Италичууд "IT’s Your Vibe" буюу "Энэ бол чиний хэмнэл" хэмээх уриатайгаар өвлийн олимпын наадмыг эх орондоо угтан авахаар зэхэж байна. Леонардо да Винчи, Жоржо Армани, Адриано Челентано нарын өлгий нутаг Милан хот болон үзэсгэлэнт Кортина-д’Ампеццод болох спортын их баяр наадмыг үзэх сонирхолтой шалтгаануудыг танилцуулъя.
Хэдийгээр олон улсын хоригийн улмаас Орос, Белорусийн тамирчид оролцохгүй байгаа нь зарим төрөлд өрсөлдөөнийг сулруулж байгаа ч (хоккей, цана, уран гулгалт) ирэх хоёрдугаар сарын 6-наас 22-ны хооронд таван цагираг дор өрнөх тулаан халуухан болох нь гарцаагүй.
1. Сизероны дуулиан: Мөсөн дээрх "Олон ангит кино"
Уран гулгалтыг өмнөх түүхийг нь мэдэхгүй үзэх нь халуун өдөр мөсгүй коктейль уухтай адил амтгүй. Францын алдарт уран гулгагч, олимпын аварга Гийом Сизерон шинэ хамтрагч Лоранс Фурнье-Бодритойгоор Европын аварга болоод байна. Гэтэл түүний хуучин хамтрагч Габриэла Пападакис "Алга болохгүйн тулд" хэмээх ном гаргаж, Сизероныг "хүйтэн цэвдэг, дээрэлхүү" гэж тодорхойлсон нь шүүхийн маргаан дагуулахаар болоод байна.
2. "Америк" нэртэй Зөвлөлт гарлын одод
Эрэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд АНУ-ыг төлөөлөн Илья Малинин, Эндрю Торгашев, Максим Наумов нар оролцоно. Тэдний эцэг эх нь бүгд ЗХУ-аас цагаачлан гарсан тамирчид юм. Ялангуяа "Квадын бурхан" гэгддэг Илья Малинин дөрвөлсөн аксель үсрэлтийг төгс гүйцэтгэж, түрүүлэх гол найдвараар нэрлэгдэж байна.
3. Олимпын хэтэрсэн зардал ба "Мафийн" сүүдэр
Зохион байгуулагчид хэмнэлт гаргана гэж амласан ч зардал аль хэдийн 1.9 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнээс гадна Италийн засгийн газар дэд бүтцэд нэмж 1 тэрбумыг зарцуулжээ. Хамгийн гол дуулиан нь олимпын зарим төслүүдэд мафийн бүлэглэлүүд гар бие оролцсон гэх шүүмжлэл юм. Мөн 14 мянган хүний суудалтай "Санта-Джулия" ордны мөсөн талбайг НХЛ-ийн стандартаас нэг метрээр богино хийсэн нь хэл ам дагуулаад байна.
4. Түүхэнд анх удаа: Хоёр Олимпын бамбар
Тэмцээнүүд Италийн хойд нутгийн найман өөр сууринд, бие биенээсээ хэдэн зуун км зайтай явагдах тул түүхэнд анх удаа Олимпын галыг хоёр өөр газар асна. Нэг нь Милан хотын "Ялгуусан ялалтын хаалга"-нд, нөгөө нь Кортина хотын "Пьяцца Дибон"-д бадамлах юм.
5. Олимпын тосгон: "Нийтийн байр" уу, "Оюутны хотхон" уу?
Милан дахь тосгон нь төмөр замын хуучин станц дээр зургаан олон давхар барилгаас бүрдэж байна. Гаднаас нь харахад Брежневийн үеийн нийтийн байр шиг харагдах ч дотор тал нь маш загварлаг, тухтай гэнэ. Наадмын дараа эдгээр барилгуудыг оюутны байр болгон ашиглана.
6. Шагналын мөнгөөр Белорусь дэлхийд тэргүүлэв
Белорусийн тамирчид алтан медалийн төлөө 187 мянган ам.доллар авахаар байгаа нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна. Харьцуулбал АНУ аваргууддаа 37.5 мянган доллар өгдөг бол Норвеги, Швед зэрэг орнууд мөнгөн шагнал огт өгдөггүй байна.
7. Хагас кг жинтэй "Ногоон" медалиуд
Милан-2026 олимпын медалийг дахин боловсруулсан металлаар, сэргээгдэх эрчим хүч ашиглан хийжээ. Алтан медаль нь 500 грамм мөнгө, 6 грамм алтны орцтой, нийт 506 грамм жинтэй. Медалийг хазах нь аюултай бөгөөд өмнө нь Германы чаргачин Давид Меллер медалиа хазаж байгаад шүдээ хугалж байсан түүхтэй.
8. Сахиуснууд: Тина ба Мило
Энэ удаагийн олимпын бэлгэдэл нь Тина болон Мило нэртэй хоёр үен (ermine) юм. Тина нь олимпыг, түүний дүү Мило (нэг хөлгүй төрсөн ч сүүлээ ашиглан чадварлаг хөдөлдөг) паралимпыг төлөөлнө. Тэд бол Италийн эрч хүч, авхаалж самбааны бэлгэдэл юм.
9. Спортын шинэ төрөл: Ски-альпинизм (Скимо)
Залууст зориулсан шинэ төрөл болох "Скимо" нь ердөө 3.5 минут үргэлжилдэг маш хурдтай спорт юм. Тамирчид цанатай уул өөд гүйж, дараа нь цанаа үүрээд явганаар авирч, эцэст нь уулнаас цанаар бууж уралддаг.
10. Хоккей: НХЛ-ийн "Рок одод" эргэн ирлээ
2014 оноос хойш анх удаа НХЛ (NHL) тамирчдаа олимпод оролцохыг зөвшөөрлөө. Энэ нь Сидни Кросби, Коннор Макдэвид, Остон Мэттьюс зэрэг дэлхийн супер одууд Миланд ирнэ гэсэн үг. Хоккей энэ олимпын хамгийн үзүүштэй төрөл байх нь тодорхой.
11. Биатлон: Домоггүй шинэ эрин
Биатлоны хаан Йоханнес Бё зодог тайлснаар нэгэн эрин үе дуусч байна. Одоо Кантен Фийон Майе, Томмазо Жакомел тэргүүтэй шинэ үеийнхэн болон эмэгтэйчүүдээс Лу Жанмонно нарын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөх хүлээлттэй байна.
Эх сурвалж: officelife








.jpg)





