УОК-оос нийслэлд тогтоосон хөл хориог 2021 оны Хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх бөгөөд мөн коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам батлаад байна.
Түр журмын хүрээнд энэ сарын 23-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн шар түвшинд шилжих юм.
Жишээ нь, урлагийн тоглолт зохион байгуулахад тухайн заалны хүчин чадлын 30-50 хүртэлх хувийг дүүргэнэ. Энэ нь 3,000 хүн хүлээн авах хүчин чадалтай заал бол 1,500-гаас дээш хэтрэхгүй хүнтэй байна гэсэн үг юм.
Энэ талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Амралтын газруудын үйл ажиллагааг нээнэ. Харин аялал зугаалгад албан байгууллагаараа явахыг хязгаарласан. Зөвхөн гэр бүлийн хүрээнд цөөн тооны хүн амарч болно гэж заасан байгаа.
Бид өндөржүүлсэн бэлэн байдлын шар зэрэглэл рүү шилжиж байгаа. Журамд зааснаар 5-10 хүнтэй сургалтын төв НХХЯ-нд харьяалагдаад, үйл ажиллагаа нь ЕБС-аас үл хамаараад хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаа нь нээгдэнэ. Хэлний болон мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа нээгдэнэ гэсэн үг.
Харин хүүхдийн тоглоомын төвийг нээхээр халдвар авах эрсдэл өндөр, хүүхэд хуулийн дагуу хариуцлага хүлээх чадваргүй тул хязгаарлаж байгаа юм. Гоо сайхан, үсчин, бассейн, фитнес, караоке үйл ажиллагаагаа нээнэ" гэлээ.