x

Шүүхийг хэн хөдөлгөөд байна вэ?

Өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргав. Хорих 461-р ангид хоригдож буй С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хориог цуцалж батлан даалтад гаргах, хилийн хориг тавих тухай шүүгчийн захирамж гарснаас хойш ердөө хоёр цагийн дараа тэднийг эргүүлэн хорих шийдвэр гарчээ. Цагдан хориог цуцалсан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч шүүгчийн захирамжийг цуцалж, цагдан хориог сунгасан байна.

Шүүх ч яах вэ, прокурорын эсэргүүцэлд тулгуурлаж шийдвэрээ өөрчилсөн юм байж. Харин прокурор юунд үндэслэж цагдан хорихыг ахин дахин шаардсан байж таарах вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих арга хэмжээг хэрэглэх тухай: 

14.9.1.Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:

1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.(14.9)

Тэгэхээр нэгдүгээрт, С.Баяр нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг оролдсон уу?

Хоёрдугаарт, Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч болон гэрч, сэжигтэн, гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдийг дарамталсан, сүрдүүлсэн үү? Эсвэл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах гэсэн үндэслэл бүхий баримт мэдээлэл олсон уу?

Гуравдугаарт, Гэмт хэрэг дахин үйлдэх гэж байгаа тухай мэдээлэл прокурорын байгууллагад ирсэн үү?

Дөрөвдүгээрт, Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үү?

Хамгийн сүүлд буюу тавдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн үү? (Зөвхөн энэ тохиолдолд “яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж хуульд заасан байна. Авна гээгүй шүү, авч болно гэсэн) Энэ зүйл ангид хүний амийг санаатайгаар хөнөөсөн болон хүндрүүлэх заалттай бусад гэмт хэргүүд орсон байгаа. Харин албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-8 жил.

Андуураагүй бол С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас анх баривчлан саатуулахдаа “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс хойш хоёр сар шахуу хугацаа өнгөрөхөд шинээр нотлох баримт олсон болон ялын зүйлчлэлийг өөрчилсөн тухай мэдээлээгүй.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22-р бүлэг “Авлигын гэмт хэрэг” хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Тэгэхээр цагдан хориог цуцалсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй юу гэхээсээ цагдан хориог шаардаад байгаа прокурорын эсэргүүцэлд ямар үндэслэл байна вэ? гэдгийг эхлээд ярих хэрэгтэй болох нь.

Мөн хуульд “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”. “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн байна. Гэтэл өчигдрийг хүртэл яллагдагчдын өмгөөлөгчдийн хэлж байгаагаар С.Баяр, Ч.Сайханбилэг нар ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа мэдээгүй л сууж байна. “Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэдэг нь зөвхөн сэжиг таамаг, ямар нэг нотлох баримтаар тогтоогоогүй гэсэн үг. Тиймээс цагдан хорих хугацааг тов тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр үргэлжлүүлэн сунгаж байгаа нь яллагдагч нарыг өөрөөр нь хэргийг хүлээлгэх гэсэн “Вышинскийн арга” хуулийн байгууллагад хэрэглэгдэж байна гэж хардахад хүргэж байна. Саяхан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Хорих 461-р ангид очиж яллагдагч нартай уулзаад гарахдаа “Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй, бусдаас нь 1-2 удаа л байцаалт авсан байна” гэж мэдээлсэн.

Үүгээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гэм буруугүй гэж хэлэх гэсэнгүй. Харин гэмт хэргийг илрүүлдэг, шалгадаг хуулийн байгууллагын үйл ажиллагаа өөрөө хуульд нийцэж байх ёстой гэдгийг л сануулах гэсэн хэрэг. Хэрэв тэгэхгүй бол харин ч “хуулиас гадуур эрүүдэн шүүсэн” гэм буруу хуулийн байгууллага дээр эргээд бууж болох юм.

Иргэд шударга ёсыг нэхэх эрхтэй. Шүүх шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Шударга ёсонд хамгийн ойр байдаг хүмүүс бол шүүгч нар. Яагаад гэвэл шүүгч хэний ч өмнө ёслохгүй, толгой бөхийхгүй байж, хэнээс ч хамааралгүй хараат бусаар шийдвэрээ гаргах эрхтэй. Энэ бол тэдэнд л зөвхөн хуулиар олгосон эрх мэдэл. Прокурор мэдээж яллах тал учраас нэг талыг барьж, алдаа гаргаж болно. Харин шүүх түүнийг нь засч залруулах ёстой. Гэтэл өчигдөр шүүх яагаад хоёрхон цагийн зайтай хоёр өөр шийдвэр гаргав? Хэн шүүхийг хөдөлгөөд байна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • сахал (212.112.126.228)
    Энэ асуудлыг хөдөлгөж байгаа хүн бол ХХБанкны Сахал Эрдэнэбилэг шдээ. Энэ сахал насаараа ийм явах юм шиг эндүүрч зүүдэлж мөрөөдөхөө зогсоовол таарна. Эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.72.240.4)
    Хэрэг бүрдүүлэлт мөрдөн шалгах үедээ чамд долоон булчирхайгаа тоочих албагүй.
    2018 оны 05 сарын 13 | Хариулах
  • Жавзмаа (103.229.121.152)
    Нийтлэл бичсэн хүнтэй санал нэг байнаа. Манай шүүх, прокурор болон бусад хуулийн байгууллагууд нэг л биш болоод олон жил болж байнаа. Энэ олон жил төр түшилцэж яваа хуульч эрхмүүд маань ямар хууль баталж, хуулийг яаж хэрэгжүүлж байсан болоод өнөөдөр ингээд учраа олохоо боличихов. Бүр сүүлдээ сайд, прокурор хоёр телевизээр нэгнийгээ үгүйсгэсэн мэдэгдэл хийж нэгнийгээ гутаагаад л. Хүн амины аймшигтай хэргээр улс төр хийгээд л. Ямар эрээ цээргүй юм бэ? Та бүхэн. Лүндээжанцан, Нямдорж гээд л олон жил улс төр хийж яваа эрхмүүд ард түмэнд энэ талаар тайлагнаач
    2018 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.121.152)
    Нийтлэл бичсэн хүнтэй санал нэг байнаа. Манай шүүх, прокурор ер нь хуулийн байгууллагууд нэг л бишээ. Энэ олон жил төр түшилцэж яваа хуульчид маань юу хийж, ямар хууль баталж, хуулийг хэрэгжүүлж байсан болоод өнөөдөр ингээд учраа олохоо болиод, бүр сүүлдээ сайд, прокурор хоёр хэвлэлээр нэгнийгээ эрээ цээргүй гүтгэж байнаа. Лүндээжанцан гуай, Нямдорж гуай нар Монголд хууль гууль болж байгаад нэг хариулт өгөөч ард түмэнд.
    2018 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр засвартай байгаа авто замууд 10 цаг 57 мин Цахим хөгжлийн яамны гадаа бие зассан гадаадын гурван иргэнийг шалгаж байна 11 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 11 цаг 37 мин "Сүүн дархлаа" зорилтот хөтөлбөрийг ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ 11 цаг 48 мин Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улмаас аяллаа зогсоожээ 12 цаг 0 мин Бүх нийтээр мод тарих өдрүүд өнөөдөр эхэллээ 12 цаг 13 мин Явган хүний зам хааж, бохир усны шугам дээр барьсан барилгыг нурааж байна 16 цаг 6 мин Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв 16 цаг 9 мин М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталлаа 16 цаг 14 мин Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд 16 цаг 20 мин Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал 16 цаг 57 мин БНСУ гадаад ажилчдыг дэмжих 9 төвийг шинээр байгууллаа 17 цаг 12 мин Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ 17 цаг 18 мин Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ 17 цаг 28 мин Тэнэг хүүгийн тухай үлгэр 17 цаг 42 мин Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх баригчдын үг, үйлдэл бол усан дээр тогтсон хөөс Уржигдар 12 цаг 02 мин Намууд ба хамууд Уржигдар 11 цаг 49 мин “Яаралтай тусламжийг яг цагт нь" уралдаан боллоо Уржигдар 11 цаг 24 мин Украины фронтын байдал хүндхэн байна Уржигдар 11 цаг 07 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ Уржигдар 10 цаг 46 мин
iИх уншсан
Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Намууд ба хамууд Украины фронтын байдал хүндхэн байна Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй ... Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачд... … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон ца... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн...
Top