x

Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил хуулийн дагуу явах ёстой

"Ч.Өнөрбаяр: Хуулийг албан тушаалтан, дарга нараар мөрдүүлнэ"

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар гэхээр хүмүүс янз бүрээр тайлбарлаж, ойлгоод байх шиг байдаг. Тэгвэл танай газрын гол чиглэл, үүрэг, хяналт тавих хүрээ нь юу вэ ?

-Засгийн газрын гаргасан бодлого, шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх үүрэгтэй харьяа байгууллагууд гэж бий. Нөгөө талаасаа Ерөнхий сайд гэдэг маань Үндсэн хуулийн дагуу хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг. Тэгэхээр Ерөнхий сайдын өмнөөс хуулийн биелэлтийг шалгадаг төрийн байгууллага хэрэгтэй байгаа биз. Энэ чиг үүргийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хэрэгжүүлдэг гэж ойлгож болно. Түүнээс биш хамаагүй иргэд, аж ахуйн нэгжийг очиж хянаад байхгүй.Харин засгийн газрын харьяа байгууллагад юуг ойлгох тухай Засгийн газрын хяналтын тухай хуульд маш тодорхой заачихсан байдаг. Бүх яам, харьяа агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний албан тушаалтан орно. Нэмээд Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд багтана. Энэ хүрээнд л манай хяналт хэрэгждэг. Хууль хяналтын биелэлт, сахилга хариуцлага ямар байна гэдгийг хянадаг, шалгадаг.

-Хэрхэн шалгадаг вэ?

-Иргэдийн өргөдөл  гомдлоор шалгадаг. Мөн төлөвлөгөөт шалгалт гэж байдаг. Гэвч үүнийг хэн нэгэн дарга үзэмжээрээ шийдэхгүй. Тодорхой эрсдэлтэй газруудын судалгааг Тандан судалгааны газраас гаргадаг. Ингээд хяналт шалгалтын баг руу өгөөд төлөвлөгөөт шалгалт гардаг. Мэдээж хэрэг сайд, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шалгадаг.Ер нь хуулийн засаг гэж юуг хэлдэг гэхээр албан тушаалтнууд хуульд захирагддаг байхыг л хэлж байгаа юм. Харин албан тушаалтнууд хуулийг мөрдөж, хэрэгжүүлж байгаа эсэхийг хянаж, шалгадаг чиг үүрэг нь л манайд байдаг гэж ойлгож болно. Мөн чиг үүргийн давхардлын судалгаа хийгээд давхардлыг нь арилгадаг. Процессын дахин инженерчлэл гэж яриад байгаа юм. Одоо бид Байгаль орчин, амьсгалын өөрчлөлтийн яам дээр тандан судалгаа хийгээд явж байна. Үүний дараагаар маш олон чиг үүргийн давхардлыг арилгана. Хүний нөөцийн болоод бодлогыг нь зөв болгоно.

-Процессын дахин  инженерчлэл гэж юуг хэлж байна вэ?

-Нэг үгээр бол төрийг шинэ маягаар урлана гэсэн үг. Манай улсад байдаг нэг зовлон байна. Тэр нь 60 жилийн өмнө байгуулагдсан бол тэр чигээрээ л байгаад байдаг. Ямар ч дарга, сайд солигдоод ийм л байх ёстой гэж үздэг. Шинэ хүн орж ирээд ч уусаад тийм болчихдог. Үүнийг л болиулах гэж тандан судалгаа хийгээд байгаа юм. Гэхдээ энэ бол шалгалт биш. Тухайн байгууллагатай нь хамтарч явуулаад алдааг нь засдаг. Хуучин байдлыг нь шинэ зүйлд нийцүүлдэг. Чиг үүргийн давхардлыг нь арилгадаг юм.

-Та өмнө нь төрийн байгууллагууд чиг үүргийн давхардал, тайлан судалгааг өгөхдөө хойрго байна гэж байсан. Одоо ямар болсон бэ?

-Одоо гайгүй болсон. Төрийн байгууллагууд маань ойлгосон. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор зарим удирдлагууд солигдсон. Шинэ хүмүүс мэдэхгүй зүйлүүд бас байсан.

-Саяхан хоёр ч аймагт шалгалт хийсэн гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Баянхонгор аймагт УИХ-ын гишүүдийн гомдол, Дархан-Уул аймагт иргэдийн өргөдөл, гомдлоор шалгалт хийсэн. Дархан-Уул аймаг дээр тендер, худалдан авалттай холбоотой хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн. Ялангуяа 2022- 2024 онуудад нийт 38 төсөл арга хэмжээний нийт 63.8 тэрбум төгрөгийг шууд гэрээлж, хууль зөрчсөн зүйлүүд байсан. Нээлттэй тендер зарлаад явах байсан ажлыг шууд гэрээлээд явчихсан гэсэн үг. Дээрээс нь Үнэлгээний хороо биш, худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэггүй Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс нь энэ ажлыг зохион байгуулсан байна. Энэ зөрчлүүдийг арилгуулахын тулд албан шаардлага хүргүүлнэ. Буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ гэсэн байдалтай байж байна.

-Баянхонгор аймагт ямар зөрчил гарав?

-УИХ-ын гишүүүдээс өргөдөл ирсэн. Хэд хэдэн хууль бус томилгооны асуудал байсан. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны газар, Худалдан авах ажиллагааны газрын дарга нарын томилгоог хууль зөрчиж хийсэн. Мөн эмнэлгийн дарга, зарим сургуулийн захирлуудын томилгоог ч хууль зөрчин хийсэн байсан. Урьд нь манай газраас явуулсан “Шүүр” ажиллагааны хүрээнд халагдсан хүнийг буцаан  томилсон тохиолдол ч  гарсан. Эдгээр зөрчлүүдийг ч арилгуулахаар ажиллаж  байна. Бусад аймгуудад ч иймэрхүү шалгалтыг хийнэ. Ер нь 2025 онд сахилгахариуцлагыг дээшлүүлэх асуудал дээр онцгой  анхаарал хандуулна.

-Төрийн албан хаагчид, дарга нар иймэрхүү алдаа дутагдлыг мэдсээр байж гаргаад байна уу. Эсвэл үнэхээр мэдлэггүйгээсээ болоод алдаад байна уу?

-Манайх чинь төрийн жирийн албан хаагчдыг шалгадаггүй. Дандаа дарга нарыг нь л шалгаж байгаа юм. Шалтгаан нь олон байдаг байх. Мэдэхгүй ч байдаг л байх. Мэдсээр байж санаатайгаар хууль зөрчдөг нь ч бий болов уу. Гэхдээ мэдэхгүй нэг нь мэддэг хүнээсээ зөвлөгөө авах ёстой. Асуух боломжууд, хүмүүс зөндөө бий. Харин эдгээрийг ашиглахгүй байгаа болохоор санаатай байж магадгүй л гэж харж байгаа. Ямар ч тохиолдолд төрийн ажил хуулийн дагуу явах ёстой. Ер нь хуулиа “өшиглөдөг” төр байж болохгүй. Ийм л байх юм бол шударга ёс тогтоно гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор Э.Одбаяр сайдын зүгээс энэ онд төрийн дунд шатны болон Засгийн газрын албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, хуулийг биелүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах чиглэл өгсөн.

-Төрийн өмчит компаниудад шалгалт хийх үү?

-Хийнэ, төрийн өмчит компаниуд дээр зарчим тогтооно. Иргэдтэйгээ уралдаад бизнес хийгээд байдаг төрийн компаниуд байж таарахгүй. Эсвэл ашиггүй ажиллачихаад баахан хүмүүст цалин өгөөд суугаад байж болохгүй.Энэ тал дээр Н.Учрал сайдын хийсэн мэдэгдлийг би дэмжиж байгаа. Төрийн өмчит компаниуд бүтээмжтэй байх ёстой гэж байгаа нь зөв. Үүн дээр бид өөрсдийн чиг үүргийн хэмжээнд оролцоно. Мэдээж бид хуулийн зөв, бурууг шүүхгүй. Хуульд алдаа байгаа бол сонгосон гишүүдээрээ дамжуулаад засна, өөрчлөлт оруулна. Харин нэгэнт байгаа хуулийг албан тушаалтан, дарга нараар мөрдүүлнэ. Дарга нар нь хуулиа мэдэхгүй, эсвэл биелүүлдэггүй байж болохгүй. Энэ чинь эргээд иргэдийг бухимдуулаад, төрд итгэх итгэлийг унагаад байгаа юм. Бид иргэдийн өргөдөл, гомдол дээр  судалгаа хийхэд 2023-2024 онуудад шийдвэрлэлт нь 90 гаруй хувьтай гарсан. Хэрэв үнэхээр ийм хувьтайгаар төр шийддэг болчихсон юм бол тэр хэрээрээ иргэдийн төрд итгэх итгэл өндөр байна биз дээ.

-Тэгвэл яагаад шийдвэрлэлт нь ийм өндөр гараад байгаа юм бэ?

-Иргэдийн гаргасан  өргөдөл, гомдлыг зарчмын дагуу шийдэхгүй байгаатай л холбоотой. Өөр байгууллага,албан тушаалтан руу шилжүүлснийгээ шийдвэрлэсэн гээд бүртгэчихдэг. Гэтэл асуудал нь үнэндээ шийдэгдээгүй байх жишээтэй. Гэхдээ Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гэхээр бүгдийг шүрч аваад шалгаад байдаг гэж ойлгож болохгүй. Эхлээд тухайн шатны албан тушаалтнууд алдаагаа засах үүрэгтэй. Хэрэв үнэхээр хууль ямар хамаатай юм. Би ардаа улс төрийн том хамгаалалттай гэдэг байдлаар асуудалд хандах гэж байвал бид ийм байдал руу оруулахгүй.

Тийм ч учраас Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр Хяналт хэрэгжүүлэх газар Ерөнхий сайд, сайд нарыг бодит мэдээллээр ханга. Хууль зөрчдөг,Засгийн газрын шийдвэрийг биелүүлдэггүй, иргэдэд хүндрэл учруулаад байгаа хүмүүстэй хариуцлагын асуудлыг ярих ёстой гэсэн зарчмыг ярьсан. Үүнийг би зөв гэж харж байгаа. Ер нь энэ албан тушаал дээр байгаа үедээ би ямар нэгэн хэмжээгээр нам, улстөржихгүй, төрийн  ажлыг яг л номынх нь дагуу хийнэ. Хууль зөрчсөн л бол хэн ч байсан хариуцлагын асуудлыг нь яриулна. Бүгдээс нь адил тэгш хэмжээгээр хууль биелүүлэхийг шаардаж ажиллана гэсэн  байр суурьтай байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 5 цаг 19 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 5 цаг 25 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 5 цаг 31 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 33 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 5 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 5 цаг 37 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 7 цаг 55 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 7 цаг 56 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 7 цаг 57 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 8 цаг 0 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 8 цаг 1 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 8 цаг 3 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 9 цаг 45 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 10 цаг 35 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 10 цаг 38 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 10 цаг 39 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 10 цаг 40 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 10 цаг 44 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 10 цаг 45 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 10 цаг 46 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top