x

Э.Бат-Үүл: Хэн нэгэн хүнд бололцоо олгоогүй бол тэр нийгэм үнэ цэнэгүй

Монгол улсын баатар, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлтэй Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хүрээнд ардчиллын түүх болон, улс төрийн талаар ярилцлаа.

"Монголд ардчиллыг далимдуулж, улс төрчид эд баялгийг хэн нэгнээс булаах зэвсэг болгочихлоо"

-“Хонхны дуу”-аар Монголын ард түмэн сэрж, дэлхийн улс орнуудын хөгжлийн нийтлэг, дэвшилтэт хэлбэр болох ардчилсан хөгжлийн замд алхан орсон. Энэ түүхэн цаг үеэс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Анх социализм, коммунизм гэдэг хоёр нийгмийн ойлголтыг мэддэг цаг үе байв. Хүн төрөлхтний амьдралд бусад улс орнуудад юу болдгийг төдийлөн мэдэх боломжгүй цаг. Ганцхан ЗХУ гэж мэднэ. Хаалттай нийгэмд амьдарч байсан. Өнөөдрийнх шиг санал бодлоо чөлөөтэй солилцдог үе биш. Марксизм, Ленинизм гэдэг үзэл суртлаар бөмбөгдүүлж өссөн.

Ийм үед социализмыг арай илүү сайжруулъя гэж бид энэ нийгмийг сонгосон. Яаж сайжруулах вэ гэхээр төрийн тэргүүнээ сонгодог, хэвлэл мэдээллийг чөлөөтэй болгоё гэж анх ардчилал руу хөл тавьсан. Төрийн тэргүүнийг сонгодог болъё. (тухайн үедээ ардчиллын лут зарчим ярьсан байгаа юм) Гэхдээ социализмын эсрэг явж байгааг тэр болгон сайн ойлгоогүй байсан байх. Ил тод байдлаар бид зоригжсон. Одоо харахад хэдийгээр социализмыг засварлая гэж ярьсан ч гэсэн нөгөө нэг чөлөөт сонгууль, чөлөөт хэвлэл зэрэг ардчиллын амин үндсүүдийг зөнгөөрөө барьж авсан байгаа юм л даа. Ер нь энэ үед хэсэг залуус хоббигоороо нэгдэж цуглаж байгаад тэр нь яваандаа улс төр болж хувирдаг байж. Ийм л замаар анх улс төр лүү орсон. Би энэ цаг үедээ хайртай. Хайрлаж, хайрласаар ч байх болно. Тодорхой хэмжээнд би түүхийг бүтээлцэж явсан хүн. Цаашид ч үнэний түүхийг бүтээлцэхэд оролцох байх. Нас минь хэвийж яваа ч сэтгэл зүрх минь эх орныхоо төлөө цохилсоор байх болно. 

-Ардчиллаар хүн төрөлхтний тэр дундаа Монголчуудын олсон ололт, эрх хэмжээ, боломжуудыг залуучууд ямар хэмжээнд авч яваасай гэж боддог вэ?

-Хүний эрх, эрх чөлөө, хүний дур зорго хоёрыг хольж ойлгоод байдаг юм. Эрх чөлөө хэтэрсэн үү гэсэн асуултыг хүмүүс тавьчхаад байдаг. Эрх, эрх чөлөө дур зорготой ямар ч хамаагүй. Гудамжинд яваа хүнийг очоод цохичих гэвэл та цохиж чадах уу. Ардчилал үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин ардчилал тийм зүйлээс хамгаалдаг зүйл юм.

Яг үнэндээ дарга нарын дур зорго замаа алдчихлаа шүү дээ. Тамхи бүү тат гэсэн хууль гарч байна. Иргэд түүнийг үг дуугүй биелүүлдэг. Мөн замын хөдөлгөөний дугаараар хязгаарласан. Гэсэн ч иргэд дүрэм, журмыг сайн биелүүлдэг. Энэ нь монголчууд дүрэмд автамтхай улсууд гэдгийг нотолж байгаа жишээ юм.

-Дур зорго, эрх чөлөө гэдэг хоёр өөр зүйл гэж та хэлэх гээд байна уу?

-Эрх чөлөө гэдэг бол бусдын эрх, эрх чөлөөг хүндэлж байж оршдог зүйл. Нийгмийн хэв журмыг хүндэлж байж оршдог эд юм. Тийм учраас өөр зүйл. Хэрвээ хүн бүр дур зоргоороо амьдарвал энэ нийгэм ямар байдалд орох вэ. Өнөөдөр улс төр, нийгэмд эрх чөлөө алдагдаж байгааг бид бүхэн харж байна. Яагаад гэвэл дарга нарын дур зорго, эрх чөлөөг дарлаад эхэлсэн. Тэгэхээр нэгдүгээрт, үүнийг зааглаж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, би ардчиллын үйл явц дунд нэг юм ойлгосон. Хүмүүс нээлттэй ардчилсан нийгэмд илүү үнэт зүйлээ олж харах чадваргүй болчихдог юм байна гэдгийг олж харсан. Тийм биз.

-Яагаад?

-Яагаад гэхээр жишээ нь өнөөдөр бид хүмүүст санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх өгсөн. Энэ тохиолдолд хүмүүс муу талаар нь ярина. Гэтэл эсрэгээрээ хойд Солонгост дур зоргоороо ярьж чадах уу, чадахгүй бол толгойгоо авхуулна. Харин монголд хэн дуртай нь амныхаа пангаар чөлөөтэй муулна. Гэхдээ сайн зүйлээс илүү муу зүйлийн тухай  ярина. Үүнийгээ дэмжинэ, итгэнэ. Энэ бол ардчиллын сул тал. Нээлттэй байдлын гэх үү дээ. Өнөөдөр хүн бүр приус машинтай байна. Социализмд хамгийн мундаг хүн ч приус унаж чадахгүй цаг үе байсан. Бүр энхтайвны өргөн чөлөөгөөр явж буй машинуудыг тоолдог байлаа шүү дээ. Гэсэн хэдий ч өнөөдөр хүмүүс ардчиллыг муулсаар байх болно. Яагаад гэвэл хүнд хэлж ярих боломж олгоход хүмүүс негатив талаа илүү барьж байна. Хойд Солонгосчууд бид бол дэлхийн хамгийн жаргалтай орон гэж хашхирч магадгүй. Яагаад гэвэл алив нэг зүйлийн тухай ярьж болохгүй, өөр зүйл яривал шууд устгана. Тэгэхээр хүн өөрийнөө эрх чөлөөг хариуцах хэцүү байдаг юм байна.

-Монголын ардчиллыг та хэрхэн дүгнэх вэ. Таны хүссэн, тэмцэж олсон ардчилал ямар хэмжээнд хүрсэн бол?  

-Монголд өнөөдөр ардчиллыг далимдуулж, улс төрчид эд баялгийг хэн нэгнээс булаах зэвсэг болгочихлоо. Үнэндээ хэн уул уурхайг хяналтдаа авах вэ гэдэг дайн явж байна. Нөгөө ардчиллын үнэт зүйл, нийгмийн хөгжил дэвшил рүү чиглэсэн улс төр байхгүй болчихлоо. Энэ нь энэ цаг үеийн онцлог юм уу даа. Улс төрчид олон түмний сэтгэл санаагаар тоглож, улс төрийн тоглоом болгодог болж. 

Уг нь XXI зуун Mонгол Улсын хамгийн их өндөр хөгжлийн үзүүлэлтүүдийг гаргаж болохоор байлаа. Тодруулбал эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг үзүүлэх орны нэг гэж. Үүнийг олон улсын судлаачид судалж тогтоосон байдаг юм. Гэтэл бид энэ боломжийг ашиглахгүй эд баялгийн зодооныг хийхээс өөр юу хийж байгаа гэж. Хийж бүтээж байгаа зүйл энэ байна гээд та нэг бүрчлэн нэрлэ дээ. Бид юу бүтээгээд байна. 

-Бид орчин үеийн хүн бүтээгээд байгаа юм биш үү. Хүн ямар байх ёстой гэсэн үндсэн чиг шугамыг үл мартуулан, ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг шиг. Бид хүний сэтгэлгээг, хүн байх ухааныг мартуулаад байгаа юм биш биз?

-Магадгүй. Нэг талаас тэгж үзэж бас болох юм. Хүн маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай амьтан. Буруу тийш хазайх гээд эхэлбэл өөрийгөө хянадаг, зөв тийш хазайх гээд ирвэл улам илүү хичээдэг амьтан юм. Хүнд бурхнаас өгсөн ямар өгөгдөл байна түүнийгээ л дагах ёстой. Гэхдээ сайн муу чанар байдаг. Гэвч сайн зан чанарыг дагах ёстой. Гэтэл сүүлийн үед хүний мөн чанар, мөс муудсан тал бас байна. Тэгэхээр хүний сэтгэл ямар нэг хүчин зүйлээс болж өөрчлөгдөөд байгаа байх.

"Шунал буруу тийшээ явбал аюул. Зөв тийшээ явбал хөгжлийн гол хөдөлгөгч хүч"

-Ардчиллын эрхэмлэх зүйл гэвэл?

-Ардчиллын  гол үзэл санаа хүний сайн сайхан амьдрах үзэл санааг хайрлах үзэлд оршино. Хүмүүст сайн сайхан амьдрал бий болгох тэр хүслийг л төрүүлэх. Яагаад гэвэл хүн бүхний сайхан амьдрах хүсэл нийгмийг хөгжил рүү авч явдаг. Нийгэм хөгжинө өө гэдэг чинь хүмүүс сайхан амьдрах хүсэл зорилгоо биелүүлэх бололцоотой болоод байна аа гэсэн үг. Үүнийг л хайрлах ёстой. Зарим хүмүүс үүнийг муухайгаар хэлбэл шунал гэх мэтээр хэлдэг. Уучлаарай шунал гэдэг чинь энерги, эрчим хүч. Мэдээж шунал буруу тийшээ явбал аюул. Зөв тийшээ явбал хөгжлийн гол хөдөлгөгч хүч. Иймд хүний сайн, сайхан амьдрах орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үүнийг нугасалж болохгүй зүйл юм. 

-Тэгэхээр сэхээтний боловсрол, сэтгэлгээний боловсрол хоёрын хооронд ялгаа байх уу?

-Би чамд нэг сонин зүйл ярья. XX зууны төгсгөлд сонин зүйл болсон. Дэлхий даяар түүний учрыг олох гэж ядаж байна гэх үү дээ. XIX зууны төгсгөлд бурхан үхлээ гэж зарлаж байсан юм. Гэтэл XX зууны төгсгөлд сэтгэлгээний хүрээнд юу гэж зарлагдсан гэхээр оюун ухаан үхлээ гэж зарлагдсан байдаг. Үүнийг тайлбарлах их төвөгтэй. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр бид зөвхөн хэлээрээ тоглодог. Хэлээрээ бусдыгаа ховсоддог. Хэлээ хэн овсгоотой сайн ажиллуулж байгаа хүн нь ухаантай харагдаад байгаа юм. Түүнээс биш оюун ухаантайдаа, ухаантай харагдаад байгаа юм биш гэж тайлбарласан байдаг. Их төвөгтэй байгаа биз, ойлгоход.

Өөрөөр хэлбэл популистуудын эрин үе эхэлж байна гэсэн үг. Тодруулбал хэлээрээ тоглох урлагт эзэмшсэн хүмүүсийн эрин үе гэж. Оюун ухааны чанд хүмүүжилтэй сэхээтнүүдийн эрин үе дууссан гэж тайлбар хийсэн байдаг, дэлхийд.

-Их сонин философи байна?

-Тийм. Сонин философи байгаа биз.

-Тэгэхээр боловсролтой гэхээсээ илүүтэй хэн сайхан ярьж, уран цэцэн үг хэлж байна тэр мундаг гэж. Үнэн юм биш үү?

-Тийм. Өнөөдөр боловсролтой сэхээтэн хүний манлайлал үгүй болж уран цэцэн ярьдаг хүн нийгмийг байлдан дагуулж байна шүү дээ.

-Энэ хэр удаан явах бол, мэдээж хортой байх даа?

-Мэдээж нийгэм замбараагүй болно. 2500 жилийн өмнө ардчилал эхэлж байсан тэр үе рүүгээ буцаад оччихсон байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл 2500 жилийн өмнө анх үгээр тоглох урлагаар уралддаг байсан. Энэ зууны хамгийн аюултай зүйл нь энэ байгаа юм. Хүний оюун ухааныг хэлээр ховсдож болдог гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Нэг ёсондоо хүн компьютер шиг гэсэн үг.

-Ардчиллын үнэ цэнийн тухай бид яаж тэмцэх ёстой юм бол?

-Бид өөрсдөө тэмцэх ёстой. Эд баялаг, эрх мэдэл цөөнхийн гарт очсон. Үүнийг хүмүүст өгөх ёстой. Хүмүүс прагматик сонирхолтой болж. Энэ нийгэм надад юу өгч, ямар бололцоо олгов гэдгийг хардаг. Хэрэв хэн нэг хүнд бололцоо олгоогүй бол тэр нийгэм үнэ цэнгүй. Тийм учраас ардчиллын агуу санаа хүн бүрт боломжийг олгох байсан юм. Орчлонгийн бүх эрх мэдлийг тогтвортой барих хэрэгтэй байсан. Гэтэл бид цөөхөн хүнд бүх эрх мэдлээ алдчихаад сууж байна. Гэсэн ч бид тэмцдэггүй. Уг нь тэмцэх ёстой. Яагаад нийгмийн нэг хэсэгт нь зээл олдоод нөгөө хэсэгт нь олдохгүй байгаа юм.

Мөн газартай хүн бүрт зээл олдохгүй ижил тэгш бус байна гээд хүн бүр бодох ёстой асуудал. Гэтэл дэлхийд газартай хүн бүрт зээл олддог. Яагаад бид Эрдэнэт, Тавантолгойн хувь эзэмшиж болохгүй байгаа юм. Яагаад би төвөөс ирсэн төлөөлөгчийг  сонгоод энд өөрөө үлдэж байгаа юм. Бидэнд эрх мэдэл, бололцоо тэгш эрх яагаад өгөхгүй байгаа юм гээд бодож болохоор байгаа биз. Асуудал энэ болчхоод байна, өнөөдөр. Гэхдээ бид энэ асуудлыг ойлгоод үүний төлөө явах юм бол ардчилал гангарах гээд байна шүү дээ.

"Иргэн төвтэй улс хөгжих бололцоотой"

-Хүмүүст хэн бололцоо олгох ёстой юм. Мэдээж төр байх. Яаж бололцоог бий болгох вэ?

-Надад бололцоо байна уу, үгүй юу гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ үүнийхээ төлөө явдаггүй гэж би дээр хэлсэн. Зээл авах боломж нь алга, ЖДҮ авах нөхцөл алга ингээд хүмүүс гутранги байдалд ордог. Гутранги байдалд популистүүд бүжиглэдэг юм. Тийм учраас бид эргээд популизмыг гаргах ёстой. Хүмүүст бололцоо олгоё гэж. Бид залууст бүх бололцоог нь олгоно гэж. Яавал хүний нийгэм хөгждөг гэдгийг XIII зуунд анх гаргаж ирсэн байдаг. Яаж гэхээр хүн бүхэн нийгмийн бялуунаас хуваалцах болсон тэр цагт нийгэм хөгждөг гэж.

-Тэгш бололцоог олгох гэсэн үг үү?

-Тийм. Нийгмийн цөөхөн хэсэгт бололцоог нь олгоод, олонхын бололцоог олгохгүй бол нийгэм хөгжихгүй гэж. Энэ зүй тогтлыг гаргаж ирсэн байдаг. Нэг жишээ хэлье. Мөнгөтэй улсаас бусад нь ажилгүй болсон гэж бодъё. Хэн барааг нь худалдаж авах вэ. Орлого байхгүй учир барааг нь хүн худалдаж авахгүй. Тийм учраас нийгэм нурна. Ажилгүй болно гэдэг чинь худалдан авагч байхгүй гэсэн үг. С.Данзан гуай үүнийг гайхалтай хэлсэн байдаг. "Иргэн баян бол улс баян" гэж. Иргэн төвтэй улс хөгжих бололцоотой гэсэн санаа юм. Би энэ саналтай 100 хувь санаа нийлдэг хүн.

-Тэгэхээр хүмүүсийн сэтгэлгээг яаж өөрчлөх боломжтой вэ?

-Хүн үйлдээд эхлэхээрээ сэтгэлгээ нь өөрчлөгдөнө. Хүмүүст бүх бололцоог нь олгочих. Жишээ нь гэр хорооллын өрхүүдэд газрыг нь барьцаалаад зээл олго. Тэгвэл тэд өөрийнхөө мөнгийг алдах алдахгүйгээ өөрсдөө мэднэ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үнэ цэнийг мэдээд эхэлнэ. Бололцоо өгөхгүй бол хүний сэтгэлгээ хэзээ ч урагшаа явдаггүй. Ердөө энэ сэтгэлгээг өөрчлөх.

-Манайхан гадныхныг дуурайх дуртай улс. Гадаадад зээлийн асуудлыг яаж олгодог юм?

-Швейцарт зээл авъя гэсэн хүнээс нэг л асуулт асуудаг. Чи газартай юу гэж. Түүнээс тэр хүний хаана юу хийдэг, ямар амьдралтай, сайхан муухай огт хамаагүй. 100 жилээр зээл олгодог. Тэр хүн 100 жил амьдрахгүй шүү дээ. Яагаад Америкт Мерседес бензийн хувьцааг эзэмшдэг хүн долоон сая байгаа юм. Бид яагаад хувьцаа эзэмшихгүй байгаа юм.

"Энэ нийгмийн баялаг бүх боломжууд цөөхөн хүний гарт байна"

-Бид ардчилсан нийгэмд амьдарч чадахгүй байна гэж та хэлэх гээд байна, тийм үү?

-Гудамжинд гараад зогс, эргэн тойрноо хар. Хэн эрх мэдэлтэй, ажилтай байна тэр хүнд бүх боломж байна. Тэр ЖДҮ-г хар. Үнэн биз дээ. Чи одоо газраа барьцаалаад, газартаа гурван хаус бариад нэгийг нь барьцаалж зээл авч, нөгөөхийг нь зарж зээлээ төлөөд, үлдсэн хаустаа амьдрах гэсэн юм гэж хэлээд дурын нэг банкны ажилтан дээр очиход танд зээл өгөх үү. Тэгээд үүнийгээ ардчилсан улс гэх юм уу.

Энэ бол зүгээр олигархи дэглэм. Бид ардчилсан дэглэмд биш олигархийн дэглэмд шилжсэнээ ойлгох хэрэгтэй. Энэ нийгмийн баялаг бүх боломжууд цөөхөн хүний гарт байгаа. Өнөөдөр Гачуурт компани тариалангийн зээл авдаг. Гэтэл жирийн ногоочид зээл авч чадахгүй. Энэ нийгмийг бид ардчилсан гэж хэлэхээсээ ичих болсон. Өнөөдөр худалдагдсан эрх мэдэл, худалдагдсан сонгогч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байна. Үүнийг тэгээд бид ардчилсан гээд байгаа юм уу.

Нийгмийн 10 хувь нь бололцоотой 90 хувь бололцоогүй нийгмийг ардчилсан гэж хэлэх үү? Ёстой уучлаарай. Хэзээ ч ийм нийгмийг ардчилсан гэдэггүй юм. Тэр ардчилсан улс чинь жинхэнэ Япон, Швейцарь. Харин бололцоог ашиглах ашиглахгүй нь зөвхөн хувь хүний өөрийн нь сонголт.

-Тэгэхээр та Монгол Улсыг захирч байгаа нөгөө 31 өрхийн асуудлыг яриад байна уу?

-31 өрхтөө асуудал байгаа юм биш. Ер нь нийгэмд ямар нэгэн манлайлагчид бол байдаг. Тэд бол байна. Бүгдээрээ Стив Жобс болно гэж байхгүй. Аливаа нийгмийн дотор манлайлагчид нь ялгардаг нь үнэн. Гэхдээ манайд манлайлагчид бусдыг боломжгүй болгочхоод ялгараад байна шүү дээ. Чөлөөт, шударга өрсөлдөөний дунд биш, давуу байдлаа ашиглаад байна.

Чамд би уул уурхай өгчихье. Тэгвэл чи хүнээс дутахгүй сайхан амьдраад манлайлаад явна, тийм үү. Гэтэл чамд, залуучуудад тийм боломж байхгүй байна. Тэгэхээр тэр манлайлагчид байгаа нь буруу биш. Гэхдээ манлайлагч болж байгаа тоглоомын дүрэм нь буруу яваад  байгаа юм.

-Таны оролцож, тэмцэж олсон ардчилал өнөөдөр ямар байна?

-Ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадахгүй алдчихлаа. Бид олигархи гэдгийг баян, ядуу гэж буруу утгаар нь яриад байдаг. Олигархи гэдэг чинь нийгмийн бүх эд баялаг, эрх мэдэл цөөн хүнд төвлөрснийг хэлээд байгаа юм. Энэ нь юуг хэлж байна гэхээр нийгмийн масс олонх эд баялгийн хуваарилалтад оролцох боломжгүй болсон гэсэн үг. Өнөөдөр ийм дэглэм тогтчихсон байна. Ардчилал гэдэг хүн бүр бүх түвшинд ижил тэгш оролцохыг хэлдэг.

"Хэзээ ч сэтгэл хөдлөлдөө тулгуурлаж шийд гаргадаггүй ган бат чанартай хүн. Энэ гайхалтай занг нь сурахыг би хүсдэг байсан. Лут хүн шүү дээ, манай  С.Зориг"

-Ардчиллын түүчээ С.Зориг агсны тухай энэ цаг үед дурсвал?

-Ардчилсан хувьсгалыг эхлүүлэх их ажилд гар сэтгэл зүтгэл гарган тэмцэж явсан журмын дайчин нөхдөөрөө би бахархдаг, хүндэлдэг. С.Зориг агсантай мөр зэрэгцэн ажиллаж, тэмцэж явсан минь зол заяа гэж боддог. Манай С.Зориг сэтгэл хөдлөлөө хянах чадвар сайтай. Өөрийнхөө эмоцийг хянах барих чадвар нь ер бусын. Монголчууд чинь сэтгэл хөдлөлдөө их хөтлөгддөг ард түмэн. Гэтэл С.Зориг ямар нэг зүйлийг бодож тунгааж байж шийдэж, байр сууриа илэрхийлнэ. Ер нь алив зүйлийг бодож тунгааж шийддэг хүн. Гэтэл би эхлээд үйлддэг, тэгээд дараа нь тайлбарлах гэж үйлээ үзнэ. Хэзээ ч сэтгэл хөдлөлдөө тулгуурлаж шийд гаргадаггүй хачин ган бат чанартай хүн. Энэ гайхалтай занг нь сурахыг хүсдэг байсан. Лут хүн шүү дээ. Бас нэг зүйл дурсмаар байна С.Зоригийнхоо тухай. Бид хэд зэрэгцэж суугаад ярьж байхад би их эмоцитой ярина, С.Зориг яг робот шиг ярина. Олон сайхан залуустай тэмцэж, хамт зовлон жаргалаа хуваалцаж явсан даа. Зарим нэгнээс нь дурсахад Р.Гончигдорж байна. Энэ хүн бол жинхэнэ жентельмен хүн. Байгалиасаа өгөгдсөн өгөгдөлтэй мундаг хүн. М.Энхсайхан сүрхий гаргалгаатай сэтгэдэг. Ц.Элбэгдорж бол манлайлах харизмаараа гайхалтай хүн. Үнэндээ шидтэй хүн шүү, Элбэгээ.

-Дэлхий нийтийн ардчилал аль зүгт явж байна?

-Дэлхий нийтээрээ ардчилал унаж байна гэсэн хэтрүүлэгтэй яриа явах болж. Тийм биш. Энэ цагийн залуучууд байгаа дэглэмийнхээ эсрэг яваад байна. Жишээ нь Венесуэль, Хойд Солонгосын залуучууд байгаа дэглэмээ эсэргүүцэж гарч ирж байгаа юм. Дарангуйлагч орон бүгд дарангуйллынхаа эсрэг тэмцэж байна. Ардчилсан дэглэмтэй газар ардчиллын эсрэг, дарангуйллын дэглэмтэй газар дарайнгуйллын эсрэг босч байна гэсэн үг. Тийм учраас ардчилал тэгсэн, ингэсэн гэх зүйл байхгүй. Популизм гэдэг өөрөө ардчиллаас төрдөг зүйл. Популизм ардчиллыг дагаж явдаг юм.

-Түүх бол түүхээрээ үлддэг. Таны ардчилалд оруулсан үнэ цэнийг хэн хэмжих вэ. Энэ миний түүхэн гавьяа гэвэл ямар үйлийг та нэрлэх бол?

-Олон намын тогтолцоо руу шилжих үйл явцад, эрчимтэй хувь нэмрээ оруулсан хүн, би. Мөн хэвлэлийн эрх чөлөөг бий болгоход манлайлж оролцсон. Бас болоогүй тайван замаар ардчиллыг бий болгох үйл явцад шийдвэрлэх түвшинд оролцсон. Тэгэхээр энэ гурвыг би баттай хэлж чадна. Энэ бол миний түүхэнд үлдэх бас нэг том гавьяа юм. (инээв)

-Ардчилал, шинэчлэл рүү ороход таны аав нөлөөлсөн үү?

-Аав намайг залаагүй. Гэхдээ би зохиолчийн гэр бүлд төрсөн хүн. Тэгэхээр энэ нийгэм эрх чөлөөгүй байна гэдгийг хамгийн түрүүнд мэддэг, улсууд зохиолчид. Тэд чинь санаагаараа юм бичиж болохгүй, үзэл суртлын хүрээнд бичнэ, үзэл суртлын зохиолч, яруу найрагчид байлаа шүү дээ. Тэгээд бачимдана, цухалдана. Тэр битүүхэн бачимдал, цухалдлаа нийлж суухаараа байнга хоорондоо ярина, би түүнийг нь сонсоод өсчихсөн. Энэ надад нөлөөлсөн байж магад. Харин тэмцэлд орсны дараа аав зөв гэж хэлсэн. Тэгээд хүү минь хүчирхийлэлгүй нийгмийг бүтээгээрэй гэж хэлсэн.

-Ардчиллын нөхөдтэйгээ хамгийн анх хэнтэй нь танил болов?

-Анх хонхны С.Цогтсайхан, С.Амарсанаа, Т.Насанбөх, С.Насанбат зэрэг 40 мянгатын үеийнхэн сургуулиа төгсөөд ирчихсэн байсан. Тэгээд бид хааяа цуглахаараа нийгмээ засварлая, социализмаа сайжруулъя гэж ярьцгаадаг байв. Ер нь бол одооных шиг чөлөөтэй зорчиж, мэдээлэл солилцох боломж байгаагүй. Тэр үед зөвхөн дошин дээрээ амьдардаг байлаа. Залуучууд хоббигоороо нийлдэг байв. Тэгж уулзаж явсаар улс төр лүү орсон.

-Үйлдвэрчний төв зөвлөлд анхны их хурал хийсэн гэдэг бил үү?

-С.Амарсанаа бидэн дээр нэг өдөр ирсэн. “Нөгөөдүүл чинь байгаль орчин яриад байна, мөн уулзъя гэсэн” гэвч хэдүүлээ улс төр лүү чиглүүлье гээд анх барилгын зургийн институтийн хажууд Боловсролын яам байсан. Тэнд нэг зааланд бид яриад улс төрийн хөдөлгөөнөөс залуучуудын холбоо болъё гэсэн. Би юун залуучуудын хөдөлгөөн, нийгмийн хөдөлгөөн байх ёстой гэж үзэл бодлоо солилцож байсан даа.

-Монголд ардчилсан холбоо байгуулагдах эхлэлийг таныг тавьсан гэж сонсч байсан?

-Үгүй, яг тэр үед үйлдвэрчний зөвлөл болон МоАХ анхдугаар хурал гэдгийн баримт бичгийг бүрдүүлж байсан П.Нэргүй докторын үзэл санаа юм. Тэр баримт бичгийг бид ярьж байгаад С.Зоригоор биш Д.Сосорбарамаар уншуулъя гэж ярьцгаасан. Яагаад гэхээр Д.Сосорбарам бол эмоцитой сайн уншина, хүнд хүрэхдээ илүү гэж. Харин би энэ хөдөлгөөнөө улс төржүүлээд яваад байсан.

-1990 оны хавар намуудын улс төрийн тогтолцоо болсон Онц зөвлөл, АТХ байгуулахаас татгалзсан. Энд нэлээн хүчтэй асуудал явж байснаа яагаад татгалзчихсан юм бэ?

-Ер нь бид яваандаа П.Нэргүй доктороор удирдуулсан радикал хэсэг, тайван замаар шилжилт хийнэ гээд хоёр хуваагдчихсан байсан. П.Нэргүй докторын радикал үзэл бол яг үнэнийг хэлэхэд Владимир Ильич Лениний боловсруулсан тактик дээр хатуу зогсчихсон юм. Өөрөөр хэлбэл төрийн эргэлт хийнэ, ард түмний Үндсэн хууль байгуулна, эрх баригчдыг түүгээрээ шүүнэ. Ингээд Ардын түр хурал гээд хувьсгал хийе гэсэн. Биднийг бодвол С.Зориг илүү нийгмийн хүн байсан шүү дээ. С.Зориг энэ радикальный байдалд таагүй хандаж байсан. Мөн дээрээс нь МҮДН-үүд.

Ямар сайндаа МҮДН-ын Б.Сүх-Эрдэнэ Ардчилсан холбооны анхдугаар Их хуралд оччихоод П.Нэргүй докторын бэлдсэн илтгэлийг Д.Сосорбарам тавьж байхыг сонсчихоод “энэ чинь мауз юм яриад байна шүү дээ” гэж дуу алдаж байсан гэдэг. (яг л радикальный коммунистуудыг яриад байна) АСХ бас тиймэрхүү зүйлээс болоод цааргалаад байсан юм шүү дээ.

-1990 оны өлсгөлөнг хэн санаачилсан юм бэ?

-Ер нь жагсаал, цуглаан их хийсэн. Эрх баригчидтай зөрчилдөх асуудал зөндөө. Эхлээд жаахан цочирдож байсан. Гэхдээ сүүлдээ зүгээр ердийн зүйл болчихсон. Тэгээд эрх баригчид тоохгүй болохоор яах тухайгаа ярьсан. Нөгөө Ардчилсан холбооны зохицуулах хүн гээд 35 хүн байв. Тэд үйлдвэрийг ажил хаяхад нөлөөлье гэсэн. Үүнийг зарим нь эдийн засгаа сүйдэлнэ, буруу гэж үзэж байв.

Энэ бүгдийг мушгиж, улс орноо хорлож байна гэж болгоомжлох хэсэг байв. Манай Л.Хадбаатар босч ирээд хурал дээр “Хайдар гээд профессор Америкт өлсгөлөн зарласан биз дээ” гэв. Л.Хадбаатарын санаа миний санаатай яг нийцсэн. Тэгээд өөрсдөөрөө хийчихье, өөрсдөөрөө үлгэрлэчихье гээд буцаж ирээд ятгалаа. (заавал хүнийг ажил хая гэж байхаар) Тэгсэн дэмжиж өгөөгүй юм. Тэгэхээр нь би зөрүүдлээд  өлсгөлөн зарлалаа. Та нар үйлдвэр аж ахуйн газруудаар яв гэсэн. Өлсгөлөн зарлахыг дэмжиж байгаа хүмүүс наашаа гараад ирээрэй гэтэл Д.Энхбаатар болон нэлээн хэдэн хүн ялгараад арван хэдүүлээ гараад ирлээ шүү. Ингэж бид өлсгөлөн зарлах улс төрийн шийдвэрт хүрсэн юм.

-Өлсгөлөн зарлахад ямар нэг биеийн ч юм уу, тэр үедээ бэлтгэл хийсэн үү?

-О.Баярсайхан гээд эмч байсан юм. (3-р эмнэлгийн Эрүүний эмч) Одоо Австри улсын иргэн болчихсон. Тэгсэн О.Баярсайхан өлсгөлөн зарлахын тулд гэдэс ходоодоо цэвэрлэх ёстой гэж зөвлөсөн. Ингээд бид шууд айлд очиж гэдсээ цэвэрлэцгээсэн. Тэгээд маргааш нь буюу (3-р сарын 8-нд баяр болох гээд) бид 7-ны өдөр шууд талбай дээр өлсгөлөнгөө зарласан.

-МАХН-ын Д.Содном гуай, Д.Бямбасүрэн гуайг явуулаад байдаг нь ямар учиртай юм бэ?

-Түүнийг сайн мэдэхгүй байна. Бодвол Д.Содном гуайн дурсамж энэ тэрийг үзвэл яагаад тэгсэн гэдэг нь байдаг байх. Бидэнд бол хамаагүй шүү дээ.

-Ардчиллын төлөө зүтгэж явахад, шахагдсан нөхцөл байдлууд хөдөө хотгүй л байсан гэдэг. Ялангуяа Хөвсгөлийн өлсгөлөн гэдэг юм уу түүгээр бас зарим юмсыг тохирсон гэж ярьдаг. Зарим нь хэтэрхий их сандарсан, уурласан, хуучин юмаа хэтэрхий их санагалзсан зэрэг зүйлс болж байсан уу?

-Бололгүй яах вэ. Тэр үеийн эрх баригчид, феодалууд өөр өөрийн дошин дээрээ ардчиллын эсрэг хэрэндээ тэмцсэн. Жишээ нь Увсад ардчиллынхныг барьж зодох, нүдэх, амь насанд нь хүрэх шахам байсан. Гэхдээ тэр нь үндэсний хэмжээний бодлого байсан юм биш. Орон нутгийн феодалууд нь эрх мэдлээ хамгаалах гэсэн бодлого байсан.

Харин үндэсний хэмжээнд ямар бодлого байсан гэхээр эрх баригчид хоёр хуваагдчихаад байсан юм. Нэг хэсэг нь шууд няц дарах хэрэгтэй гээд гурван сарын 9-нд “Ганц худаг”-ийг бэлдчихсэн, хоёр давхрыг нь чөлөөлчихсөн байсан гэдэг. Биднийг шууд ачаад тийшээ хийе гэсэн байдалтай. Тийм байлдааны бэлтгэл хангачихсан мөртлөө шийдэж чадахгүй дотроо хоёр хуваагдчихаад байсан үе. Тэгээд Ж.Батмөнх гуайн тал нь ялчихсан юм шиг байна лээ. Яг үнэнийг хэлэхэд Ж.Батмөнх гуай улс төрийн товчоо огцор гээд мэдэгдэж байхад хүртэл улс төрийн товчоо мэдээгүй байсан гэдэг юм.

-Ухуулах хуудас гэж тараадаг байсан байх. Ямар цагт тараах уу?

-Ухуулах хуудас тухайн үед домог байлаа. Бид нэлээн архаг партизанууд байв. Тэр үеэр ямар хүмүүс ухуулах хуудас наачхав гэж далдуур яриа болж байсан гэдэг. Ухуулах хуудас наана гэдэг тэр үедээ ер бусын үйл явдал байлаа шүү дээ. Социалист Улаанбаатарт шөнийн цагаар ухуулах хуудсаа наадаг байсан. Хуудсаа гол төлөв шонгийн модон дээр наана. Наасан ухуулах хуудсыг хоёроос гурван цагийн дараа хуулаад авчихсан байдаг байв.

-Өлсгөлийн үед МАХН-ыг тараая гэсэн асуудал тавьсан?

-МАХН-ыг тараая гэдэг радикал жигүүр манайд байсан. Тэр үед чинь социалист орнууд тарж байв. Чех, Унгар гэх мэт энэ тэнд тарсан. Тэгэхээр зэрэг энэ санаа манай хэсэг дотор их хүчтэй байсан. Тэр үед би тараахгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. Тараана гэж байсан нөхдүүд одоо болтол миний амыг асууж явдаг. Цаг, үеэрээ бид тусгаар тогтносон улсад өсч, одоо бид ардчилсан хувьсгалыг тусгаар тогтносон улсад хийж байгаа. Түүнээс бид ямар нэгэн Зөвлөлтийн бүгд найрамдах улсад хийгээгүй.

-Дөрөвдүгээр сарын 25-нд бүх Монголын хэлэлцээрийн үр дүнд та яагаад гарын үсэг зурахгүй гэсэн бэ?

-Ерөөсөө гарын үсэг зурахгүй гэдэг тактикийн асуудал байсан. Гэхдээ би зурсан шүү дээ. Эхлээд зурахгүй байж байгаад Хөвсгөл рүү С.Зоригоотой эхэлж холбоо бариад “Би ямар ч байсан гарын үсэг зурлаа шүү” гэсэн. Яагаад гэвэл ардчилсан парламент байгуулъя, бага хурлаа хийе, сонгуулиа явуулъя гэчихсэн зүйл болсон байхгүй юу. Би үүнийг ашиглах хэрэгтэй гэж бодсон. Гарын үсгээ зуръя, сонгуульд оръё гэж. П.Нэргүй доктор тэргүүтэй манай радикалууд тийм байж болохгүй гэв. Гэтэл Хөвсгөлд өлсгөлөн зарлаж, талбай дээр суулт болоод байдаг. Тэгээд би шууд гарын үсгээ зурчихвал, миний гарын үсэг ямар ч хүч чадалгүй болчхож байгаа юм. Тэгэхээр нь телевизэд орсон. Н.Чимэддорж, Р.Гончигдорж нар гарын үсгээ зурахгүй гэж баахан дайраад тэгэнгүүт би баатар болдог юм байгаа биз дээ. Тэгж баатар болж гарч ирчихээд Хөвсгөл рүү утасдаад эргэж талбай дээр суусан хүмүүстээ “За одоо гарын үсэг зурна” өөр арга алга. Сонгуулиа явуулъя хэдүүлээ гээд тулгаад эргэж ороод зурчихсан байхгүй юу. Тэгэхээр нөгөөдүүл чинь учраа олохгүй байсаар байгаад гацчихсан юм.

-Орос руу гарч байсан тэр эргэлтийг та эсэргүүцэж байсан уу?

-Би тэр үед Ардын Их хурлын депутат байсан. Батлан хамгаалахын яаман дээр очсон шалтгаан гэвэл Оросын цэргийн тоо дотроо хоёр хуваагдаж байв. Өөрөөр хэлбэл цагаан, улаан гэдэг шиг. Эд хоорондоо алалцаад ороод ирвэл яах вэ гэж. Асуудал хүнд болчихсон. Тэр том цэргийн нэгтгэл зугтаагаад,  хөөгөөд ороод ирвэл бид яах вэ. Ингэж Н.Жадамба генерал ам асуугаад байсан юм. Та нар л өөрсдөө зэвсэгт хүчин хэрэггүй гэж яриад байсан. Ийм юманд чинь хүн ардаа аврах гэж зэвсэгт хүчин байдаг юм. Амь тавиад ороод ирнэ шүү дээ. Замдаа биднийг арчина шүү дээ гэж байсан. Гэхдээ их хүчтэй эсэргүүцэж болохгүй байв. МАХН-ын удирдлага хачин байсан. Ямар сайндаа төрийн эргэлтийн өмнөхөн Зөвлөлтийн элчин сайд дээр оччихсон байгаа юм.

-1990 оны сонгуульд оролцохгүй гэчхээд ямар нөхцөлөөр оролцох болчихсон юм бэ?

-Ер нь тайван замаар хувьсгал хийе. Парламентын засаглал руу шилжчихлээ. Чөлөөт сонгууль явах гэж байна. Чөлөөт хэвлэлийг зөвшөөрч байна. Тавьсан шаардлагыг зөвшөөрлөө. Тийм учраас энэ бол хангалттай зүйл. Ингээд бид орсон. Гэхдээ бид 40 хувийн санал авсан. Дөнгөж үүсээд нэг жил хүрэхгүй байсан улс төрийн хүчин ард түмний саналыг 40 хувь авчхаж байгаа юм.

-УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байсан. Мөн нийслэл хотын захирагчийн албыг хашиж байсан. Хотын даргын ажил хүнд биз?

-Улаанбаатар хотын дарга болно гэдэг амаргүй. Ялангуяа Монголд бол Улаанбаатар хотын даргаас илүү ажил хийж байгаа тийм түвшний хүн байдаггүй юм. Ерөнхий сайд, сайд нар ч тийм биш. Яг энэ хүн амын тал хувийг өдөр тутмын цахилгаан хангамж, даарах хөрөхөөс авхуулаад бүх л ажлыг хариуцдаг хүн. Энэ хот ямар байна, нийгэм тийм байна. Жишээ нь, санаачилга алдсан хотын дарга нар хотын хөгжлийг гацаачхаад хаячихсан. Үүнээсээ болж Монгол улсын хөдөлгөөн шийдэгдээд байдаг. Улаанбаатар хот хаашаа хөтөлнө, тийшээ л явна.

-Та физикийн хүн. Улаанбаатар хотын аж ахуйтай ноцолдоход сайн нөхөд, сайн баг байсан уу?

-Надад сайн нөхөд, сайн баг байсан. Хоёрт, надад сэтгэл зүрх байсан. Унаган хотын хүүхэд чинь гэр нь юм шиг л сэтгэл гаргаад ажиллаад байна шүү дээ. Түүнийг тэгье, үүнийг ингэе гээд. Би хөдөө ажиллаж л байсан. Хамгийн гол нь нэг юмыг ойлгох хэрэгтэй байгаа юм. “Хүмүүс сайхан амьдарч байж, бид сайхан амьдрах ёстой (ялангуяа улс төрийн удирдагчид) Япончууд, Америкчууд энэ зөвлөгөөг анхааралтай чагнасан, бас хэрэгжүүлсэн. Тэд дугуйг нь нээчихсэн улс. Бид одоо тэр зүйлийг анхааралтай сонсох хэрэгтэй байна.

-Гэр хорооллыг цэвэр, бохиртой холбоно гээд яригдаад л байна?

-Одоо зогсчихлоо. Тэр үед дахин төлөвлөлт эрчимтэй эхэлж байсан. Ер нь яг япончууд шиг болсон. Та нар нэг юмыг ойлго. Гэр хороолол гэдэг чинь “газрын эзэд”. Газар гэдэг нь Үндсэн хууль болон бүх хуулиар баталгаажчихсан газар. Энэ хүмүүс Улаанбаатарын нутаг дэвсгэр дээр амьдарч байна. Тиймээс та нар хүмүүстэйгээ түншлээд, өөрсдөөр нь газар дээр нь бүтээн байгуулалт хийлгэчхээ л гэсэн зүйл болсон юм. Токио, Нью-Йорк ингэж боссон. Гэвч ойлгосонгүй дээ, өнөөдрийг хүртэл.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.58)
    Оюун ухаангүй ,хэл нь сайн ажилладаг хүн гэж Элбэгдоржийг л хэлээд байх шиг байна. Өөрөө бас өрөөсөн дугуй нь гэдгээ харин ойлгоогүй байгаамуу?
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Hhjj (66.181.161.74)
    Ардчилсан хувьсгал гээл их ярьдаг хүн одоо боль Социалист систем задарсан бид дагахаас өөр ямар ч замгүй тэр замаар явсан болхоос ардчилсан хувьсгал гэж юу ч болоогүйг иргэд ойлгож байгаа та нар үнэнд гүйцэгдсэн өнгөрсөн сонгуулийг хар ирэх сонгуульд ч адил юм болно ер н та нарт төрийн эрх боломж хомосдож байгаа
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Д.Гантулга (202.9.40.28)
    ХҮН БҮРД ТЭГШ БОЛОЛЦОО ИЖИЛ ГАРАА БИЙ БОЛОГОВ.ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУУЛЬ ДҮРЭМ ЗААВАР ГАРГААД ХУУЬЛЧИЛДАГ ТЭР ТЭГШ ГАРАА БОЛОЛЦОО НЬ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЛУЙВАР БОЛЖ ХЭРЭГЖДЭГ ЯМАР ЮМНЫ АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО! БАЙХ ВЭ ДЭЭ?
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 45 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 1 цаг 7 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 1 цаг 29 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 1 цаг 55 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 2 цаг 25 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 2 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 3 цаг 20 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цаг 46 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 8 цаг 51 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 10 цаг 25 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 10 цаг 50 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 11 цаг 8 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 11 цаг 26 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 11 цаг 44 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Өчигдөр 19 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ Өчигдөр 19 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top