ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт Владивосток хотноо эхэллээ.
Хоёр орны удирдагч нар анх удаа уулзаж байгаа бөгөөд удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдээлжээ.
Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 24-нд хувийн галт тэргээрээ Владивостокт ирсэн юм. Түүнийг Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авчээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д анх удаа айлчилж байгаа юм.