Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалантай ярилцлаа.
-Танай нам саяхан “Нээлттэй, цэгцтэй-Ардчилсан нам” аян эхлүүлж байгаагаа зарласан. Таны хувьд намын шинэчлэлтэй холбоотой их ажил, хариуцлагатай цаг үе дээр ирж байна. Намын шинэчлэлийг юунаас эхлүүлэх нь хамгийн оновчтой шийдэл гэж та үзэж байгаа вэ?
-Миний хувьд өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр АН-ын Хэрэг эрхлэх газарт Намын байгуулалтын газрын даргаар томилогдож ирсэн юм. Тэр үеэс намын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Мэдээж энэ бол ганц хүний хийчих ажил биш. Зөвлөхүүдийн том баг гарч ажиллаад, дээр нь намын даргын барьж байгаа бодлого, саналуудыг тусгаад, одоо энэ хэрэгжүүлэх ажлуудаа тэр үеэс төлөвлөөд эхлүүлсэн.
Он гараад нэгдүгээр сарын 9-ний өдөр манай намын дүрмийг УДШ бүртгэж авсан. 2025 оны наймдугаар сарын 31-ний өдөр намын Их хурлаар батлагдсан намын дүрмээр УДШ-д бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа юм. Ингээд он гараад нэгдүгээр сарын 14-нд намын Улс төрийн зөвлөл хуралдаж, дүрмийн хүрээнд зарим зүйлээ хэрэгжүүлье гэж шийдсэн. Намын дүрэмд заасанчлан “Албан тушаалаараа Улс төрийн зөвлөлд ордог байсан намын дэд дарга нар, намын дарга нарын зөвлөх, Ерөнхий нарийн бичгийн дарга нар чөлөөлөгдсөнд тооцсон байна” гэдгээс улбаалаад шинээр үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо. Өмнө Намын байгуулалтын газрын дарга байхдаа эхлүүлсэн ажлуудаа одоо үргэлжлүүлээд явж байна. Яг энэ хүрээнд бүх ажлаа цэгцлэх ёстой гэж харсан.
Ер нь миний хувьд 1998 онд анх тухайн үеийн Социал демократ намын Хэрэг эрхлэх газарт томилогдож байсан. 27 жилийн дараа өнөөдөр хоёр дахиа томилогдож байна. Тухайн үед намын сургалтад Германаас сургагч багш нар ирээд хичээл заадаг байлаа. Тэр үед “Сонгуулийн маргаашаас намын төв аппарат дараагийн сонгуульд бэлтгэдэг” гэсэн сургалтын санааг өгч байсан. Тэгэхээр ирэх Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулиудад амжилт гаргах бодлого АН-ын хувьд өнөөдрөөс хэрэгжүүлээд явна.
-Сонгуульд амжилт гаргахын тулд нам хамгийн түрүүнд ямар зохион байгуулалтад орох ёстой гэж та үзэж байна вэ?
-Шинэ томилогдсон намын дарга, багуудын хувьд “Одоо бидэнд таван хагас жил үлдэж байна” гэдгийг АН-ын дарга О.Цогтгэрэл танилцуулаад байгаа юм. Тэр таван хагас жилийн эхнийхэд нь нам цэгцтэй, нээлттэй болох ёстой. Хамгийн боломжтой шийдэл нь дижитал шилжилт гэж үзсэн. Сарын хугацаанд бүх гишүүд маань бүртгэлээ хийлгэх ёстой. Өнөөдрийн байдлаар тооцсон дижитал нийт хийгдэх ажлын найм орчим хувь нь хийгдсэн байна. Намын шинэчлэлийн үйл явцын зэрэгцээ энэ систем маань модулиараа ашиглалтад орсноор ирэх зургадугаар сар гэхэд бүрэн цэгцэрсэн байна.
-АН дүрэмийнхээ хүрээнд дотоод зохион байгуулалтаа яаж нийцүүлэх вэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд ҮБХ хуралдахад бид өмнөх бэлтгэл ажлаа хангуулах гээд дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэх ажлыг Улс төрийн зөвлөлд эрхийг нь ҮБХ-оороо шилжүүлүүлчихсэн. Тэгэхээр энэ эрх үүргийн хүрээнд намын даргын байгуулсан ажлын хэсэг түр журмаар энэ зохион байгуулалтаа хийхээр шийдсэн. Яагаад гэвэл манайх Үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нийт 30 орчим журам батлах шаардлагатай байгаа. Улс төрийн зөвлөлөөс 14, ҮБХ-ноос 16 журам батлах ёстой. Энэ журмууд бэлэн биш учраас ойролцоогоор долоо, наймыг нь зохицуулах харилцааг урьдчилаад түр хугацаанд дотоод зохион байгуулалтдаа нийцүүлэхэд зориулаад, АН-ын дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэх түр журмаа энэ шинэчлэлийн үйл явцдаа ашиглах гэж байгаа.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ҮБХ-ны хурлаар гишүүдийнхээ татварын хэмжээг тогтоож өгсөн. Хуучин сарын мянган төгрөгийг хэвээр тогтоолгосон. Бүтэн жилийн 12 мянган төгрөг гэсэн үг. Дотоод сонгууль дээр сонгох, сонгогдох эрхийн асуудал яригдана. Тэгэхээр намын гишүүн сонгох, сонгогдох эрхээ эдлэхийн тулд хуульд заасан дүрэм журмын дагуу татвараа төлсөн байх шаардлагатай гэдэг босго тавигдаж байгаа. Хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд шинэчилсэн бүртгэл цахим дээр хийгдэнэ.
-“АН өнгөрсөн хугацаанд хаалттай, эмх замбараагүй байсан. Одоо нээлттэй, цэгцтэй нам болно” гэж танай намын дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. АН гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг явуулахын зэрэгцээ шинэ гишүүдээ цахимаар бүртгэх боломжийг олгож байгаа гэсэн үү?
-Манай нам дотроо их олон асуудал дээр хаалттай байсан. Гишүүн элсүүлэхэд нээлттэй биш, тодорхойгүй байлаа. Дээр нь фракцууд, хувь хүнээс хамаарсан явцуу эрх эдэлдэг асуудлууд ч байсан. Харин одоо гишүүд өөрсдөө бүртгэлээ шинэчлээд хийх боломжтой. Шинээр гишүүн элсэх гэж байгаа бол өөрөө намын хөтөлбөр, үзэл баримтлалтай танилцаад өөрөө хүсэлтээ цахимаар илгээгээд, татвараа төлөх зэрэг боломжуудыг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн өөрөө аль намд элсэхээ өөрөө сонгоод, өөрөө элсэх процессыг нээлттэй, цэгцтэй болгож байгаа гэсэн үг. Зөвхөн процесс нь “Ардчиллын гэрэгэ”-г гардаж авах юм.
-“Ардчиллын гэрэгэ” гэдэг нь яг ямар ач холбогдолтой юм бэ?
-Намын гишүүн үүрийн хурлаас өгсүүлээд дунд шатны хурал, ҮБХ, Их хурал гээд бүгдэд нь гэрэгэгээ цахимд уншуулаад орох юм. Үүрийн хурлын ирц дунд шатанд болон Хяналтын ерөнхий хороонд хүртэл харагддаг болно.
Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын гишүүн гэдэг оролцоо юм. Тиймээс энэ оролцоог хангах гээд байгаа хэрэг. Хуучин “Та ардчилсан гишүүн мөн тул” гээд батламж өгдөг байсан. Харин одоо “Ардчиллын гэрэгэ”-ний гол концепци нь “Та ардчиллын үзэл баримтлал, үнэт зүйлийг тээгчийн хувьд ардчиллын илч төлөөлөгч шүү. Монголын ардчиллыг хамгаалах, хөгжүүлэх энэ үйлсэд та нөлөөлөгч шүү” гэдэг санаа юм. Гэрэгэ нэг тийшээ нэвтрэх ойлголт биш. Гэрэгэ нь Их Монгол Улсын үед хааны илч буюу хааныг төлөөлж очдог байсан. Тэгэхээр та ардчиллыг төлөөлнө шүү гэдэг утга найруулгаар бүх зүйлийг бодолцож хийсэн. АН нэг талдаа технологийн хувьд, нөгөө талдаа үзэл санааны хувьд шинэчлэл хийх гээд зориуд ажиллаж байна даа.
-Ардчилсан намын дотоод сонгууль хэзээ явагдах билээ?
-Гуравдугаар сарын 11-31-ний хооронд анхан, дунд шатандаа дотоод сонгууль, зохион байгуулалтаа хийх юм. Бүх гишүүд маань цуглаж байгаад үүр дээрээ хуралдаад сумын юм уу, дүүргийн намын хорооныхоо гишүүдийг сонгоно. Ингэхдээ тодорхой тоо квортоор. Ихэвчлэн төлөөллийн байгууллагуудаа тухайн засаг захиргааны нэгж дээр явдаг төрийн сонгуулиар гарч ирсэн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тоотой харгалзуулж сонгож байгаа юм. Жишээлбэл, ҮБХ-ны гишүүдийн тоо 378 гэдэг нь УИХ-ын 126 гишүүнийг гурваар үржүүлсэнтэй тэнцэж байгаа. Тэгвэл нийслэлийн намын хорооны гишүүд НИТХ-ын төлөөлөгчдийн 45 суудлыг гурваар үржүүлсэнтэй тэнцүү байна.
Аймаг дүүргийнх болохоор орон нутгийнхаа ИХТ-ийн мандатын тоог дөрвөөр үржүүлсэнтэй адил байна гэсэн үг. Ийм байдлаар үүр дээр сонгууль явагдана. Үүр дээрээс бүрдсэн сумын намын хороо хуралдаад аймгийн намын хорооны төлөөлөгчдийг сонгоно. Аймгийн намын хороо нь хуралдаад ҮБХ-ны гишүүдээ сонгох юм. Дахиад зохион байгуулалтууд бий. Дотроо намын даргаа сонгоно. Тэгээд Хэрэг эрхлэх газрын дарга, тэргүүлэгчдээ сонгох дотоод зохион байгуулалт хийгдэх юм. Гуравдугаар сарын 31-нийг хүртэл хийгдэх энэ хугацааны төгсгөлд хоёр сонгууль явагдана. Аймгийн намын хороо, дүүргийн намын хороон дээрээс ҮБХ-ны гишүүдээ сонгоно. Ардчилсан нам байгуулагдсан өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд намын Их хурлаа зарлана.
Тэгэхээр энэ хугацаанд Их хурлын төлөөлөгчдөө сонгох юм. Сонгогдсон ҮБХ-ны гишүүд маань Их хурал дээр ирж батламжлагдана. Үүнтэй зэрэгцээд Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ Их хурал дээрээ сонгоно. Их хурлаасаа байгуулагдсан Хяналтын ерөнхий хороо дараа нь хуралдаад дотоод зохион байгуулалтуудаа хийнэ. Үүний дараа ҮБХ хуралдана. Энд нэлээд зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ. Намын дарга өөрөө 38 хүний бүрэлдэхүүнтэй Улс төрийн зөвлөлийн саналыг оруулна. Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын саналыг оруулж батламжлуулна. Дээр нь Ардчилсан нам бодлогын нам болох алхмуудаа хийсэн.
Дүрэмдээ Бодлого судалгааны байгууллагатай байна гээд тусгасан. Энэ хүрээнд “Гэрэгэ” нэртэй бодлого судалгааны төв байгуулж, Удирдах зөвлөлийг нь баталсан байгаа. Удирдах зөвлөл нь хуралдаад гүйцэтгэх захиралаа томилсон. Дээр нь ҮБХ-д УИХ-ын Байнгын хороодын чиг үүрэгтэй харгалзаад бодлогын зөвлөлүүд ажиллах юм. УИХ найман Байнгын хороотой бол манай нам найман бодлогын зөвлөлтэй ажиллана. Эдгээр бодлогын зөвлөлүүдийг нэгтгэсэн удирдлагаар хангах Бодлогын ерөнхий зөвлөл гэж байгуулагдана. Нөгөө тал төрийн эрх барих байгууллага дээр УИХ дахь АН-ын бүлэг улс орны бодлого, хууль, хөтөлбөр зэргийг батлаад явж байгаа бүтэц байна.
УИХ дахь АН-ын бүлэг ҮБХ дээрх Бодлогын ерөнхий зөвлөл зөвлөөд, хараат бусаар ажиллах бодлого судалгааны “Гэрэгэ” төв гурав хамтарч ажиллаж байж Монгол Улсын ирээдүйн богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогуудыг гаргана. Улмаар 2028 оны сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцох нь энэ гурван байгууллага дээр гарна. Одоо АН институцийн хэлбэр рүү орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2028 оны сонгуульд бид ялалт байгуулсан тэр өдрөөс ажлуудаа хийдэг байна гэсэн үг. Дотоод зохион байгуулалт шинэчлэгдэх болохоор үүнийгээ дагаад цахим дээр мэдээлэл харилцаа, удирдлагын олон реформ хийж байгаа. Ирэх зургадугаар сар гэхэд нам цэгцрээд дараагийн сонгуулийн бэлтгэл ажил руугаа шууд орно.
-Сонгуульд нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Намын дүрэмд төрийн сонгуульд нэр дэвшигчдээ 24 сарын өмнөөс саналыг нь сонсоно гэж байгаа. Энэ асуудал тавдугаар сарын сүүлчээр яригдана гэсэн үг. Тэр үед ҮБХ-нд сонгогдсон гишүүд мань 2028 оны сонгуульд нэр дэвших саналуудаа гаргах нь байна. 126 мандат дээр санал гаргах хүмүүстээ тойргоо сонгох, наад зах нь төрийн сонгуульд өөрийгөө тодорхой хэмжээнд бэлдэх боломжуудыг эртнээс олгож байгаа. Үүний зэрэгцээ 2027 оны сонгуульд нэр дэвшигчдийн асуудал яригдаж эхэлнэ. АН-ын нээлттэй цэгцрэх шинэчлэлийн үйл ажиллагаатай зэрэгцээд сонгуулийн бэлтгэл ажлууд орж ирж байна.
-АН олон фракцтай. Эв нэгдлийг хангах тал дээр нам ямар бодлого баримтлах вэ?
-Манай намын хамгийн том бодлого бол мөрийн хөтөлбөр, үндсэн дүрэм гэсэн хоёр том бодлогын бичиг баримт юм. Энэ удаагийн үндсэн дүрэмд хариуцлагын тогтолцоог сайн хийж өгсөн. Тэр утгаараа Хяналтын хороо гэхэд хараат бусаар өөрсдөө нэр дэвшүүлээд намын Их хурал дээр сонгогддог, бие дааж шийдвэрээ гаргана. Өмнө намын дарга нь Хяналтын ерөнхий хорооныхоо гишүүдийн санал оруулдаг байсан. Одоо өөрсдөө нэр дэвшинэ. Бас хуучин манай намд байсан Үндсэн дүрмийн хороо дүрэм зөрчигдсөн асуудлаар дүгнэлт гаргадаг байв. Тэгээд дүгнэлт үндэслээд намын удирдлага хариуцлага тооцох шийдвэр гаргадаг байсан.
Одоо Хяналтын ерөнхий хороо бие даан тогтоогоод шийдвэр гаргаж, хариуцлага тооцно. Нам доторх клубууд бодлогын өрсөлдөөн рүү хөтөлнө. Мэдээж шийдвэр гаргах байгууллага дээр олон санал авах. Тиймээс фракциуд хоорондоо нэгдэж, нийлэх процесс явагдах байх. Дотоод сонгуулийн үед, дараа нь ч шинэ хөдөлгөөнүүд орох болов уу. Нам бодлого суурьтай болоод ирэнгүүт энэ хөдөлгөөнүүд чинь өөр соёл руу хөтөлнө гэсэн үг. АН эв нэгдэл гэдгээс илүү үзэл бодол, хүний эрх, эрх чөлөөтэй уялдуулж, хариуцлагын асуудлаа авч явбал цэгцэрнэ. Тэрнээс одоо шууд эвлэнэ, нэгдэнэ, учраа олно гэдэг харьцангуй ойлголт болчихоод байна.
-Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд маш хүнд байна. Ард түмэн үнийн өсөлт, татварын дарамтад сөхөрлөө. Сөрөг хүчний хувьд эдийн засгийг сайжруулах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Эрх баригч МАН хоосон амлаад, нэг асуудал гаргаж ирээд, нөгөөдөхөө урт хугацаандаа буцаж нураадаг. Тартагтаа тулаад ирэхээр нь шинэ нэр томьёо өгч буцааж босгодог. Ийм маягаар эдийн засгийг хий эргүүлдэг. Сүүлийн арван жилд гурван сонгууль дараалан ингэж явлаа. Гэтэл эрчим хүчнээс өгсүүлээд энэ эдийн засгийн нөхцөл байдал хойшоо ухарчихлаа. Бид лаа бариад суудаг нөхцөл рүү шилжлээ. Ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлсэн гэдгийг төсвийн дүн бэлээхэн нотолно. 2017 онд Монгол Улсын нийт төсөв 6.3 их наяд орчим төгрөг байсан. Харин одоо 33 их наяд хүрсэн. Татварын орлого ч бас ингэж нэмэгдсэн. Эрх барьж байгаа нам сонгууль болгон дээр татварыг нэмэхгүй гэж амлаж гарч ирдэг.
Татварын бааз суурь нэмэгдэх бол нэг өөр асуудал. Тэгвэл татварын хувь хэмжээ дарамт болж үүсэх бол ноцтой асуудал. Хамгийн сүүлийн жишээ гэхэд эрчим хүчний үнэ байна. Нэг талдаа эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй авч явсаар байгаад сүүлд нь нэмсэн шалтгаанаа өртөгт нь нийцүүлж байна гэж байх жишээтэй. Эрчим хүчний салбарт реформ хийнэ гэсэн хүмүүс ямар ч шинэчлэл хийсэнгүй. Эсэргээрээ цахилгааны хязгаарлалтууд хийж байна. Хүй нэгдлийн үеэс эхлээд галын төлөөх дайн явсан. Улс орнууд шинэ технологи эзэмшээд эрчим хүчний суурь асуудлаа шийдчихээд цаашаа технологийн асуудал руугаа эргэж буцалтгүй орчихсон байхад өнөөдөр бид ахуйн хэрэгцээгээ хангаж буй үйлдвэрүүдээ зогсоох хэмжээнд тогийг нь хязгаарлаж байгаад энэ өвлийг давна гэдэг бол үнэхээр энэ эрин үед байж болохгүй үзэгдэл.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилсан. Мөн Б.Жаргалан гишүүн давхар ийм хуулийн төслүүд санаачлаад явж байгаа. Эдгээр хуулийн төслөө хаврын чуулганд оруулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор татвар, бизнес эрхлэх орчинд дэвшил гаргана. Төр өөрөө зах зээлд оролцогч байж болохгүй тухай асуудлыг хөндөнө. Төр үнэ тогтоодоггүй байх асуудлыг хөндөж эхэлж байгаа. Энэ хууль нэг талдаа малгай хууль маягтай бүтэцтэй байна. Эндээс салбарласан бусад хуулиуд малгай хуульд нийцэж байхаар тооцож байгаа.
Дагалдаад эдийн засгийн өршөөлийн харилцаанууд хөндөгдөх хэрэгцээ үүсч магадгүй. Нөгөө талдаа Арилжааны тухай хууль, Дампуурлын тухай хуулиуд шинээр орж ирнэ. Бид бизнес, хөрөнгө оруулалтын орчин илүү таатай байх нөхцөлийг хангаж байж том төрийг жижигрүүлнэ. Төрийг хуулиар хязгаарлаж байж бизнесийн орчныг таатай болгоно. Хуулийн үзэл баримтлалд дундаж давхаргыг өсгөхийн тулд эрх зүйн орчинд нь хамгаалж байгаа юм.
-Эдийн засгийн өршөөлийн хууль бизнес эрхлэгчдийн дунд нэлээд хүлээлттэй байгаа. Яагаад гэвэл татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж, бизнесүүд ар араасаа дампуурч байна. Нөгөө талд энэ хууль авлигажсан хөрөнгөтнүүдэд боломж олгох вий гэсэн болгоомж байх шиг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Татварын дүнг аваад үзвэл компаниудын дансыг хааж байгаад өнгөрсөн жилээс илүү их татвар хүчээр хураасан байхыг үгүйсгэхгүй. Цаашид улстөрчдийн хамаарал бүхий компаниуд юм уу, төрийн өмчийн компаниудыг энэ хуульд хамааруулахгүй байх заагийг гаргахаар Ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Ардчилсан намын дөрвөн арвын бодлого эдийн засагт нэлээд үр өгөөжөө өгч байсан. Гэтэл МАН нэг ч татвар нэмэхгүй гэж амлаж сонгуульд ялж гарч ирэнгүүтээ ард түмнийг татварын дарамтад оруулсан. Танай намын хувьд татварын дарамтыг бууруулах тал дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намууд шаталсан татварын бодлогыг гаргаж тавьдаг. Татварын орчин аль болох шударга, тогтвортой байх ёстой. Энэ чиглэлийг бид баримтална. Нөгөө талдаа татварын дарамтыг бууруулснаар татварын бааз нэмэгдэнэ. Бизнесийнхэн татварын дарамтыг бууруулах гэж механикаар компаниа жижиглэх зэрэг арга хэмжээ авч байна. Энэ бол хөгжил биш. Хөгжил гэдэг бол зах зээлд нэвтрэх тухай ойлголт байх ёстой. Тэгэхээр энэ орон зайг нь тэлж өгөхгүй болохоор бид хөгжихгүй байгаа юм.
Өдрийн сонин



