x

ЧИМЭЭГҮЙ ЕРТӨНЦИЙГ-ийг аваръя

Саруул талын салхины сэрчигнээн, горхины ус голын чулуундаа бэдэртэх чимээ, эрчиндээ илчээ нэмэн цангинах хүүхдийн инээд гээд хүний амьдрал ер тэр чигтээ хөг аялгуу, айзам дунд хөврөнө. Хорвоогийн хамгийн тансаг, эсвэл бүр эглээс эгэл энгийн бүхэн хүний чихэнд чимээ болон унаж, тэр чимээг мэдэрч хүлээж авснаараа эргээд уураг тархи хэлбэржэн, хүн түүнээс бүрэлдэн хөгжинө. Чимээ гэгч тэр чигтээ хүний ертөнцийг бүтээх чухал орц аж. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх мөчөөсөө эхлэн дотор долгилон буй усаар дамжуулан чимээлж, өөрийг нь юу хүрээлэн буйг танидаг. Төрснийхөө дараа ч ойролцоогоор хоёр жил хорвоогийн сонин сайханг сонсож, сонсныхоо дараа тэр мэдээллийнхээ тусгалаар ярьж эхэлдэг. Хорвоотой танилцаж байгаа нь тэр.

Харамсалтай нь хоёр чих хоёул ширхэг эгшиг ч хүлээж авахгүй, эсвэл чихэнд унасан арван авианы гурвыг л таньж мэдрэх боломжтой хүүхэд жил бүр дэлхий дээр 400 мянга орчим төрдөг. Дөрвөн зуун мянган ертөнц-“чимээгүй”. Урьд нийгмийн хариуцлага дутмагаас төрсөн хүүхэд бүрийн сонсголыг шалгах боломжгүй, нөгөө талаас эцэг эхийн анхаарал халамж ч соргог бишээс тухайн хүүхэд ихэвчлэн гурван нас хүрээд ганц ч үг ган хийхгүй байх үед эсвэл сургууль, цэцэрлэгт орчихсон атал үеийнхээ хүүхдүүдээс нэг л өөр байгаагаар нь сонсголын бэрхшээлийг илрүүлдэг байж.

Гэвч энэ үед боломжит бүх эмчилгээ хэдий нь оройтож, насан туршдаа дүлий чигээрээ үлдэх ганц л сонголттой нүүр тулна. Хамгийн сүүлийн статистик мэдээгээр Монголд хэл яриа, сонсгол бууралтаас шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотголоор нийгмийн халамжаас сар бүр тэтгэмж авдаг гучин мянга орчим иргэд бий. Төрөлхийн сонсгол бууралттай олон хүнийг эрт илрүүлчихсэн бол энэ хүмүүс улсаас татаас авдаг, хөгжлийн бэрхшээлтэй гэж нийгмээс гадуурхагддаг биш харин ч улсдаа татвар төлөөд, бусдын адил баялаг бүтээх боломжтой байсан гэдэг эмчийн эмзэглэл өөрийг нь болон түүний найзуудыг эрт илрүүлгийн төсөл хийх эрмэлзэлд хөтөлжээ. 

Нярайн сонсголын нэгдсэн хорооноос гаргасан 1-3-6 гэсэн алтан стандартаар хүүхдийн сонсгол бууралтыг амьдралын эхний 1 сард илрүүлж, өөрчлөлттэй үед оношийг баталгаажуулах сонсголын багц шинжилгээг 3 сартайд хийж, 6 сартайгаас хэтрэхгүй хугацаанд сонсгол нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан байх ёстой.

Сонсгол нөхөн сэргээх эмчилгээ гэдэг нь тухайн хүүхдийн нас, сонсголын түвшинд тохирсон аппаратыг мэргэжлийн эмч тохируулан, хүүхэд тогтмол зүүж, сонсгол хэл заслын эмчилгээнд хамрагдах цогц ойлголтыг хэлдэг. Тухайн хүүхдийн сонсгол бууралтын хэлбэр болон зэргээс шалтгаалан, тодорхой заалтуудын дагуу сонсгол оруулах буюу дунгийн суулгацын мэс заслыг хийдэг. Сонсгол бууралт, дүлийрэлттэй хүүхэд сонсголын аппарат болон дунгийн суулгацаар сонсож, үгийг таньж, үг хэлж, ярьж сурахын тулд тухайн хэрэгслэлүүдийг байнга зүүн, мэргэжлийн хэл засалчтай хичээллэж, эцэг эх гэрээр тогтмол хүүхэдтэйгээ ажиллаж уйгагүй зүтгэснээр хүүхдэд сонсгол хэл ярианы хоцрогдол, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлж чаддаг.

Энэхүү алтан стандартыг Улаанбаатар Пийс Авенью Ротари клубын залуус Монголын хөрсөнд бодитоор буулгахын тулд 2013 онд Чимээгүй ертөнцийг аваръя төслөө эхлүүлсэн.

Тэдний олон улсын ротари сэтгүүлд хэвлүүлсэн мэдээлэл Cонсгол бууралттай хүүхдийг дэмжих дэлхийн сангийн гүйцэтгэх захирал Пэйж Стрингэрт хүрснээр төсөл амжилттай хэрэгжих бүх үүд хаалга нээгджээ. Монгол улсын ЭМЯ-наас 2014 онд “Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр 2014-2020”-ийг баталсан бөгөөд үндсэн зорилтуудын нэгд нь төрсөн нярай бүрийн сонсголыг үр дүнтэй, хор хөнөөлгүй, өвдөлтгүй, энгийн аргаар шалгах эрхзүйн орчин бүрэлдсэн. Тухайн үед зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д нярай хүүхдэд сонсголын илрүүлэг (скрининг), оношлогоо хийх боломжтой байв.

2016-2019 онуудад Чимээгүй ертөнцийг аваръя төслийн хүрээнд ЭХЭМҮТ, УНТЭ, нийслэл хотын Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрууд болон алслагдсан хоёр дүүргийн төрөх газруудыг нярайн сонсголыг шалгах аппаратаар үе шаттайгаар бүрэн хангажээ. Уг төслийн хүрээнд тоног төхөөрөмжөөр хангаад зогсохгүй, тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах хүний нөөцийн мэргэшсэн байдал, мэргэжлийн хэл засалч, эцэг эхийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа, төр засгийн анхаарлыг хандуулах, мэдээллийн сан байгуулах зэрэг маш олон ажил олон хүний хүч хөдөлмөр, хичээл чармайлтаар бүтээгдсэн байна.

Энэ төслийн талаар ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолой, сонсгол судлалын эмч Ч.Саруул, “2012 оноос хойш манай төв дээр нярай хүүхдийн сонсголыг шалгаж эхэлсэн. Монгол улсын шинэ төрж байгаа иргэний хагасаас илүү нь мэндэлдэг Улаанбаатар хотын ганцхан төвд нярайн сонсголын илрүүлэг хийнэ гэдэг маш хангалтгүй байсан. Улаанбаатар Пийс Авенью Ротари клубын залуусын санаачилсан, Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих дэлхийн сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “Чимээгүй ертөнцийг аваръя” төсөл ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр болон Чих хамар хоолойн мэс заслын тасгийн хамт олны дэмжлэгээр үндэсний хэмжээнд ганц байгаа хүүхдийн эрүүл мэндийн лавлагаа төв дээр 2017 оноос төвлөрч хэрэгжиж эхэлсэн. ЭХЭМҮТ нь нярайн скринингийн үндэсний лавлагаа төвийн хувьд бусад амаржих газар, эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сурган дадлагажуулах, мэргэжил арга зүйгээр хангах, олон улсын болон дотоодын сургалт зохион байгуулах, сонсгол бууралтыг эрт илрүүлэх, оношлох, сонсгол оруулах дунгийн суулгацын болон чичиргээнт суулгацын мэс заслыг хийх, хэл заслын хөтөлбөрт хүүхдүүдийг хамруулах зэрэг олон үйл ажиллагааг зангидагч бааз болж байна.

Энэ төслийг би хүний амьдралыг өөрчилдөг төсөл гэж хэлэх дуртай. Урьд нь сонсголын илрүүлэг хийгддэггүй байхад хүүхдийг сонсохгүй байгаа хожуу үед буюу гурван наснаас хойш оношилдог байсан. Харин өнөө цагт бид сонсгол бууралтыг гурван сартайд оношилдог болсон. Хүүхэд өөрийг нь бүүвэйлэх дууг сонсохгүй, ээж аав гэж хэзээ ч хэлэхгүй, чимээгүй орчинд амьдарна гэдэг үнэхээр сэтгэл эмзэглэм. Энэ төслийн үр шимээр, анх чимээ аваад айх гайхах зэрэгцэх бяцхан хүүхдүүд, үрийнхээ ээжээ, ааваа гэж хэлэхийг сонсоод хөөрч баярлах эцэг эхийг харахад мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг. Төслийн болон эмч мэргэжилтний багийнхан бид төрөлхийн сонсголгүй, сул сонсдог хүүхдийг эрт илрүүлэн оношилж, эрт үед эмчилгээнд хамруулснаар тухайн хүүхэд, гэр бүлд шинэ шинэ боломжуудыг нээж өгдөг. Хүүхэд оношлогдсон цагаасаа сонсголын аппарат тогтмол зүүх, улмаар тархины хөгжлийн хамгийн чухал үе болох хоёр наснаас өмнө дунгийн суулгацын мэс засал хийлгэх нь хүүхдийн сонсгол, хэл яриа, оюун ухааны хөгжилд шууд эерэгээр нөлөөлж, хүүхдэд бусдын адил өсөж хөгжих, сурч боловсрох боломжийг олгодог.

Сонсгол бууралт, дүлийрэлт нь нярайд хамгийн элбэг тохиолддог төрөлхийн эмгэгийн нэг. Монгол улсад сүүлийн 5 жилийн дундажаар жилдээ 79,000 иргэн шинээр мэндэлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор 1,000 амьд төрөлтөнд 2-5 хөнгөнөөс хүнд зэргийн сонсголын бэрхшээлтэй нярай төрөх ба манай улсад жилдээ 150-400 орчим сонсгол бууралт, дүлийрэлттэй хүүхэд төрөх магадлалтай. Тэдний хагас нь Улаанбаатарт төрөөд эрт илрүүлэгт хамрагддаг бол хагаст нь энэ хөтөлбөр хүрдэггүй. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн их эмч, Улаанбаатар Пийс Авенью Ротари клубын 2019-2020 оны ерөнхийлөгч Н.Сувд, “Бид төсөл хэрэгжсэнээс хойших хугацаанд тухайлбал 2018, 2019 онд жил бүр гучин мянга орчим нярайг эрт илрүүлэгт хамруулсан. Илрүүлгээр сонсгол бууралттай, сонсголын бэрхшээлтэй нь батлагдсан хүүхдүүдийн ойролцоогоор 30% нь амжилттай эмчилгээнд хамрагдсан. Сонсголын аппарат зүүх нь нүдний шил зүүгээд хараа засрахтай адилхан үйл явц биш юм. Сонсоно гэдэг өөрөө сурах үйл ажиллагаа. Эмчилгээгээр зөвхөн дуу таних боломжийг нь нээж өгдөг бол хэл засалч эмч, багш болон эцэг эх нь тухайн хүүхдэд хэрхэн сонсож, хэрхэн ярихыг нь заадаг. Монголд мэргэжлийн хэл засалч эмч гарын таван хуруунд, харин хэл заслын багш гэхэд хорь хүрэхтэй үгүйтэй байдаг. Cонсгол бууралттай хүүхдийг дэмжих дэлхийн сан болон АНУ Сиэтл хотод байрладаг хэд хэдэн Ротари клубын болон бусад хандивлагчдын санхүүжилтаар бид бүх төрөхүүдийг аппаратаар хангасан. Түүнчлэн жил бүр Cонсгол бууралттай хүүхдийг дэмжих дэлхийн сангаас АНУ болон Канад улсаас сонсгол, хэл заслын чиглэлээр хамгийн мундаг боловсон хүчнүүдийг Монголд авч ирж хүний нөөцийн мэргэшсэн байдлыг үргэлж сайжруулж байгаа. Үүнээс гадна бидэнд хэд хэдэн бэрхшээл тулгардаг.

Нэгдүгээрт бидний ашиглаж буй мэдээллийн бааз дата сан байна. Эрт илрүүлэгт хамрагдчихсан мөртлөө сонсголын аппаратаа зүүхгүй байна, хаана хэдэн илрүүлэг хийгдэж байна гэх зэрэгчлэн нэгдсэн нэг мэдээллийн санг тогтмол ажиллуулах хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт хүүхдээ сонсож, яриулж сургана гэдэг эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол, уйгагүй хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Сонсголын аппаратыг 6 сар гэхэд зүүсэн байх ёстой. Гэтэл эцэг эхүүд маань хүлээх, санхүүгийн боломж байхгүй зэрэг бэрхшээл байна. Гуравдугаарт бид цаашид төслөө улам төгөлдөржүүлж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилготой. Ингэснээр Улаанбаатар хотоос алслагдсан аймгуудад төрж байгаа хүүхэд заавал оношлуулахын тулд ЭХЭМҮТ-ийг зорих шаардлагагүй, тухайн орон нутагтаа оношлогоо, эмчилгээгээ хийлгэж мэргэжлийн хэл засалчтай ажиллаж сонсож, ярьж сурах юм. Ингэхийн тулд дан ганц цаасан дээр хэрэгждэг төсөл хөтөлбөр, хуулийн зохицуулалтаас илүү бодит санхүүжилттэй тусламж хэрэгтэй.”

Аппарат бүрийнх нь ард 8,000-10,000 ам.доллар, аппаратаа ажиллуулдаг хүний нөөцөө чадавхжуулах, сургалт зохион байгуулах, ном товхимол бэлтгэж тараах, эцэг эхтэй ажиллах гээд уулын чинээгээс утсан чимхлүүр хүртэлх маш олон ажлын ард шижигнэсэн залуусын нэгдэл, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа байгаа. Тэд өөрсдийн ялгаатай байдлаа умартан нэгэн үзүүрт сэтгэлээр нийлж зүтгэн, ган хуягт асаалттай танк адил ажиллаж байна. Ротари хөдөлгөөн анх 1905 онд АНУ-ын Чикаго хотноо хуульч Паул Харрис болон түүний гурван найзын санаачлагаар, нөхөрлөлөөр дамжуулж нийгмийн сайн сайханд хөрөнгө оруулах зорилготой байгуулагдаж байжээ.

Өдгөө дэлхийн 130 гаруй оронд, 1 сая 200 мянга гаруй ротаричууд өөрсдийн нас хүйс, нийгмийн байдал, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаас үл хамааран орон нутгийн болон олон улсын хэмжээнд сая сая эерэг өөрчлөлтийг түүчээлж байна. Улаанбаатар Пийс Авенью Ротари клубын гишүүн Б.Хэрлэн, “Хувь хүн нийгэмд юу болохгүй байгаа асуудлыг гярхай олж хардаг ч гэлээ яг дорвитой, тогтолцоогоор нь залруулсан шийдлийг олж чаддаггүй. Ганц дайчин ганцаарддаггүй гэдэг ч бодит байдал тийм биш байдаг. Ротари залуусын эрхэм зорилго бол өөрөөсөө давж бусдын төлөө зүтгэх, нийтийн хүчээр нийгэмд буглачихсан байгаа тэр асуудлыг барьж аваад дугтрах, өөрт байгаа нөөц боломжийг өөртэйгөө ижилхэн залуусынхтай нийлүүлж байгаад нийгмийн сайн сайхны төлөө зориулах юм. Ротарийн гишүүн байхын хамгийн сайхан нь нийгэмд оруулсан хувь нэмэр маань буцаад бусдад бороо шиг асгарч байхыг харах” гэсэн юм. Ротаричууд “Чимээгүй ертөнцийг аврая” төслөөс гадна маш олон төслийг нийгмийн төлөө хийсээр иржээ. Энэ жил Монгол улсад Ротари хөдөлгөөн үүссэний 25, Ротаракт хөдөлгөөн үүссэний 20 жилийн ой болж байгаа бөгөөд Монголын 300 гаруй Ротаричуудын 25 жилийн турш нийгэмд оруулсан хувь нэмэр тоон дүнгээрээ хэдэн тэрбум.

Зөвхөн Монгол дахь арваннайман Ротари клубын нэг болох Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб байгуулагдсан цагаасаа хойш долоон жилийн хугацаанд нийт хорь гаруй төслийг Олон улсын Ротари Сан, Олон улсын Ротари клубүүд болон бусад хамтрагч байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр нийт 700,000 орчим ам.долларын санхүүжилт бүхий төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Мөнгөн дүнгийн цаана үүнээс хэд дахин давах хэмжээний олон залуусын цаг зарцуулалт, оюуны хөдөлмөр, цуцашгүй зохион байгуулалт зарцуулагдсан байж таарна. Тэдний хэн нь ч бид ийм их юм нийгэмд хийсэн шүү гээд чанга чанга цуурайтаад олны анхаарлыг өөртөө татахгүй, бүгд эрвийх дэрвийхээрээ зүтгээд, чимээгүйгээр дэлхийг аварч байна. Хийсэн төслийнхөө бодит үр дүнг хараад тэдний сэтгэл цэнгэж, илүүг хийе, дахиад сайнаар өөрчилье гээд олмоо чангалан улам холын замд давхиж явна. 

Б.Бүжинлхам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Сэтгэл хөдөлгөм юмаа (66.181.161.80)
    Зочин
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (60.147.194.195)
    үнэхээр гоё мэдээ уншлаа
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Сайнаа (66.181.181.78)
    Сайхан нийтлэл хүргэж буй сэтгүүлчдээ талархлаа.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.224)
    buyntai ajil hiij baigaa tanai hamt olond ajiliin amjilt husie.
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (183.177.100.4)
    Ротари клубийхандаа баярлалаа
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (45.141.153.174)
    Маш буянтай үйлс бүтээж байгаа залуустаа баяр хүргэе!
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин уншигч (139.5.216.99)
    Гайхалтай
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 5 цаг 47 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 7 цаг 13 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 7 цаг 25 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 7 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 8 цаг 10 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 21 цаг 26 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 21 цаг 58 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана 22 цаг 14 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 22 цаг 49 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 22 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 23 цаг 0 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 23 цаг 7 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 23 цаг 14 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Өчигдөр 13 цаг 18 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ Өчигдөр 12 цаг 59 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Өчигдөр 12 цаг 52 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ Өчигдөр 12 цаг 46 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ Өчигдөр 12 цаг 38 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна Өчигдөр 12 цаг 14 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав Өчигдөр 12 цаг 04 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу...
Top