Дэлхий нийтээр жил бүрийн дөрөвдүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд аутизмын хүрээний эмгэгтэй иргэдийн эрх, оролцоо, боловсрол, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулдаг.
Аутизмыг таниулах сарыг тохиолдуулан “Асах гэрэл баясал” төв, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуультай хамтран “Аутизм ба боловсрол” сэдэвт олон улсын конференцыг өнөөдөр зохион байгууллаа. Тус конференцэд АНУ-д төвтэй Behavior Analyst Certification Board /BACB/-ийн удирдлага болон зан үйл судлал, хэл заслын чиглэлээр мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрсөн мэргэжилтнүүд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн талаар ГБХНХЯ-ны мэдээллээ.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Үүнээс 14.6 мянга буюу 1.1 хувь нь хүүхэд бөгөөд тэдгээрийн 2395 нь аутизмын оноштой байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон хүүхдийн тоо тогтмол өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2022 онд 1725 хүүхэд аутизмын оноштой байсан бол 2024 оны эцсийн байдлаар энэ тоо 2395-д хүрчээ. Үүнээс нийслэлд 1765, орон нутагт 630 хүүхэд бүртгэгдсэн байна.
Гэсэн хэдий ч дээрх тоон үзүүлэлт нь бодит нөхцөл байдлыг бүрэн илэрхийлэхгүй байх магадлалтай. Учир нь эдгээр нь зөвхөн хөгжлийн бэрхшээл тогтоолгохоор салбар комиссын хурлаар орж, албан ёсоор онош баталгаажуулсан хүүхдийн тоо юм.



