БНСУ-ын Засгийн газраас визийн хугацаа нь Дөрөвдүгээр сарын 13-нд дуусаж буй гадаадын ажилчдыг тус улсад байх хугацааг 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэ тухай Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээлсэн байна.
Энэхүү арга хэмжээ нь гадаадын 130 мянган иргэнд хамаатай байх аж.
Тодруулбал, өмнө нь визээ сунгуулаагүй ажилчдад дахин нэг жил оршин суухыг зөвшөөрөх бөгөөд Өмнөд Солонгост байх үлдсэн хугацааг дээр нэмж 50 хоног сунгах юм байна.
Визийн хугацаа автоматаар сунгагдах бөгөөд хүсэлт өгөх шаардлагагүй.
Жижиг, дунд бизнес, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдолтой холбоотой асуудал улам гүнзгийрсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасныг мэдэгдэлд дурьджээ.
Эрх баригчдынх нь мэдээллээр, Өмнөд Солонгост коронавирусийн цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гадаадын ажилчдын тоо 60 мянга орчмоор буурсан байна.
Тус улсын Засгийн газар энэ онд 59 мянган гадаад ажилчин авахаар төлөвлөж байгаагаа нэгдүгээр сард мэдэгдсэн юм.