Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хуягт галт тэрэг хөлөглөн өнөөдөр ОХУ-ын нутагт орж ирсэн байна. Тэрээр Владивостокт мөргөөш буюу энэ сарын 25-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай анх удаа уулзах гэж байгаа юм.
Өнөөдөр өглөө Ким Жон Уныг Оросын хилийн Хасан өртөөнд саатахад албаны хүмүүс баглаа цэцэг, талх, давстай угтаж авсан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.
Маргааш эхлэх хоёр удирдагчийн уулзалт Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудалд гол анхаарлаа хандуулах ба асуудлыг тайван замаар шийдэх болно. Мөн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэдгийг Кремлийн зөвлөх Юрий Ушаков мэдэгдсэн байна.
Хоёр сарын өмнө Вьетнамд хийсэн Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт үр дүнгүй болсон нь хойд Солонгосыг хуучны холбоотон ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхэд хүргэсэн гэж зарим ажиглагчид дүгнэж байгаа аж.
Харин дээд хэмжээний уулзалтын үеэр зургаан талын хэлэлцээг сэргээх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ким Жон Унд тавьж магадгүй гэж Японы “NHK” телевиз мэдээлсэн юм.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх зургаан талын /БНАСАУ, БНСУ, Япон, БНХАУ, ОХУ болон АНУ/ хэлэлцээг 2008 онд Пёньяны хүсэлтээр зогсоож байжээ.
Сонирхуулахад, 2011 онд Ким Жон Уны эцэг Ким Жон Ил ОХУ-д хамгийн сүүлд айлчилж байжээ.