x

Цахим тоглоомонд донтох аюул харанга дэлдэж байна

Сар шинийн баярын өмнөх өдөр найзаас маань хагарсан утасны зураг хувийн чатаар минь ирэв. Учрыг нь тодруулбаас сар шинэ болох гээд ажил ихтэй байх үед нөхөр нь утсаараа тоглоод ар гэр, амьдрал ахуйгаа умартаад байсан болохоор утсыг нь хага цохисон нь энэ байж. Харин утсаа хагалуулсан нөхөр нь шоконд орж, тэр даруй гэрийнхээ ажилд идэвхтэй туслан бүр оройн хоолондоо хуушуур өөрийн гараараа хийж өгсөн гэв. Одоо л амьдрал маань хэвийн боллоо. Утсыг нь хагалсандаа харамсаж байгаа боловч “Утас хагарах яах вэ, амьдралаа хагалчаагүй нь яамай л” гэж бодож байна гэв. Үнэхээр сүүлийн нэг сар найз маань нөхрөө цахим тоглоомыг хэт удаан хугацаагаар тоглож давхар биетэй найзад маань болон нэгдүгээр ангийн хүүдээ хайхрамжгүй ханддаг болсон талаар хэд хэдэн удаа ам нээсэн. “Заримдаа худлаа хэлээд, утсаа хаагаад алга болчихдог. Энэ үеэр нь би гэнэт өвдөөд төрөх болбол яана аа. Ямар гайтай нь энэ цахим тоглоомыг зохиодог байна аа” хэмээн шаналангуй хэлж байсан сан. Энэ бол цахим тоглоомны хамааралд тодорхой хэмжээгээр орсон, бүр донтсон нөхөртэй, хүүхэдтэй мянга мянган ээжийн төлөөлөл болсон жирийн нэг монгол ээж, жирийн нэг эхнэр. Сүүлийн үед цахим ертөнцөд энэ талаар олон бүсгүйчүүд бухимдлаа илэрхийлсэн пост оруулж байгаа. Тэдний амьдрал ангал руу ойртож, зарим нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаагаа ч илэрхийлсэн. Тэдний амьдралд цахим тоглоомноос болж хүндхэн, хөгтэй, инээдтэй, эмгэнэлтэй явдал тохиож байна. Ингээд зарим нэг постуудыг энд сийрүүлье. “ За энэ PUB-G гээч тоглоом айл гэрийн амгалан тайван байдалд үнэхээр нөлөөлж эхэлж байна аа. Ажлаасаа ирээд хүүхдээ эрхлүүлээд инээж ханиагаад суудаг байсан нөхөр маань гэртээ орж ирэнгүүтээ бараг л хувцсаа тайлахгүй PUB-G-гаа тоглох юм. Хүүхэд эрхлээд “Ааваа” гээл очингуут “Аав нь яг үхлээ” ч гэх шиг. Хүүхэд айж уйлаад “Ааваа битгий үх л дээ” ч гэх шиг. Кино кино. Хүндэт PUB-G-чдаа одоо болно оо, “Өглөө босоод л тоглоом. ОО-ын өрөөнд ороод цаг гаран алга болчихно. Нөгөөхөө л тоглоостой. Усанд орно оо. Банн дүүрэн ус хийж байгаад л хүйтэн болтол нь дор хаяж 4-5 цаг тоглоно. Утасны цэнэг нь дуссах үед нь хаана байгаагаа санадаг юм шиг байгаа юм. Ийм байхад хүн уурлахгүй гээд яах вэ. Уурлахаар юундаа уурладаг юм. Энэ тоглоом нь бодвол амьдралаас нь чухал юм байгаа биз”, “Олон юм хэлэхээ больё. Хамгийн наад захын жишээ гэр бүлд амьд харилцаа гэж зүйл байхгүй болж байна. Аав нь утсаа бариад элий балай юм тоглоод байхаар хажууд нь байгаа хүүхэд нь ямар үлгэр дуурайл авах вэ”, “Манай хүү аавынхаа тоглохыг харсаар байгаад ганцаараа тоглож байснаа “Гэдсэндээ хутгалуулчихлаа” гэдэг байгаа. Хаанаас ийм юм сурчхав аа гэтэл “Аавын тоглодог PUB-G”-гаас гэдэг байна шүү”, “Амьдралаа авч явах залуус, өрхийн тэргүүнүүд,10 жилийн бацаанууд эргүүттэлээ тоглохоо л больчих.Ажлаа хүн шиг хийгээд ар гэрээ аятайхан авч яваад, ар гэртээ зориулах цагаа үр бүтээлтэй өнгөрүүлчхээд өөрийгөө хөгжүүлмээр. Дор хаяж бүтэн нойртой хонох цагаасаа хумсалж өөрийгөө хордуулах гэж” гэх мэт мянга мянган сэтгэгдлүүд хөвөрсөөр.

Ийм учраас өдрийн сурвалжилгаараа “Цахим тоглоомын донтол, түүний хор уршиг”-ийн талаар онцолж байна. СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой уулзаж цахим тоглоом, дэлгэцийн донтолтын талаар мэдээлэл авснаа багцлан хүргэж байна. Тэрээр хэлэхдээ . “Дэлхийд 1996 оноос эхлэн “Интернэт донтолт” гэгч зүйл бий болж байгаа талаар олон улсын сэтгэцийн эмч нарын хурал дээр хэлсэн байдаг. Манай улсад 2000 он гарснаар энэ төрлийн эмгэг бүртгэгдсэн байдаг. Ингээд жил ирэх тусам энэ төрлийн эмгэгээр үзүүлэх, зөвлөгөө авах хүүхдийн тоо нэмэгдсэн. Харин сүүлийн таван жил энэ байдал эрс өссөн. Өмнө нь жилд 30 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол сүүлийн таван жил энэ тоо гурав дахин нэмэгдсэн. Энэ зөвхөн хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо. Гэтэл амбулаториор зөвлөгөө аваад, эмчилгээ хийлгэж байгаа хүүхдийн тоо үүнээс ч олон байна.

Цахим тоглоомын үүсэл Монголд

“Тоглоом” хэмээх үг нь JUCUS гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд XI зуунд чөлөөт цагийг өнгөрөөхөд зориулагдсан, тодорхой журам, дүрэмтэй, тоглоход зориулагдсан хэрэглэгдэхүүнтэй явагддаг үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үздэг байжээ. Үүнээс хойш тоглоомын талаар олон тодорхойлолт гарсан байна. Тухайлбал дэлхийн нэвтэрхий тольд: “Тоглоом гэдэг нь горимын дагуу гүйцэтгэдэг оюуны болон биеийн тэмцэлдээн юм” гэжээ. Комъютер тоглоом нь видео тоглоомын нэг төрөл бөгөөд видео тоглоом гэдэг нь телевиз, комъютер, интернэт, гар утас, гар удирдлагатай тоглоом, зоос ашиглан тоглодог тоглоомууд багтдаг аж. Комьютер тоглоомонд донтох нь олон улсын хэмжээнд анхаарал татах болсон. Манай оронд 1990- ээд оноос видео тоглоомын хэлбэрүүд РС, Сега хэлбэрээр орж ирсэн түүхтэй

Цахим тоглоомын газрууд залуусын халаасыг сэгсэрч байна

СЭМҮТ-өөс гарч явахад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, дэлгэцийн донтолтоос хүн бүр үр хүүхэд, ойр тойрныхноо хамгаалахгүй л бол чимээгүй цахим донтолтын аюулд нийгэм маань нэрвэгдэж байгаад сэтгэл эмзэглэсээр дараагийн газрыг зорилоо. Энэ бол ирээдүйн бүхий л салбарын мянга мянган боловсон хүчнийг бэлтгэдэг их сургуулиудын дунд байрладаг цахим тоглоомын газар. Шатаар өгсөөд хоёр давхарт гарах мөчид хаалга андуурчхав уу л гэж бодлоо. Бараг 20 орчим хүүхэд юунд ч юм дугаарлан багталцаж ядан зогсоно. Яг одоо 12 цаг 50 минут болж байна. Хажуугаар минь дайрчих шахам өнгөрсөн хэдэн залуус “Новш гэж 15 минут хүлээх нь” гэх мэтээр үглэн зөрөв. Одоогоор энэ тоглоомын төвд дахин үйлчлүүлэгч авах боломжгүй болтлоо дүүрчээ. Гэсэн ч суудал хэдийд ч гарах магадлалтай тул горилогчид шавааралдан хүлээсээр. Тус төвийг ажиллуулж буй залуугийн хэлж байгаагаар тус төв 200 ширхэг комьютертэй боловч яг үдийн цайны цагаар ийм ачаалалтай болж, үйлчлүүлэгч ихтэй болдог гэнэ. Нэг цагт 1000 төгрөг төлдөг байна. Харин VIP өрөө байдаг талаар бас нэг хүү хэлэв. Тэнд нь тогловол цагийн хөлс нь 1500 төгрөг.Үйлчлүүлэгчдийн насны хувьд 18-21 насныхан ихэвчлэн тоглодог бол оройн цагаар илүү настай буюу 30-40 насныхан орж ирж тоглодог гэв. Эндхийн үйлчлүүлэгчид нь өөр өөрийн сонирхлоороо тоглоомоо сонгоод тоглодог аж. Гэхдээ ихэвчлэн ДОТА хэмээх тав, таваараа онлайнаар нэгдэж хэн нэгнийхээ төвийг түрүүлж устгах зорилготой тоглоомыг тоглодог гэнэ. Энэ тоглоомыг хамгийн багадаа 25 минутын дотор дуусгадаг бол, хамгийн ихдээ 40 минут тоглодог гэж байна. Гэхдээ энд дурдсан хугацаа бас л учир дутагдалтай. Хамгийн гол нь хэн нэгнийхээ төвийг түрүүлж устгаж байж л тоглоом дуусдаг гэнэ. Нэг зааландаа 50 комьпютер байрлуулсан яг ийм дөрвөн хэсэг бүдэг гэрэлтэй зааланд дүүртэл суусан залуусын зарим нь гэнэт гэнэт хашгиралдаж тоглоомынхоо сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нь цочмоор. Коридориор үргэлжлүүлэн цааш явахад тасалгаа бүхий дахин нэг хэсэгт мөн л дүүрэн үйлчлүүлэгчтэй байна. Энэ хэсэгт тоглохын тулд цагт 3500 төгрөг төлдөг гэнэ. Эндэхийн үйлчлүүлэгчид өлсөж, цангахын зовлонг амсахгүйгээр тоглох боломж бүрэн бүрдсэн нь лангуун дээр нь өрөөстэй ус, ундаа , бургерээс харагдаж байна. Энэ тоглоомны газар агааржуулалт хийгээд ариун цэврийн хувьд сайн гэдгийг эзэн нь хэлж, мөн тэрээр “ Зарим тоглоомын газрууд агааржуулалт муу, тамхи татах өрөөгүй, ганцхан үйлчлэгчтэй. Тэр нь өглөө л ганц цэвэрлэдэг бол манайх гурван үйлчлэгчтэй. Мөн бүх хэсэгтээ бүрэн хяналтын камертай” хэмээн бахархан ярилаа. Арга ч үгүй биз. Багахан жижиг дунд үйлдвэрээс ч илүү их ашгийг ирээдүйн эздийн халаасыг сэгсэрч амархан олж байгаа болохоор ...

Цахим тоглоомын газар өнгөрсөн онд 50 гэмт хэрэг үйлдэгдсэн

Энэ мэтчилэн цахим тоглоомын газруудад хэрхэн хяналт тавин ажиллаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулсан юм. Тэрээр “Засгийн газрын 2013 онд баталсан журмаар цахим тоглоомын газар үйл ажиллагаа нь зохицуулагддаг бол Цахим тоглоомын газруудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг харилцаа холбооны зохицуулах хороо олгодог. Харин цагдаагийн байгууллага бол цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж ажилладаг. Манай улсын хэмжээнд 2018 оны байдлаар 600 орчим цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газруудын 60 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. 2013 онд баталсан дээрх журмаар 11 насаас доош хүүхдийг цахим тоглоомын газар тоглуулахгүй байх, хоёр цагаас дээш хугацаагаар тоглуулахгүй байх, үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг зохицуулж өгсөн байдаг. Гэтэл цахим тоглоомын газрууд энэ журмыг мөрдөхгүй, ашгийн төлөө ажиллаж, удаан хугацаагаар хүүхдийг тоглуулж донтох нөхцөлийг бүрдүүлж байна. Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдээ харахаас төвөгшөөж сатааруулах амар арга болгож гар утсаа өгснөөр бас донтуулж байна. Цагдаагийн байгууллагаас цахим тоглоомын газруудад хяналт тавьж, цаг хэтрүүлэн ажилласан, зөвшөөрөлгүй ажилласан бол Зөрчлийн хуулийн дагуу 50 мянгаас 500 мянган төгрөгөөр торгож хариуцлага тооцон ажиллаж байна. Өнгөрсөн онд нийт 400 орчим зөрчилд хариуцлага тооцсон байна. Удаа дараа зөрчил гаргасан газруудын үйл ажиллагааг цуцлах саналыг холбогдох байгууллагад нь хүргүүлэн ажилласан. 2017-2018 онд нийт 50 гаруй цахим тоглоомын газрын үйл ажиллагааг цуцалсан. Мөн цахим тоглоомын газар 50 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд цахим тоглоомтой холбоотойгоор гарах хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна.

Цахим тоглоомонд догтсон 25 настай, 30 настай залууг хэн хөтөлж аваачиж эмнэлэгт үзүүлэх вэ?

Мөн цахим сүлжээнд мөрийтэй тоглох явдал их гарч байна. Энэ тал дээр хууль дүрмийн дагуу хяналт тавин ажиллаж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүдээс гадна насанд хүрсэн хүмүүс донтох явдал гарч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт байрлах цахим тоглоомын газар тоглож байгаад 26,27 настай залуус биенийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. 14 настай хүүхэд цахим тоглоомд донтчихвол гаднаас нь хараад ерөнхий шинж байдлыг нь аав, ээж нь хараад эмнэлгийн байгууллагад хандаад эмчилгээ хийлгэж байгаа боловч 25,30 настай цахим тоглоомд донтчихсон залууг хэн хөтөлж аваачиж эмнэлэгт үзүүлэх вэ. Тэр хүнд ойр тойрныхон нь хэлээд тухайн хүн хүлээж авахгүй байна. Ингээд гэмт хэргийн хохирогч болох, тоглох мөнгөө олохын тулд гэмт хэрэг үйлдэх гэх мэт эрсдэлд орж байна.

Цахим тоглоом хөгжсөн цагаас хүүхэд хүний амь насыг хохироох явдал өссөн

Сүүлийн жилүүдэд хүүхдээс үйлдэж байгаа гэмт хэргийн тоо өссөн. Тухайлбал хулгайлах, бусдын эрх чөлөөнд халдах, дээрэмдэх гэмт хэрэг өссөн нь цахим тоглоомонд догтсон, цахим тоглоом тоглодог хүүхдүүд олон болсонтой холбоотой. Тэдний ээж, ааваасаа авч тоглодог байсан мөнгө нь тоглож байгаа цагт нь хүрэлцэхгүй болоод ирж байна. Ингээд тоглоом тоглохын тулд өөр арга хэрэгслээр мөнгө олж гэмт хэрэгт хобогдож байна. Анх 1999 онд манай улсад хүүхэд, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. 1995,1996 оноос SONY, Сига гэх мэт байг устгах, алах, хядах тоглоом гарч ирсэн байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж байна гэсэн эмч нарын дүгнэлт гарсан. Тэр цагаас хойш жил бүр хүүхэд бусдын амь насыг бүрэлгэх гэмт хэрэг 4-8 тохиолдол бүртгэгдэж байна. Тухайлбал дөрвөн жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт 13 настай хүүхэд төрсөн дүүгийнхээ амь насыг хохироосон. Тэрээр өөрийнх нь тоглож наадах цагаас хомсоллоо. Би чамайг харах албагүй гэсэн хандлагаар дүүгийнхээ амь насыг хохироосон. Энэ цахим тоглоомонд хэмжээ хязгааргүй донтолт, эцэг эхийн хараа хяналтгүй байдал нь гэмт хэргийн гаралтанд нөлөөлж байна.

Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газрыг хаах эрх бидэнд байхгүй

Хоногийн 24 цагийн зургаан цагийг сургуулийн орчинд өнгөрүүлдэг гэж үзвэл үлдсэн 18 цагийг буюу 80 орчим хувийг гэр бүлийн орчинд өнгөрүүлж байна. Гэтэл хүмүүжлийн ихэнх хувийг олгож байгаа гэр бүл нь зөрчилтэй, хүүхэдтэй нийлж цахим тоглоом тоглодог ээж, аавууд ч байна. Донтож байгаагаа нь мэдсээр байж тоолгүй орхиж, удахгүй больчих байх гэж хойрго хандсанаас байдал улам хүндэрч байна. Цахим тоглоомын газрууд хаа сайгүй үйл ажиллагаа явуулж байна. Бидэнд зөрчил гаргаагүй хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газрыг хаах эрх бидэнд байхгүй. Тэдгээрийг хаагаач ээ гэхээсээ өмнө “Таны хүүхэд тэр газар орж тоглохгүй л бол тэр газар хүссэн хүсээгүй хаалгаа барих болно”. Тиймээс эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хараа хяналт чухал” гэв.

Үнэхээр эрүүл саруул үр хүүхэд төрүүлж өсгөчхөөд, цахим тоглоомын харгайгаар эрэмдэг зэрэмдэг болгочихвол хэчнээн харамсалтай вэ. Өнөөдөр завгүй хэмээж ирээдүйн уршгийг битгий тариарай.

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор зөвлөж байна.

Дон гэж юу вэ?

Донтолт гэдэг бол аливаа төрлийн зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээр тухайн зүйл нь тэр хүний оюун бодлоос гарахаа больж, байнгын хэрэглээ болж шаардагдах, тухайн зүйлийг хэрэглээгүй үед хэрэглэх хүсэл хар аяндаа төрдөг. Тухайн зүйлийг хэрэглээгүй үед байж ядан, ямар нэг аргаар хэрэглэх гэх мэтээр амьдралынхаа ихэнх цагийг тэр зүйлдээ зарцуулж, өөрийнхөө амин чухал хэрэглээнээс нэгдүгээрт тавьж эхлэхийг догтолт гэж нэрлэж байна. Амин чухал хэрэглээ гэдэгт унтах, хооллох, ажиллах, хөдөлмөрлөх, бусадтай харилцах гэх мэт орно. Бүх донтолт ижил механизмаар үйлчилдэг. Хамгийн түрүүнд хүний тархи донтолтын бай болж өөрчлөгддөг. Аливаа зүйлд донтсон хүнийг гаднаас нь хараад тэр бүр мэдэх боломж байдаггүй ч гэлээ нарийн шинжилгээний багажны тусламжтай тухайн донтоод байгаа зүйлийг хэрэглэх үед тархины үйл ажиллагаа идэвхижиж байгааг оношилдог. Дэлгэцийн донтолт, донтох эмгэгт хүүхдүүд их өртөж байна. 1992 онд АНУ-ын эрдэмтэн, сэтгэл судлаач Кимбэрли Ёонг интернет донтолт гэдэг нэр томьёог анх гаргаж ирсэн. Интернет донтолтыг энгийнээр хэлбэл интернет эсвэл дэлгэцийг хэрэглэх ёстой хэмжээнээсээ илүү ихээр буюу хэтрүүлэн хэрэглэх сэтгэл зүйн өвчин юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө хянах чадваргүйгээр интернет болон дэлгэцийг удаан хугацаагаар хэрэглэж түүнээсээ хамааралтай болох юм. Интернет донтолт нь дотроо текстийн донтолт (twitter эсвэл хүмүүсийн сэтгэгдэл унших), ухаалаг утасны донтолт, медиа донтолт (зурагт болон видео үзэх), видео тоглоомын донтолт (PC буюу онлайн тоглоом), онлайн мөрийтэй тоглоомоос хамаарна. Мөн онлайн сексийн донтолт сүүлийн жилүүдэд хамгийн түгээмэл гарч ирж буй нийгмийн сүлжээний донтолт зэрэг хэд хэдэн бүлэгт хуваагддаг.

Цахим тоглоомын хор хөнөөл

Сурагчдын хувьд сурлагандаа муудах, хичээлээ таслах, эцсийн дүнд сургуулиас завсардах,худлаа ярих, хулгай хийх, гэмт хэрэгт холбогдох, байнга тоглоом бодогдох (тоглоомноос өөр зүйл сонирхохоо болих), биеэ барьж чадахгүй, огцом түргэн ууртай болох, гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл тоох, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй биеийн өсөлт удаашрах, цус багадалт, хоол боловсруулах замын өвчнөөр өвдөх гэх мэт олон тооны хор уршигтай. Ер нь цахим тоглоомыг удаан хугацаагаар тоглож байгаа хүүхдүүд ихэвчлэн цонхигор цагаан царайтай болсон байдаг. Өөрөөр хэлбэл тэд нарны гэрлээс хол, хөдөлгөөний дутагдалтай байгаа учраас амин чухал эрдэс бодисын дутагдалд орсон байдаг.

Цахим тоглоомд донтсон бол хэр хугацаанд эдгэрэх вэ?

Цахим тоглоомонд донтсон хүүхэд донтолтынхоо зэргээс шалтгаалаад өөр өөр хугацаанд эмчлэгддэг. Нэгэнт төрх, зан үйл нь өөрчлөгдөөд эхэлсэн хүүхдийг хэвийн байдалд оруулахад маш их хугацаа шаарддаг. өвчтөний ар гэр болон, эмч нар хамтарч ажилласны үндсэн дээр удаан хугацааны дараа засал авдаг. Нэгэнт цахим тоглоомны хамааралтай болсон хүүхдэд тусгай хөтөлбөрөөр хичээл зааж өөрт нь “Би их хэрэглэдэг юм байна эсвэл бүр донтчихсон юм байна гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр зан үйлийг нь өөрчлөх сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Хүүхэд хэвтэн эмчлүүлэх хугацаа бол суурь эмчилгээ л болдог. Ингээд эмнэлгээс гарсны дараа нийгмийн харилцаанд орж байх хугацаандаа үргэлжлүүлэн сэтгэл заслын эмчилгээнд хамрагддах ёстой. Хамгийн багадаа сэтгэл заслын эмчилгээг зургаан сар үргэлжлүүлэх ёстой байдаг. Харамсалтай нь эмнэлгээс гарчхаад сэтгэл заслын эмчилгээндээ үргэлжлүүлэн хамрагдаагүй хүүхдүүд дахиад л тоглочихсон, улам гүнзгий шатанд орчихсон байх тохиолдол бий. Мөн эмнэлгийн тусламж аваад гэртээ гарсны дараа ар гэрийнх нь уур амьсгал нь хөндий, аав ээж нь архидалттай, хэрүүлтэй, тогтворгүй хэвээрээ байвал хүүхэд дахиад л тоглож эхлэхээс өөр сонголтгүй болдог. Тиймээс энэ тал дээр эцэг эхчүүүд болон насанд хүрсэн хүмүүсийн дэмжлэг ихээхэн хэрэгтэй. Манай төвд хандаж байгаа хүүхдүүд хамгийн багадаа нэгээс хоёр жил цахим тоглоом тоглосныхоо дараа ирдэг. Хоёроос гурван сар тоглосон гэх хүүхэд ховор. Тэгэхээр тоглосон хугацаатай нь эмчилгээний хугацаа дүйцдэг.

Тоглоомны хамааралтай болсноо хэрхэн мэдэх вэ?

Тоглоомны хамааралд орсон эсэхийг дараах шинжүүдээр тогтооно. Сүүлийн 12 сарын хугацаанд 4-5 шинж илэрч байвал донтолт үүссэн гэж үнэлнэ.

1. Цахим тоглоомын талаар санаашрах

2.Цахим тоглоомоос холдуулахад сэтгэл гутралын шинж тэмдэг илэрнэ

3. Цахим тоглоомыг илүү удаан хугацаагаар тоглох дур үүсэх

4. Цахим тоглоом тоглохгүй гэж бодсон ч (амлалт өгөх) чадахгүй байх

5. Цахим тоглоомоос болж урьд нь сонирхдог байсан зүйлсээ сонирхох нь багасах

6. Цахим тоглоомноос үүдэлтэй нийгэм сэтгэл зүйн асуудал үүсч байгааг мэдсээр байж цахим тоглоомыг хэт их цагаар, удаан хугацаагаар тоглосоор байх

7. Цахим тоглоом хэр их тоглодгоо нууж гэр бүл, багш, эмч болон бусад хүмүүст худлаа ярих

8. Цахим тоглоомыг сэтгэл санааны таагүй байдлаас гарахын тулд тоглох

9. Цахим тоглоом тоглосноос болж ажил, сургууль, албан тушаал дэвших боломж, гэр бүл, найз нөхөд, зэрэг чухал харилцааг умартах

Цахим тоглоомонд донтох эмгэгийн гол цөм нь олон цагаар, байнгын давтамжтай тоглох бөгөөд тоглоомонд гүнзгий донтсон хүн өдөрт 8-10 цаг, эсвэл үүнээс удаан хугацааг зориулах бөгөөд долоо хоногт хамгийн багадаа 30 цаг зарцуулдаг. Тоглоомонд донтсон эмчлүүлэгчдийг зориудаар сэдэл өгч тоглуулахад тархины тодорхой хэсгүүдэд идэвхжилийн голомт үүсдэг байна.

Цахим тоглоомд донтох шалтгаан хаанаас үүдэлтэй вэ?

Цахим тоглоомд донтох олон шалтгаан байдаг. Хамгийн гол нь хүүхдийн хүмүүжил, өсөж төрсөн орчин, бие хүний онцлог, сургуулийн орчин, эцэг эхийн харилцаа хандлага, гэр бүлийн орчноос ихээхэн шалтгаалж байна. СЭМҮТ-д 2016 онд хийсэн судалгаагаар хэт их эрхлүүлсэн болон хүүхдийг эс хайхрах хүчирхийлэлд өртөж байсан болон хэт дураараа өссөн хүүхэд цахим тоглоомд донтох нь их байна гэсэн дүн гарсан. Хэт эрхлүүлсэн гэдэг бол хүүхэд багаасаа эцэг эхээсээ хүссэн бүхнээ авдаг, юу хүссэнээ хийж өөрт таалагдсан бүхнээ өөрийн дураар хийсээр байгаад өөрийн мэдэлгүй донтчихсон хүүхдүүд байдаг. Харин зарим нь эцэг эхийн хараа хяналт сул, гэр бүлийн маргаантай, архидалт, хүчирхийлэлтэй буюу өв тэгш бус гэр бүлд өссөнөөс үүдэн эс хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд аливаа зүйлийн сайн, мууг ялгаж салгахгүйгээр донтох тохиолдол бий. Тэд гэртээ байх сонирхолгүй болж, цахим тоглоомын газа,р найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж сэтгэлээ тайвшруулдаг. Энэ байдал нь өөрт нь таатай мэдрэмж төрүүлдэг учрааас ойр ойрхон тоглосноор нэг л мэдэхэд донтчихсон байдаг.

Донтсон хүүхдүүдэд илрэх шинж тэмдэг

- Дуртай тоглоом буюу дэлгэцээс нь холдуулсан үед өөртөө болон өрөөлд хүч хэрэглэсэн байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг

- Мэдрэл сэтгэц, бие мах бодь,танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн талаас нь олон шинж тэмдгүүд хавсарч илэрдэг. Цахим тоглоомонд донтсон хүүхдүүдэд

Сэтгэцийн талаас: Амархан ядрах, орондоо шээх, анхаарал сарнимтгай, уур уцаартай, мартамхай болох нойрны хямрал, хараа болон сонсголын хий үзэгдэл, булчин татваганах эмгэг, төрх үйлийн эмгэгүүд хамгийн ихээр илэрч байлаа.

Мэдрэлийн талаас: Гарын алга, хөлийн ул хөлрөх, шөрмөсний рефлекс ихсэх, буурах, толгой өвдөх, нүдний угаар хөших зовиурууд илэрдэг. Ихэнх хүүхдүүд хөдөлгөөний дутагдалтай сулбагар болдог. Харин 10 хүртэл насны хүүхдүүдэд нэг шинж тэмдэг илүү давамгайлах байдлаар донтолтын хэлбэр илэрч байдаг. Тухайлбал удаан хугацаагаар зурагт үздэг, утас, комьпютер тоглосон хүүхдэд орондоо шээх, нүдээ анивчих, гудчиж дуугарах, мөрөө хавчих гэх мэтээр булчин татганах эмгэг голчлон илэрч байдаг. Мөн нойрны эмгэг буюу зүүдэндээ харах, явах, ярихаас аль нэг шинж тэмдэг нь давамгайлах байдлаар илэрдэг. Харин өсвөр насны хүүхдэд сэтгэц мэдрэлийн талын өөрчлөлт нь арай өөр. Сэтгэл хөдлөл давамгайлсан байдлаар илэрдэг. Тэд илүү уур бухимдалтай болж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар нь алддагддаг. Тохироогүй сэтгэл хөдлөл гаргах буюу ялихгүй зүйлд уурлаж бухимдан дуртай тоглоом буюу дэлгэцээс нь холдуулсан үед өөртөө болон өрөөлд хүч хэрэглэсэн байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Зарим тохиолдолд гүнзгий сэтгэл гутралд орж болно. Энэ үед үхэх тухай бодох, эсвэл амиа хорлох оролдлого хийх, өөрийгөө ямар нэгэн байдлаар зүсэх гэмтээх гэх мэт оролдлого гаргаж байдаг.

П.Батзаяа "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ганаа (202.9.42.163)
    Гайхалтай
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 19 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 3 цаг 1 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 3 цаг 12 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 3 цаг 28 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 3 цаг 40 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 3 цаг 46 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 3 цаг 52 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 3 цаг 56 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 19 цаг 54 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 20 цаг 51 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 23 цаг 43 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл... Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
Top