БНХАУ-ын Далиан хотод энэ сарын 24-нд спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Оюуны спортын менежмент байгууллага, Монголын спорт өрөлтийн холбоотой хамтран жил бүр энэхүү тэмцээнд шигшээ багаа бүрдүүлэн оролцдог билээ. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд 30 гаруй орон оролцох бөгөөд манай улсаас 6-60 насны 64 тамирчнаа илгээх гэж байна. Тэд 12 насны ангилалд ганцаарчилсан, хос болон багийн төрөлд өрсөлдөх юм.
Спорт өрөлт нь бүх насныхан хичээллэж болохоос гадна хоёр гарын ажиллагаа хэвийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч хичээллэх боломжтой спорт бөгөөд эдгээр тамирчдад зориулсан тусгай тэмцээн зохион байгуулагддаг. Шигшээ баг анх удаа тусгай тэмцээнд оролцох тамирчныг бэлтгэн оролцуулах гэж байна.
Ташрамд дурдахад, Монголын спорт өрөлтийн тамирчид Хятад, Сингапур, Солонгос, Малайз улсад зохион байгуулсан тэмцээнээс ганцаарчилсан болон хосын, багийн төрөлд 90 медаль хүртсэн байна.




