Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн удаа хойшлогдсон байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан, шийдвэрээ гаргалаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан 5 өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 5 дугаар сарын 1-ний 10:00 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан шалгаад зургаан сарын хугацаа өнгөрч байна. Түүнийг энэ хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.



