x

Бриан Айлвард: Найз охиноо тамхинаас гаргахын тулд комедиан болсон

Хошин урлагийн стэнд ап төрлөөр уран бүтээлээ туурвидаг Канадын алдартай комедиан Бриан Айлвард өнгөрсөн долоо хоногт Монголд өөрийн шоугаа хийсэн. Түүнтэй тоглолтынх нь өмнө ярилцлаа.

-Та өмнө нь Монголын тухай ямар мэдээлэлтэй байсан бэ?

-Би Монгол Улсад ирэхийнхээ өмнө танай орны тухай маш бага мэдээлэлтэй байсан. Чингис хааны тухай болон маш том бөгөөд уулархаг газар нутагтай гэдгийг мэддэг байлаа. Мөн монгол морь маш хурдан, монголчуудын дунд морины соёл маш өндөр хөгжсөнийг мэднэ. Гэхдээ би Монголын тухай “гүүгл”-ээс хайлт хийхийг хүсээгүй. Өөрөө зочилж, өөрийн нүдээр таньж мэдэхийг хүссэн.

-Онгоцноос буугаад ямар мэдрэмж авсан бэ. Таны төсөөлснөөс хэр өөр байв?

-Монголд ирээд 48 цагаас ч бага хугацаа өнгөрч байна. Энэ бол маш бага хугацаа. Би онгоцны буудлаас гараад таксинд суухад Монголын таксины жолооч нар маш хөгжилтэй хүмүүс юм шиг санагдсан. Монголчуудын зан харилцааг харахад маш ёс суртахуунтай, хүчирхэг хүмүүс гэсэн сэтгэгдэл төрсөн. Мөн Чингис хааны морьт хөшөөт цогцолборт очоод Монголын уудам тал нутгийг өөрийн нүдээр харж мэдрэх сайхан байсан. Би Канад хүн. Манай орон Монгол Улстай адил том газар нутагтай.

-Та стэнд ап чиглэлээр дагнан 13 жил уран бүтээлээ туурвиж байгаа гэсэн. Хэрхэн комедиан болсон түүхээ хуваалцаач?

-Миний төрж өссөн Канадын хотод стэнд ап комеди клуб байгаагүй. Би 10 гаруй жилийн өмнө БНСУ-д англи хэлний багшаар ажиллаж байсан. Тухайн үед найз охин минь “Би нэг сар огт тамхи татахгүй байвал чи стэнд ап комеди ярих уу” гэсэн. Учир нь намайг байнга хөгжилтэй зүйлс, элэглэл ярьдаг байсан болохоор комедиан болж чадна гэж бодсон байх. Тэгээд найз охин минь хэлсэн дээ хүрсэн учир би нэгэн уушийн газар, согтуу америк цэргүүдийн өмнө хошигнол ярьсан.

Тэр үед би 31 настай байсан. Тухайн үед өөрийгөө комедиан болоход хэт хөгшин гэж боддог байлаа. Гурван сарын дараа би Канадын Торонто хот руу нүүсэн. Тэнд нэг жил амьдрахдаа орой болгон тайзан дээр гарч комеди ярих болсон. Би эхнэртэйгээ гэрлэснийхээ дараа ахин БНСУ-д ажиллахаар болж,  эргэж Сөүл-рүү нүүсэн. Би тухайн үед хангалттай их мөнгө олдоггүй байсан учир буцаж БНСУ явах шийдвэр гаргасан. Тэнд үргэлжлүүлэн комеди ярихыг хүссэн. Мөн стэнд ап сонирхдог, үздэг залуус байсан учир БНСУ-д “Стэнд ап Сөүл” комеди клубээ байгуулсан. Ийн Сөүл хотод гурван жил англи хэлний багшаар ажилласан. Тэнд байхдаа амьдралдаа хүрэлцэхүйц мөнгө, ярих материал цуглуулж чадвал мэргэжлийн комедиан болж чадна гэж бодсон.

Тэгээд 2010 онд буцаж Торонто хот руу нүүсэн. Англи хэлний хичээл заахаа болиод мэргэжлийн комедиан болсон. Миний хувьд комедиан болоход хамгийн тохиромжтой гурван хот бол Торонто, Нью-Иорк, Нью-Ингланд. Яагаад гэвэл дээрх хотуудад орой бүр 3-4 шоунд орох боломжтой.

-Комедиан болсноороо найз охиноо тамхинаас бүрэн гаргаж чадсан уу. Та хоёр хуримаа хийсэн үү?

-Тийм ээ. Гэхдээ одоо би шинэ эхнэртэй (инээв). Яагаад гэвэл анхны эхнэртэйгээ гэрлэснийхээ дараа би ихэнх цагаа гэр бүлдээ бус комедид зарцуулдаг байсан. Ялангуяа комедианууд маш урт хугацааг аялан тоглолт хийж гэрээсээ хол өнгөрүүлдэг. Тиймээс гэр бүлийн тогтвортой харилцаагаа хадгалах маш хэцүү.

-Канадад стэнд ап комеди хэр өндөр хөгжсөн бэ?

-Миний анх эхэлж байсан 13 жилийн өмнөхтэй харьцуулбал үзэгчид энэ төрөлд дуртай, шимтэн үздэг хэвээрээ байгаа. Харин юу өөрчлөгдсөн бэ гэвэл комедианууд тайзан дээр ярьдаг зүйлээсээ бага зэрэг эмээж эхэлсэн. Учир нь үзэгчид маш эмзэг болсон. Комедиануудын ярьж буй хошигнолд цензур тавьдаг болсон. Үүнээс улбаалан Канадын хоёр комедиан шүүхэд дуудагдсан. Комедиануудыг тэдний ярьдаг хошигнол, уран бүтээлээс нь болж, шүүхэд өгөх бол үнэхээр солиотой үйлдэл. Нэг өгүүлбэрээр хэлэхэд үзэгчид хувь хүний үг хэлэх эрхэд халдах гэсэн хандлага бий болсон. Үүнийг зарим хүн энэ салбарын хөгжил гэж хардаг. Харин миний хувьд энэ үйлдэл бол ухралт.

-Таны сэтгэлд хамгийн тодоор үлдсэн комеди клуб, тайзыг нэрлээч?

-Би БНСУ-д комеди ярьж эхэлсэн. Мөн тэнд англи хэл дээрх стэнд ап комеди шоуг эхлүүлсэн болохоор Өмнөд Солонгос миний замналд маш их ач холбогдолтой байсан. Би өмнө нь Ирландад тоглолт хийж байсан. Манай гэр бүл Ирланд гаралтай. Тиймээс манай удмын өмнөх үеийнхэн амьдарч байсан нутаг учир тэнд очих маш сайхан байсан. Мөн Монгол надад маш их таалагдлаа. Монгол Улс миний тоглолтоо хийж буй 24 дэх орон. Би заавал ахиж Монголд ирж, хөдөө аялахыг хүсч байна. Би эхнэртээ хамт Монголд ирье гэж хэлсэн. Би загас барих дуртай. Монголд ахиж ирээд үзэж харах болон хийж үзэхийг хүссэн олон зүйл бий. Би түүх болон байгаль судлах сонирхолтой. Тиймээс Монгол Улсад заавал дахин зочлох болно.

-“Ub комеди” клубт зочлоод анх төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?

-Үнэхээр гайхамшигтай санагдсан. Азийн хамгийн шилдэг комеди клуб. Би Азид  “Ub комеди” клуб шиг гоё клуб харж, орж байсангүй. Мөн би “Ub комеди” клубын комедиануудыг шоуг үзсэн. Үзэгчдийн уур амьсгал маш их таалагдсан. Өмнө нь Монголд ирж тоглолтоо хийсэн Мартин Мор, Том Родес нараас маш гоё сайхан сэтгэгдлүүд сонссон. Дараа нь өөрөө биечлэн ирж үзэхэд бодит байдал миний төсөөллийг давж чадсан. Монголд дэлхийн түвшний комеди клуб байдаг юм байна.

-Монгол үзэгчдэд ямар хошигнол, элэглэл ярих вэ?

-Би удахгүй “Big Asia” комеди цомгоо гаргах гэж байгаа. Азид 10 жил амьдарсан туршлага, өөрт тохиолдсон хөгжилтэй зүйлсдээ тулгуурлан энэ цомгоо гаргана. Энэ цомогтоо орсон материалуудыг монголын үзэгчдэд ярина. Тодруулбал, анх удаа Өмнөд Солонгост очоод төрсөн мэдрэмж, тэнд англи хэлний багшаар ажилласан тухай болон Тайланд, Сингапур, Камбож улсад очсон сонирхолтой аялал болон адал явдалт түүхээ хуваалцана. Мөн би өмнө нь хэлсэн. Би саяхан гэрлэсэн болохоор эхнэр нөхрийн хоорондын харилцааны талаар ярих болно.

-Та 2016 онд Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртсэн. Бусад өрсөлдөгчтэй харьцуулбал таны давуу тал юу байсан бэ?

-Манай найз нар энэ уралдаанд намайг нэр дэвшүүлсэн. Шүүгчдийн санал болон онлайн санал хураалтаар нэгдсэн дүнг гаргасан. Тухайн үедээ би надаас илүү алдартай комедиануудтай өрсөлдсөн ч ялалт байгуулж чадсан. Учир нь би Канадын бүх л хотод очиж аялан тоглолтоо хийсэн байсан. Ингэснээр намайг үзэгч, дэмжигчдийн тоо нэмэгдсэн. Тиймээс хөлс хөдөлмөрийнхөө үр дүнд  Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртсэн.

-“Ub комеди” клубын зарим комедиан англи хэл дээр шоу зохион байгуулдаг. Тэд Азийн бусад улсад аялан тоглолт хийх боломж бий юу?

-Энэ тал дээр өгөх миний зөвлөгөө гэвэл долоо хоногт нэг удаа зохион байгуулдаг англи хэл дээрх нээлттэй микрофоны тэмцээнээ ядаж хоёр болгох хэрэгтэй. Мөн комедиануудад хэлэхэд одоо байгаа хэмжээндээ ханалгүй улам их хөдөлмөрлө. Илүү их, том зүйл бүтээхийн тулд хичээ. Намайг залуухан байхад аав минь надад ийм нэг зөвлөгөө өгч байсан юм. “Хүн болгонтой эерэг харилц. Зогсолтгүй ажил” гэж. Одоо бодоход би яг л ийм зарчмаар явж ирсэн. Монголын комедиануудад өөрсдийн хязгаараа тэлэх боломж, цаг мөч ирнэ. Тэр үед нь БНХАУ, Сингапур болон Азийн бусад орон руу оч. Магадгүй эх орноосоо хол байх сонголт тулгарч магадгүй. Хэрвээ үнэхээр алдартай комедиан болох хүсэлтэй бол тэр үед энэ сонголтыг заавал сонгох ёстой. Олон улсын зах зээлд нэг ч монгол комедиан алга. Энэ нь өөрөө асар том боломж гэсэн үг.

-Танд комедиан болсондоо харамсаж байсан үе бий юу?

-Үгүй. Би комедиан болсондоо хэзээ ч харамсахгүй. Учир нь би сургуульд сурч байхдаа, дараа нь ажлын байран дээр гараад ч өөрийгөө олж чадахгүй л байсан. Харин стэнп ап комеди хийж эхэлснээрээ би энэ зүйлийг хийх гэж төрсөн хүн юм байна гэдгээ мэдэрсэн. Тиймээс комедиан болсноороо маш их бахархдаг. Стэнд ап комеди бол миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Маш их баярлалаа.

О.Болор-Эрдэнэ 

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 17 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 19 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 21 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 24 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 25 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 27 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 30 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 47 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 48 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 55 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 56 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 22 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 22 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 23 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 28 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 29 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 30 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 32 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 33 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top