Өчигдөр өглөө үүрээр 100 айлын автобусны буудлын орчимд нэг иргэн толгой тус газраа буудуулж амиа алдсан хэрэг гарсан.
Урьдчилсан байдлаар хохирогчийг 1958 онд төрсөн /61 настай/, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, эрэгтэй Ж гэгч болохыг тогтоожээ. Талийгаачийн толгойд бууны шарх байсан эсэх тухайд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарсны дараа тогтоогдох юм байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарах юм.
Мөн талийгаач калибр буу эзэмшдэг байжээ. Цагдаагийн байгууллагаас уг бууг нь хэрэг гарснаас хойш хадгалагдаж байснаас нь өөр газраас олсон талаар мэдээллээ. Тодруулбал, тус бууг дэлгүүрт архины барьцаанд үлдээсэн байжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Дөрөвдүгээр сарын 26-ны өглөө СБД 11-р хорооны нутаг дэвсгэр 100 айл орчимд толгойноос нь цус гарсан байдалтай хүн нас барсан байна гэх дуудлага 06:15 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу дүүрэг дэх цагдаагийн алба болон Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах албаны холбогдох мэргэжилтэн, албан хаагчид хэргийн газар дээр ажиллаж байна.
Хэрэг гарах үед тухайн орчмоор явж таарсан иргэд сэжигтэй этгээд харсан болон тухайн орчим машинд суусан байж болзошгүй сэжигтэй этгээд харсан болон мэдээлэл байвал цагдаагийн байгууллагад хандахыг хүсэж байна" гэв.



