Европ тив даяар хэт халж, зарим улс оронд агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Ялангуяа Их Британи, Франц, Испани улсуудад нөхцөл байдал нэн хүндэрч, тавдугаар сарын сүүлч үеийн ердийн агаарын хэмээс нэлээд давж халжээ.
Их Британийн Met Office цаг уурын албаны мэдээллээр, өчигдөр Лондон хотын “Хитроу” нисэх онгоцны буудлын орчимд агаарын хэм +33.5 градуст хүрсэн байна. Энэ бол Их Британид цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Өмнө нь 1922 онд Лондоны Кэмдэн дүүрэгт тавдугаар сарын сүүлчээр +32.8 хэм хүртэл халж байжээ.
Цаг уурчдын анхааруулж байгаагаар, хэт халалт үргэлжилж, мягмар гарагт +35 хэмд хүрэхээр байгаа нь тавдугаар сарын хувьд рекорд үзүүлэлт юм. Түүнээс гадна өнгөрсөн шөнө Лондонд +19.4 хэм халуун байсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт ажээ. Өдрийн халуунаас сэргэж амжаагүй байгаа хүний биемахбодид ийм үзэгдэл маш аюултай.
Хэт халалт Европын бусад улсыг ч нөмөрчээ. Францын 20 гаруй хотод агаарын хэм ажиглалтын түүхэнд бүртгэгдсэн дээд үзүүлэлтүүдээс давсан байна. Испанийн зарим бүс нутагт агаарын хэм +40-д дөхжээ. Тивийн олон газар оронд агаар мандал ердийнхөөс 12-15 хэмээр илүү халж байгаа ажээ.
Цаг уурчдын таамаглаж байгаагаар, ойрын өдрүүдэд дээрх гурван улсад агаарын хэм олон удаа рекорд хэмжээнд хүрч, энэ долоо хоног дуусах хүртэл хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна.



