Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны 08:00–20:00 цагийн хооронд ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж болзошгүй байна. Харин бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5–10 метр, харин Алтайн салбар уулсаар 14–16 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Агаарын температур дараах байдалтай байна:
-
Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор: +16–+21 градус
-
Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал: +28–+33 градус
-
Бусад нутгаар: +22–+27 градус
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, ойрын хоёр хоногт ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх учраас болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулжээ.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар