Кенийн шүүхээс шашны номлогч Пол Маккензид 200 жилийн хорих ял оноожээ. Түүнийг 190 хүүхэд, нэг насанд хүрсэн хүнийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан ялласан байна.
Мөн терроризмын хэрэгт болон санаатай бусаар 200 гаруй хүний амь хохироосон хэрэгт буруутгажээ. Түүнчлэн бусад шүүх "хүүхдүүдтэй зүй бусаар, хэрцгийгээр харьцаж, тэднийг эрүүдэн тамласан" гэх хэргийг хэлэлцэж байна.
Маккензи 2003 онд “Олон улсын сайн мэдээний сүм"-ийг үндэслэн байгуулсан бөгөөд өөрийн дагагчдыг “Есүстэй уулзахын тулд" өлсөж үхэхийг уриалан турхирч байжээ. Шүүгч Диана Кавеза мэдэгдэхдээ "Маккензи дагагчдаа алс газарт, ширэнгэн ойд цөлж, үхэх хүртлээ мацаг барихыг тушаасан тул эрүүгийн гол хариуцлагыг хүлээх ёстой" гэлээ.
Хохирогчдоос 183 хүн өлсгөлөнгийн улмаас нас барсан бол 8 хүний амь насыг зориудаар хөнөөсөн гэж шүүх үзсэн байна. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед Маккензи инээмсэглэж, өөрийн туслах, номлогч Смарт Мвакаламатай ярилцаж байжээ. Мвакаламад 160 жилийн хорих ял оноосон байна.
Хүний эрхийг хамгаалагчдын гомдлын дагуу Маккензийг 2023 оны дөрөвдүгээр сард баривчилсан бөгөөд Кенийн хэвлэлүүдэд түүний үйлдсэн хэргийг “Шакахолагийн ой дахь хядлага” гэж нэрлэж байв. Шашны бүлгийн зарим гишүүнийг аварч чадсаны зэрэгцээ уг ойд хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан газруудыг илрүүлжээ. Хүүхдүүдийн ихэнх нь өлсгөлөнгөөр нас барсан бол зарим хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд орох, хүзүү шахагдах, гавал тархины гэмтэх зэргээс үүдэн амиа алдсан байна.
Шашны гаж урсгалын толгойлогчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн нийт тоо 400-гаас давж магадгүй байна.
Deutshe Welle



