Өрсөлдөгчийн хувьд миний жинд тив, дэлхийд медалийн төлөө өрсөлдөж байдаг, маш сайн тамирчин бөгөөд миний тооцоонд байнга байдаг боксёр байсан.

-Амжилт заавал зорилготой, сахилга баттай байж ирдэг гэсэн үгийг өөрөө хэлж байсан. Та ер нь хэр сахилга баттай тамирчин бэ?

-Сахилга батыг хүмүүс ганцхан хэрэг тарихгүй байх гэж ойлгодог. Сахилга бат гэдэг илүү өргөн ухагдахуун. Дургүй байсан ч бэлтгэлдээ явах, унтмаар байсан ч хөдөлгөөн хийх, хүсэхгүй байсан ч дасгалаа давтах гэх мэт. Би өөрийгөө сахилга баттай хүн гэж боддог. Би төлөвлөдөг, зорьдог. Дургүй босмооргүй, бүр зугатмаар үе зөндөө байдаг. Заримдаа сэтгэл зүй хүртэл асуудалтай болчихсон байдаг. Байнга бэлтгэл хийгээд урт хугацаанд гадаад орнуудаар яваад, эсвэл жингээ хасаад, сэтгэл зүйд хүртэл нөлөөлдөг.

Гэвч тийм үеийг давж гараад дургүй байсан ч бэлтгэлээ хийж байгааг би сахилга бат гэж хэлнэ дээ. Мэдээж, хүн төгс биш. Заримдаа алдах үе гарна. Гэхдээ сахилга баттай тамирчин байх гэж хичээж байна.

-Амар спорт гэж хаана ч байдаггүй. Зорьсондоо хүрэхийн тулд нэлээд золиос гаргасан гэж байна. Энэ спортын төлөө өөрийгөө үрж, сэтгэлд чинь үлдэж хоцорсон хамгийн том золиос юу байв?

-МУИС-ийн Эдийн засгийн сургууль, тэгээд хувийн амьдрал зохиох боломж, бас төвхнүүлж байгаа хувийн бизнес. Энэ бүхнээ л золиосонд гаргасан. Ямар ч зүйл өөрөө хажууд нь байж, хичээж зүтгэж бүтдэг шүү дээ. Одоо би найз охинтой. Бид 2 одоо амьдралаа эхлүүлэх гэж байна. Гэхдээ найз охиныхоо хажууд байж чадахгүй олон сараар орхиж явах асуудал гардаг. Энэ мэтчилэн надаас том том золиос гарч байгаа юм.

-32 нас гэдэг их спортод залуу нас биш. Тэр дундаа бокст. Одоо 33 настай олимпод оролцоно. Тэгэхээр 19 жилийн хөдөлмөр, хөлснийхөө үнэ цэнийг дүгнүүлэх цаг ирж байна. ДАШТ-д 4, Олимпод 3 дахь удаагаа оролцох гэж байна. Олимпийн дараа цаашдын шийдвэр гаргах мөч ирнэ. Энэ талаар?

-Найз охинтойгоо 2-3 зүйл төлөлвлөсөн байгаа. Энэ бол зүгээр төлөвлөгөө. Юм яг ярьснаар, зорьсноор болдоггүй шүү дээ. Тухайн үеийн нөхцөл байдал бас нөлөөлнө.

Одоо хамгийн том зорилго бол Олимп. Тийм болохоор 100 хувь формтой, 100 хувь сэтгэл зүйтэй, хамгийн өндөр зэрэглэлд өөрийгөө бэлдмээр байна. Түүний дараа шийдвэр гаргах шийдлүүдээ сонгоно доо. Парисын олимп бол миний хувьд сонирхогчдын боксын хамгийн сүүлчийн тэмцээн болох юм.

-2021 оноос хойш би огт өөр Чинзориг болсон. Бэлтгэлийн хувьд ч, бие бялдрын хувьд ч өөрчлөгдсөн гэдэг яриа өгч байсан. Амжилт маань жилээс жилд ахиж байгаа гэсэн байсан. Өөртөө өөр Чинзоригийг нээхэд яг юу нөлөөлөв?

-Нэг ийм зүйл байдаг юм билээ. Хүчний дасгал гэхээр маш их төмөр өргөдөг. Тэр нь бодибилдингийн дасгал хийгээд байдаг. Спортын булчин бол өөр. Энэ нь юу гэсэн үг гэхээр нэг удаа хүчтэй тэсрэх биш, маш олон удаа тэсэрч, тэр тоолонд хурдан сэргэж байх ёстой юм билээ. Шинжлэх ухаан их өөр болсон байна. Миний хувьд сайн тэсэрдэг ч гэсэн тэвчээртэй ажиллагаа нэлээд дутмаг байсан. Тэгээд Энхбаатар гэдэг залуутай 2021 онд анх танилцаад Азийн аваргын өмнө хүчний дасгал хийж үзээд, сүүлдээ хамт амьдраад бэлтгэлээ базаасан. Дасгалжуулагчтай хамт амьдрахын давуу тал маш их. Бэлтгэлээ тогтмол хийчихнэ, өөр өөрийн өнцгийг хэлэлцээд шийдвэрт хүрчихнэ. Хүчний дасгалжуулагч л даа. Хүний биеийн бүтцийг бүрэн мэднэ. Аль булчинг яаж хөгжүүлэх вэ гэдгээс эхлээд л, хүнийг эрүүл болгож, ачаалал даах чадвартай болгож байж хүчний бэлтгэлд оруулдаг. Хамгийн гол нь зөв хүчний дасгал хийгээд ирэхээр өмнө нь амархан цуцдаг байсан зүйл үгүй болсон. Үүнийгээ дагаад тоглолтын хэмнэл огт өөр болсон. Энэ бүхэн үзүүлж байгаа амжилтаар харагдаж байгаа байх.

-Тэмцээн болгон дээр үзүүлсэн амжилт, гаргасан алдаа оноогоо үргэлж бичиж, тэмдэглэл хөтөлдөг гэсэн чинь анхаарал их татсан л даа. Энэ хэдийнээс эхэлсэн дадал вэ?

-Би хэрэгтэй гэхээр нь л тэмдэглэл хөтөлдөг байсан. Яах гэж хөтөлдөг вэ гэхээр жаахан байхад багш нар, ах нар тэмдэглэл сайн хөтөл гэдэг байсан. Тэгээд л хөтөлж эхэлсэн хэрэг. Одоо л яг өөрөө бүрэн учрыг нь ойлгож эхэлж байна. Хүн ер нь өөртөө тохиолдож байгаа болох болохгүй зүйлээ зүгээр л бодоод өнгөрдөг юм байна. Тэгээд ихэнхийг нь мартчихдаг.

Харин үүнийг асуудал болгож тэмдэглэл дээрээ бичсэний дараа хүн шийдэл хайж эхэлдэг юм байна. Тэр нь далд ухамсарт суугаад шийдлээ олох гарцаа хайж эхэлдэг юм байна. Нэгэнт бичээд үлдээсэн зүйлээ хараад өнөөдөр үүнийг засна, маргааш тэрийгээ засна гээд хичээхээр хүн өөрийн эрхгүй алхам алхмаар сайжирдаг юм байна.

Тэгэхээр тэмдэглэл хөтлөх чинь хүн өөртэйгөө ажиллаад хаана яваа цэгээ мэдээд өдөр болгон замбараагүй урсаж байгаа бодлоос шийдэлд хүрч болох зүйлээ ялгаж авах боломж юм билээ.

-Өөртэй чинь уулзсаных нэг зүйл тодруулмаар байна. Та ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Тэр үед Олимпын эрх өгөөгүй юм уу?

-Тийм. Боксын хоёр холбоо солигдчихсон. AIBA-г Умар Кремлев гэдэг хүн удирдаж байсан бол Дэлхийн боксын холбоо гээд гараад ирсэн. Сая Азийн наадмаар гэхэд л яагаад манай зоонд бүх шилдгүүдийг нь шахчихсан байсан бэ гэхээр ранг тогтоогоогүй. Тэр холбооны рангийг авахгүй гэсэн юм шиг байгаа юм. Одоо бол Олимпод зоон толгойлно. Яагаад гэхээр Азийн наадам өндөр оноотой.

-Хамгийн том зорилго чинь Олимп. Парисын олимпод өөртөө ямар зорилго тавьсон бэ. Хэрвээ нууц биш бол?

-Би ДАШТ-ээс мөнгөн медаль авсан байна. Азийн наадмын аварга боллоо. Жингийнхээ дэлхийн бүх шилдгүүдтэй гар зөрүүлж үзсэн байна. Дотор минь итгэл байна. Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа алтан медалийг авахыг л зорьж, хүсч байна. Боломж нь надад байгаа гэдгийг би өөрөө мэдэж байна. 

MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 17 цаг 19 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 17 цаг 21 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 17 цаг 23 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 17 цаг 45 мин Ихэнх нутгаар дулаарна 17 цаг 55 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна 19 цаг 1 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? 21 цаг 11 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 21 цаг 29 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 21 цаг 35 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 21 цаг 39 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 22 цаг 36 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 22 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 23 цаг 26 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 23 цаг 45 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 09 цаг 17 мин Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон Өчигдөр 08 цаг 54 мин Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 08 цаг 36 мин Ихэнх нутгаар дулааны хэм нэмэгдэнэ Өчигдөр 08 цаг 18 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 19 цаг 48 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо Уржигдар 19 цаг 19 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл...
Top