Австралийн Холбооны Улс галт зэвсгийн тухай хуулийг чангатгах төлөвлөгөөгөө өнөөдөр зарлажээ. Сиднейн Бонди эрэг дээр еврейчүүдийн баярын үеэр эцэг, хүү хоёр 15 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарсны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна.
50 настай эцэг нь газар дээрээ нас барснаар амиа алдагсдын тоо 16 болсон бол 24 настай хүүгийнх нь биеийн байдал хүнд байгааг цагдаа нар өнөө өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Халдлагын дараа 40 хүн эмнэлэгт хүргэгдсэний дотор биеийн байдал нь хүнд боловч тогтвортой байгаа хоёр цагдаагийн ажилтан байна. Амь эрсэдсэн хүмүүс 10-87 насныхан байжээ.
Цагдаа нар гал нээсэн хүмүүсийн нэрийг зарлаагүй байгаа боловч хүүгийн эцэг нь 2015 оноос хойш галт зэвсгийн зөвшөөрөлтэй, зургаан бүртгэлтэй зэвсэгтэй байсан аж. Халдлага үйлдсэн сэжигтнүүдийн нэг нь хууль сахиулах байгууллагад өмнө нь бүртгэлтэй байсан боловч түүнийг шууд аюул заналхийлэл учруулна гэж үзээгүй болохыг аюулаас хамгаалах хүчнийхэн хэлжээ.
Тэд бол Сажид Акрам, түүний хүү Навид Акрам нар гэж АВС телевиз мэдээлсэн байна. Дотоод хэргийн сайд Тони Буркийн хэлснээр, аав нь 1998 онд оюутны визээр Австралид ирсэн бол хүү нь Австралид төрсөн иргэн ажээ. Уг хэрэг дэлхий дээрх хамгийн хатуу хууль тогтоомжтойд тооцогддог Австралийн галт зэвсгийн тухай хууль амьдралд нийцэж байгаа эсэх тухай асуудлыг хөндөхөд хүргэжээ.
Ерөнхий сайд Энтони Альбанезе мэдэгдэхдээ, Засгийн газраас лицензээр зөвшөөрөгдсөн галт зэвсгийн тоог хязгаарлах, лиценз хэр удаан үргэлжлэх ёстойг хэлэлцэх болно гэлээ. “Хүмүүс цаг хугацааны эрхээр радикал үзэлтэй болж болно. Харин лицензийн хугацаа үүрд үргэлжлэх ёсгүй” гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters



