Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн өдөр тохиож байна. Ойн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэлж, баярын хурал Соёлын төв өргөөнд үргэлжилсэн юм.
Хүндэтгэлийн хурлын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкман, МУЗН-ийн нарийн бичгийн дарга Л.Болормаа нарын хүндэт зочид болон онцгой байдлын албаны үе, үеийн удирдлага, алба хаагчид оролцлоо.
Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, ОБЕГ-ыг 15 жилийнх нь ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардууллаа.

Зочид, төлөөлөгчид хүндэтгэлийн хуралд үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлсний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Онцгой байдлын газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгслийг олгохоор болсноо хэлж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд эрхийн бичгийг гардуулсан юм.














