x

З.Нарантуяа: Алдсан боломжоо нөхөх хугацаа Засгийн газарт маш бага үлдсэн

-Дэлхийн банкны хэмжүүрээр манай улсын нийт иргэдийн 30 орчим хувь нь ядуурлын түвшинд байна гэсэн судалгаа бий-

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай эдийн засгийн нөхцөл байдал энэ онд ямар байх талаар болон Засгийн газрын үйл ажиллагааны тухай ярилцлаа.

-Та эдийн засагч хүн. Энэ онд манай улсын эдийн засаг ямар байх дүр төрх ажиглагдаж байна вэ?

-2019 оны хувьд түүхий эдийн үнэ өндөр хэвээр хадгалагдах таамгийг мэргэжлийн байгууллагууд гаргаж байгаа учраас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг үргэлжилнэ гэж тооцоолж байна. Засгийн газар болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС-гийн судлаачид энэ онд эдийн засгийн өсөлтийг зургаа орчим хувиар өснө гэж үзэж байгаа. Хамгийн том худалдан авагч Хятад улсын худалдааны нөхцөл байдал огцом муудахгүй, эдийн засгийн өсөлт нь саарахгүй бол манай хувьд энэ таамаглал бодитой болно. Манай өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл нь нүүрсний экспорт хэвээрээ байгаа. 2019 онд 32 сая тонн нүүрс экспортлохоор Засгийн газар тооцоолсон. Төсвийн орлогын­хоо томоохон хувийг эрдэс баялгийн борлуу­лалтын орлогоос бүрдүүлнэ гэж тооцоолсон хэвээр байгаа нь цаашид эрсдэл дагуулах, нэг салбараас хараат байдал хэвээрээ л үр­гэлж­лэх нь гэдэг мессежийг нийтэд өгч байна.

Дунд урт хугацаанд эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд одооноос авах арга хэмжээ, хэрэгжүүлэх төслийг сонгох, ач холбогдлоор нь эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын зардлын хуваарилалтыг оновчтой хийх гээд олон ажлуудыг нарийн тооцоо судалгаан дээр шуурхай зохион байгуулахгүй бол цаг хугацааны хувьд алдсан боломжоо нөхөх цаг энэ Засгийн газарт маш бага үлдсэн.

ОУВС-тай байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үргэлжилж байгаа учраас төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдлын хувьд тохиролцсон хэмжээндээ барих боломжтой ч Засгийн газрын хувьд хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа, энэ онд хөрөнгө оруулалтын хэмжээг огцом өсгөх төсөв баталсан. Ихэнх хөрөнгө оруулалт өгөөж багатай, нэмэлт урсгал зардал шаардсан, нэг үгээр хэлбэл талаар нэг тараасан хөрөнгийн хуваарилалт болсон нь Валютын сангийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй. Тэгээд ч эдийн засгийг төрөлжүүлэхэд төдийлөн тус болохгүй л болов уу. Хэрэглээг нэмэгдүүлсэн, инфляцийг өдөөсөн мөнгөний нийлүүлэлт хийгдэх нь гэж харж байна. Монголбанк, Засгийн газар хоорондоо нэлээн л уялдаатай бодлого явуулж байж эрсдэлээс сэргийлнэ.

Дотоодын эдийн засагт ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 21 аймагт 100 үйлдвэр барих бодлогоо одоо хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Гэхдээ төрийн өмчийн үйлдвэрүүд биш хувийн салбарын бизнесийн сайн төслүүдийг дэмжиж үйлдвэрүүдийг бий болгох ажлыг эхлүүлмээр байна. Зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болж байгаа ч иргэдээ энэ зарчмын дагуу ажиллаж, хөдөлмөрлөж, амьдарч чадах чадварт сургаж хөгжүүлэхэд үе үеийн Засгийн газрууд бага анхаарч, дорвитой ажил хийсэнгүй. Бизнес хийж байгаа иргэд, аж ахуй нэгжүүд бор зүрхээрээ унаж, босч зүтгэсээр одоо нэлээд нь шантарч, зарим нь тэсч үлдэхэд хүнд болж байна. Бүх салбарт бизнесийн шинэ, сайн санаа олж, хөгжүүлэх гэсэн иргэддээ мэдлэг олгох, мэдээлэл өгөх ажлыг хийхийн зэрэгцээ ЖДҮ сан шиг санхүүгийн таатай эх үүсвэрийг хүнд суртал багатайгаар өгөх ажлыг Засгийн газар зохион байгуулахгүй бол хөдөөд малчид ховордож, энэ улсад үйлдвэрүүд байхгүй болох нь. Ялангуяа алслагдсан бүс нутгийн зах зээлийг тэлэх, хойд урд хөршийн зах зээл рүү нэвтрэх боломжийг бүрдүүлж өгөхгүй бол улсаараа төсвөөсөө хараат, халамжаар амьдардаг болоход ойрхон байна даа.

-Монголбанк энэ жил хэрэгжүүлэх Мөнгөний бодлогодоо инфляцийг найман хувьд барина гэж тусгасан. Гэтэл энэ хэмжээнд барих боломжгүй боллоо гэж байгаа. Та энэ талаар ямар дүгнэлт хийж байна вэ?

-Инфляцийн түвшийн хоёр оронтой тоонд буюу 10 хувь давах магадлал өндөр байна. Дээр дурдсан төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ ихээр өсч байгаа, цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн зэрэг нь хэрэглээг өсөхөд нөлөөлнө.

-Эдийн засаг өсч байгаа ч иргэдийн орлого, амьжиргааны түвшинд өөрчлөлт орохгүй байна гэдэг. Эдийн засгийн өсөлтийг яаж иргэдэд хүртээмжтэй хүргэх ёстой вэ?

-Статистикийн газраас өгч байгаа мэдээллээр өрхийн дундаж орлого нэмэгдсэн гэж байгаа ч бодит байдалд өрх бүрээр, нийгмийн давхарга, салбараар нь авч үзвэл бүгд өссөн биш харагдаж байна. Тухайлбал, малчдын хувьд энэ жил ноолуур, махны үнэ өндөр байсан нь өрхийн орлогыг өмнөх жилүүдээс буураагүй ч бага цалинтай үйлчилгээний албан хаагчид, ажилгүй иргэд, хувийн секторын ажилчдийн орлого өсөөгүй байна. Ажилгүй иргэдийн тоо бүртгэгдсэн ажилгүйчүүдийн хувьд буурсан ч нийт иргэдийн хувьд эсрэгээр өссөн байна. Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол улсын нийт иргэдийн 30 орчим хувь нь ядуурлын түвшинд амьдарч байна гэдэг нь Засгийн газрыг ядууралтайгаа “дайн” зарлаж тэмцээ гэж хэлж байна гэсэн үг. Би ч үүнтэй санал нэг байна. Дээр хэлсэнчилэн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрүүдийг бүх талаар дэмжиж, үүнд саад болж байгаа бүх зүйлтэй тэмцээсэй.

-Тэгэхээр ядуурлыг бууруулах талаар төр засаг дорвитой арга хэмжээ авахгүй байна ойлгож болох нь ээ?

-Ядуурлыг бууруулах, өрхийн үйлдвэрлэлийг нэмэх талаар дорвитой ажил хийхгүй байгаа учраас л ядуурлын түвшин ийм өндөр гарч байна шүү дээ. ЖДҮХС-д хуваарилсан хөрөнгө, зарцуулалтаас ч тодорхой харагдаж байна. Үүнтэй тэмцэх үүргээ Ерөнхий сайд мартаагүй байгаа байх гэж найдаж байна. Ингэж чадахгүй бол улсын төсвийг үр ашигтай зарцуулна гэж цаашид яриад ч утгагүй.

-Засгийн газар төсвийн хөрөнгийг ингэж буруу зарцуулчхаад хариуцлага хүлээхгүй байх шиг байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Олон нийт, сөрөг хүчин хариуцлага хүлээлгэхийн төлөө байгаа. Хуулийн байгууллага ч бас хариуцлага хүлээлгэх гэж нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах санал тавьсан. Гэвч үр дүнд хүрсэнгүй, гишүүдээ хамгаалаад авч үлдсэнийг нийтээрээ харсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг шинэчлэхээр УИХ дээх ажлын хэсэг ажиллаж байна. УИХ-ын хаврын чуулган эхлэхэд уг хуулийг хэлэлцэнэ. Энэ асуудал нэлээд өргөн хүрээнд яригдах байх гэж бодож байна.

-МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улсын өр нэмэхгүй тусгасан. Гэтэл энэ жилийн улсын төсөв л гэхэд 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Тэгэхээр энэ хэмжээгээр өр нэмэгдлээ гэсэн үг. Эрх баригчид өрийн талаар ямар бодлого баримталж байна гэж та дүгнэж байна вэ?

-Өрийн менежментийн хувьд энэ Засгийн газар багыг төлж, ихийг нь хойш нь тавьж, дараагийн үедээ үлдээ гэсэн зарчмыг баримталж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төлсөн дүнгээ ярьж байгаа, төлөх боломжтой байсан дүнгээ бол ярихгүй байгаа. Өр өмнөх онуудтай харьцуулсал хамгийн ихээр нэмэгдсэн учраас сонгуулийн мөрийн хөтөлбөрийн заалт нь эсрэгээр хэрэгжиж байгаа.

-Улсын төсвийг жил бүр л алдагдалтай батлаж байгаа. Алдагдалгүй төсөв батлах боломж байхгүй гэж үү?

-2019 оны хувьд боломж байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх заалттай. Эдийн засгийн агуулгаараа алдагдлыг аль болох бага хэмжээнд, алдагдалгүй байлгах ёстой. Ингэснээр эдийн засгийн тэлэлт, өсөлт хөгжилд хэрэгтэй. Иймд төрийн эрх барьж байгаа улс төрийн намууд, Засгийн газар үүнд л бодлогоо чиглүүлэх учиртай юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд ийм бодлого баримтлаагүй. Хуульд заасан хоёр хувийн дээд хэмжээг нь дандаа нэмэгдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл тогтвортой байдлыг хангуулах хуульд нь өөрчлөлт оруулаад л төсвийн алдагдлаа нэмдэг жишиг тогтсон. чадсангүй. Төсвийн хуваарилалтын цоо шинэ бодлого хэрэгжүүлэхгүй байгаа нь Засгийн газар дунд, урт хугацааны хөгжлийн зорилтгүй байгаатай холбоотой.

-Тэгэхээр энэ жилийн төсөв хэмнэх бус сонгуульд зориулж нэр хүндээ өсгөхөд чиглэсэн гэж хэлж болох уу?

-Сонгуулийн жижиг тогтолцоотой холбоотойгоор хөдөө орон нутагт 618 тэрбум төгрөгийг дөрвөн сувгаар хуваарилахаар баталсан. Үүнийг цаад утгаар нь сонгуульд зориулж баталсан төсөв гэж хардах үндэстэй. Учир нь УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо маш их хөрөнгө оруулалт хийхээр төсөв баталсан. Орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд тухайн орон нутгийнхаа хөгжлийн зорилттой нийцэж байвал үр өгөөжтэй болно. Ихэнх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хэрэгжих боломжгүй бодит байдалд хэрэгжих нөхцөлгүй байгааг анхаарч засах шаардлагатай байгаа.

-Тэгвэл зураг төсөлгүй барилга байшин барихаар санхүүжилт баталсан гэдэг яриа үнэ болж таарах нь ээ?

-Төсвийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын зарим гишүүд, тухайлбал Ч.Улаан сайд “ТЭЗҮ нь гараагүй 300 гаруй барилга байгууламж санхүүжүүлэхээр оруулсан байна. Үүнийгээ болих хэрэгтэй ” гэдэг санал гаргаж байсан. Төсвийн ажлын хэсгийн хувьд ийм төрлийн 220 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасах санал гаргаж байсан.

-Алтны нөөц ашигласны татвар 2.5 хувь байсан. Энэ хууль хүчингүй болсон. Ингээд татварын энэ асуудлыг УИХ хэлэлцэх байсан ч Засгийн газрын хүсэлтээр хойшлуулсан. Тэгэхээр алтанд ямар татвар ногдуулах болоод байна вэ?

-Дотоодын банкинд тушааж буй алтны татвар таван хувь байсныг бууруулж 2.5 хувь болгоод хоёр жил болсон. Энэ хуулийн мөрдөх хугацаа нэгдүгээр сарын 01-нд дууссан. Тэгээд уг хуулийн мөрдөх хугацааг дахин сунгах эсвэл татварыг нь хуучнаар нь буюу таван хувиар тогтоох асуудлыг УИХ хэлэлцэх байсан ч УИХ хуралдаж чадаагүй тул хуулийг хэлэлцээгүй. Одоо энэ хөнгөлөлт байхгүй болсон. Монголбанкнаас “Он гарснаас хойш тушааж буй алтны хэмжээ 5-6 дахин буурлаа” гэж мэдэгдсэн байна лээ. Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь алт. Иймд валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байгаа тул алтанд ногдуулах татварыг 2.5 хувиар тогтоогоод явах нь зөв байсан. Зарим хүн алтанд ногдуулах татварыг хөнгөлөх нь буруу гэдэг. Алт тушааж буй аж ахуйн нэгжүүд манай улсын нийт аж ахуйн нэгжийн багахан хэсгийг эзэлдэг. Харин валютын нөөц бүрдүүлэх үүрэг хүлээдэг. Гадаад валютын нөөц бага, ханшаа барьж чадахгүй, эдийн засгийн үзүүлэлтүүд савлаж үнийн өсөлт ажиглагдаж байгаа энэ үед алтанд ногдуулах татварыг хөнгөлөх нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой байсан юм.

Т.Жанцан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.29)
    Энэ хүн бодовсролтой нь боловсролтой гэхдээ МАНАН гийн нөлөөнд автаад хэн ч биш болдог. Ард түмнээ гэсэн бодол байхгүй
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 6 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 26 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 29 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 33 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 40 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 1 цаг 29 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 30 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 1 цаг 32 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 3 цаг 26 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 23 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 4 цаг 29 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 4 цаг 34 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 4 цаг 50 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 4 цаг 58 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 0 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 6 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 11 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 14 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 6 цаг 37 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 6 цаг 43 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top