Иранд олон улсын интернэтийн сүлжээг сэргээхийг тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан үүрэг болгосон тухай төрийн мэдлийн Fars агентлаг өчигдөр мэдээлжээ.
Ираны иргэдэд интернэтийн сүлжээнд нэвтрэх боломжийг олгох нь зүйтэй гэж “тусгай ажлын хэсэг” шийдвэрлэсний дараа дээрх шийдвэрийг ерөнхийлөгч гаргасан байна. Гэхдээ яг хэзээ сэргээх талаар тодорхой хугацаа дурдсангүй. Энэ сарын Ираны хэвлэлүүдэд мэдээлснээр, 6 дугаар сарын 5-нд хязгаарлалтыг цуцлах төлөвтэй байна.
Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн даруйд Ираны эрх баригчид олон улсын интернэтийн сүлжээг хаасан байна. Үүнээс хойш 90 сая иранчууд “үндэсний интернэт”-ийг ашиглаж байгаа бөгөөд зөвхөн төрийн дэмжлэг бүхий цахим хуудсуудыг сүлжээнд байршуулжээ. Дайн эхлэхээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард өрнөсөн засгийн газрын эсрэг жагсаал цуглааны үеэр мөн интернэтийг тасалж байв. Үүний улмаас цахим худалдаа эрхэлдэг 1 сая орчим иранчуудын орлого эрс буурсан байна.
Эрх баригчид мэдэгдэхдээ, интернэтийг хязгаарласан нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин ажиглагчдын үзэж байгаагаар, дайны улмаас учирсан хохирлын хэмжээг олон нийтээс нуухын тулд ийм арга хэмжээ авсан ажээ.



