НҮБ санхүүгийн хувьд дампуурах эрсдэлд орсныг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришээс гишүүн орнуудад илгээсэн захидалдаа сануулан дурдсан байна.
Лхагва гарагт илгээсэн уг захидалд “гишүүн улсууд татвараа төлөөгүй, мөн зарцуулаагүй мөнгийг буцаан олгодог санхүүгийн дүрэм журмаас үүдэн ноцтой нөхцөл байдал үүссэнийг” анхааруулжээ. Ялангуяа гол хандивлагч болох АНУ олон талт зарчмаас ухарч буй энэ үед хямрал улам даамжирч, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт хойшилж, санхүүгийн дампуурлын бодит аюул нөмөрч байна, ойрын үед нөхцөл байдал улам муудах нь тодорхой боллоо гэж А.Гутерриш НҮБ-ын гишүүн улсуудын байнгын төлөөлөгчдөд илгээсэн захидалдаа цохон дурдсан байна.
НҮБ-ын дүрэмд зааснаар, татварын хэмжээ нь гишүүн улсуудын эдийн засгийн цар хэмжээнээс хамаардаг. Тухайлбал, АНУ тус байгууллагын нийт төсвийн 22 хувийг, БНХАУ 20 хувийг бүрдүүлдэг байна. 2025 он дуусахаас 5 долоо хоног дутуу байх үед нийт 48 улс татвараа бүрэн төлөөгүй байжээ. Тэдгээрийн тоонд АНУ, ОХУ орсон бол Хятад улс татвараа бүрэн төлсөн байв. Дараа нь Орос улс татварын үлдэгдэл болох 71 сая долларыг төлж дуусгажээ.
Вашингтоны байр суурь
НҮБ-ын агентлагуудыг санхүүжүүлдэг мөнгөний хэмжээгээ АНУ бууруулж, байнгын төсөв ба энхийг сахиулах ажиллагааны төсөвт оруулдаг төлбөрөө төлөхөөс татгалзжээ. Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ, асар их чадавхитай боловч түүнийгээ ашиглаж чаддаггүй гэж НҮБ-ыг шүүмжлээд, “Энхийн зөвлөл” гэдэг байгууллагыг бий болгосон билээ.
Гутерриш захидалдаа тодорхой улсуудыг дурдаагүй боловч НҮБ-ын албан тушаалтнуудын мэдээлснээр, байнгын төсөвт төлөх АНУ-ын өр 2 тэрбум 190 сая долларт хүрээд байгаа ажээ. Дээр нь одоо явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд 1 тэрбум 880 сая доллар, мөн дууссан ажиллагаануудыг санхүүжүүлэхэд 528 сая долларыг тус тус төлөх ёстой.
"Кафкагийн мөчлөг"
Гишүүн орнууд үүргээ бүрэн биелүүлэх хэрэгтэй эсвэл санхүүгийн дүрэм журмыг үндсээр нь өөрчлөх ёстой гэж Гутерриш санууллаа. Хэдийгээр 2026 оны төсвийг 7 хувиар танаж, 3 тэрбум 450 сая доллароор баталсан боловч долоодугаар сар гэхэд тус байгууллага мөнгөгүй болох төлөвтэй байна. Ийм байдалд хүргэсэн шалтгаануудын нэг бол “зарцуулагдаагүй үлдсэн” хэдэн зуун сая долларыг улс орнуудад буцаан олгох үүргийг НҮБ хүлээсэн явдал юм. Хүнд суртлын утга учиргүй ийм дүрэм журмыг нэрт зохиолч Франц Кафка дүрслэн бичсэнээс үүдэн “Кафкагийн мөчлөг” гэдэг нэршил үүсжээ.
Эх сурвалж: DW



